Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.03.28-04.01)

  2022-04-04 12:19  346


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв. Ийнхүү Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр боллоо. 2022.03.28 http://parliament.mn/n/iy3on

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. 2022.03.28 http://parliament.mn/n/ie3on

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо. 2022.03.28 http://parliament.mn/n/ic3on

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох талуудын албан тушаалтнуудтай уулзлаа. 2022.03.28 http://parliament.mn/n/io3on

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Дараа нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтов. Дараа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлах асуудлыг хэлэлцлээ. 2022.03.28 http://parliament.mn/n/iw3on 

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав. 2022.03.29 http://parliament.mn/n/ia3on

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж,  Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.03.29 http://parliament.mn/n/ih3on

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамтай хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өргөн барьсан. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк, Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль зэрэг бусад асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага гарсан тул хойшлууллаа.  2022.03.30 http://parliament.mn/n/3y3on 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Дараа нь Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг Ц.Мөнх-Оргил гишүүний танилцуулснаар сонслоо. Эцэст нь Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцын талаар хэрэгжилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тайланг танилцууллаа. Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэн холбогдох Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2022.03.30 http://parliament.mn/n/zc3on

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан  хуралдаанд танилцуулахаар боллоо. 2022.03.30 http://parliament.mn/n/za3on

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн танилцуулгыг сонсов. Ингээд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 2022.03.30 http://parliament.mn/n/ay3on

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Байнгын хороо ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо. Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Мөн хуралдаанаар Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай саналыг зөвшилцөн дэмжлээ. Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов. 2022.03.30 http://parliament.mn/n/ar3on

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монголбанкнаас 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. Дараа нь Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 2022.03.30 http://parliament.mn/n/zh3on

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Д.Батлут, Н.Наранбаатар, Г.Дамдинням нар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2022.03.30 http://parliament.mn/n/ae3on 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо. Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэнтэй холбогдуулан, мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол хийх тул Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав. 2022.03.30 http://parliament.mn/n/aa3on

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо. 2022.03.30 http://parliament.mn/n/ah3on

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Монголбанкнаас 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. 2022.03.31 http://parliament.mn/n/3e3on 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа. 2022.03.31 http://parliament.mn/n/3c3on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв.  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж, чуулганы хуралдаан өндөрлөв. 2022.03.31 http://parliament.mn/n/3o3on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы  хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонслоо. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэлтэй холбогдуулан дүгнэлт танилцуулсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл болон Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Г.Ёндон сайд болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт мэдээлэл авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 2022.04.01 http://parliament.mn/n/4w3on


  2022-04-04 11:02  346