Цэс

Холбоо барих

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол болов

    Монгол Улсын Их Хурлаас өнөөдөр (2022.03.29) Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав.  


    Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д "энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сонсгол болон Улсын Их Хурлаас зохион байгуулах ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, нэр дэвшигчийн, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцох бөгөөд уг шаардлагыг хангаагүй зохион байгуулсан сонсголыг хүчингүйд тооцно" гэж заасан байдаг. Сонсголд оролцох Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэн тул дээрх хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсголыг эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонсголыг удирдав.

    Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Улсын Их Хурал хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавартай танилцах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан дээр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлаас анхаарах, шаардлагатай бол хяналт шалгалт хийх ёстой талаар хөндөж ярьсан.


    Гишүүдийн эл саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэмжиж 2022 оны 20 дугаар захирамжаараа Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар ажилласан.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нарын гишүүдээс ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн, ерөнхий хяналтын сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ дээрх мэдээллийг нийт оролцогчдод өгөөд, сонсголын дэг болон хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.


    Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ч.Хүрэлбаатар нар ерөнхий хяналтын сонсгол, түүний дэг, оролцогчидтой холбоотой үг хэлж, зарим санал гаргасан. 

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан, мэдээлэл сонслоо

    Ийнхүү ерөнхий хяналтын сонсгол эхэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайлан, мэдээллийг танилцуулав. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд  хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол  Улсын  Засгийн  газар,  Монголбанк  болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд хяналт,  шалгалтын ажлыг гүйцэтгэсэн болохыг тэрбээр дурдав. 

    Тайлан, мэдээллийнхээ эхэнд Б.Баттөмөр гишүүн ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээ, 2022 оны гуравдугаар сарын 1-11-ний өдрийн хооронд хийсэн газар дээрх хяналт шалгалтын талаар болон Хөгжлийн банкны талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан.

    Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банк байгуулан, банкны дүрмийг анх баталсан юм. Улсын Их Хурлаас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуульд нийцүүлэн Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор банкны дүрмийг шинэчлэн баталжээ.


    Ийнхүү 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.2 их наяд төгрөг байгаа бөгөөд Засгийн газар 100 хувь эзэмшиж байна. “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байсныг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 122 дугаар тогтоолоор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байхаар тогтоосон байна. 

    Хөгжлийн банк нь 2022 оны хоёрдугаар сарын байдлаар ТУЗ, гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, 5 газар, 15 хэлтэс бүхий нийт 117 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл нь ердийн 5, хараат бус 4 гишүүн, тэдгээрийн дундаас сонгогдсон даргын бүрэлдэхүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Засгийн газраас нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 8 удаа солигдсон байна. Төлөөлөн удирдах зөвлөлийг тогтвортой байлгах зорилгоор гишүүдийн 50-иас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг 2017 оны шинэчилсэн хуулиар хориглосон байна.

    Хөгжлийн банканд 2015-2021 оны хооронд төрөөс бие даасан 6, хамтарсан 4 гээд нийт 10 удаагийн хяналт шалгалт хийсэн ч эдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрд нь хэрэгжүүлээгүйгээс үүдэн өнөөдрийн олон асуудал хуримтлагдсан хэмээн үзэж буйгаа Б.Баттөмөр гишүүн хэллээ. Өмнөх хяналт шалгалтуудаас гарсан нийтлэг зөвлөмжүүдийг танилцуулав.

    Үргэлжлүүлэн тэрбээр хөрөнгийн үнэлгээчдийн зүгээс магадласан барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар мэдээлэл өгсөн юм. Нийт 59 зээлдэгчийн 754 нэр төрлийн 3,4 их наяд төгрөгийн зээл олгох үеийн үнэлгээ бүхий 3,089 ширхэг, барьцаа хөрөнгө магадлагаанд хамрагдсан байна. Хөгжлийн банкны зээл олгох үед 3.4 их наяд төгрөг байсныг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 2.09 их наяд төгрөг болгон бууруулжээ. 2022 онд барьцаа хөрөнгийн эрсдэл тооцон бууруулсан дүн нь 2.34 их наяд төгрөг болсон байна. Үүн дээр одоогоор нэр бүхий 36 компанид олгосон 1.069 тэрбум төгрөгийн зээл нь магадласан үнэлгээгээр 667 тэрбум төгрөг, эрсдэл тооцсон үнэлгээгээр 399 тэрбум төгрөгийг ирээдүйд бий болох бүртгэлтэй барьцаа хөрөнгө хэмээн үнэлсэн гэв. 

    Тус банк нь 101 төслийг 3.2 их наяд төгрөгөөр шууд санхүүжүүлсэн бол 2540 төсөлд 1.6 их наяд төгрөгийг дамжуулан зээлдүүлсэн, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 391 төсөлд 2.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үргэлжлүүлэн тэрбээр зээлд тавигдах шаардлага хангаагүй зээлийн жагсаалт, зээлийн үлдэгдэл ба зээлийн чанарын үзүүлэлтийг зээл олгосон хугацаагаар нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. 2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1,4 их наяд төгрөг нь чанаргүй зээл, 180 тэрбум төгрөг нь чанартай зээл нь байсан аж. Тодруулбал, Б.Батжаргал, Б.Батбаяр, Ким Жан Жин нарыг захирлаар ажиллаж байх үед Хөтөл, ТОСК зэрэгт аж ахуйн нэгжид зээл олгосон бол Б.Шинэбаатар, Ж.Мөнхбат нарыг удирдлагаар ажиллаж байх үед буюу 2016 онд Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК Цемент, Монполимет зэрэг аж ахуйн нэгжүүдэд, мөн Б.Даажамба, М.Баярмагнай, Б.Батбаяр нарыг удирдлагаар ажиллаж байх үед НВЦ, Монгол драй милк зэрэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон байдаг байна. Харин 2017-2021 онд 1.6 их наяд төгрөгийн 56 зээл олгосноос 544,0 тэрбум нь төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд байгаа гэлээ. Г.Амартүвшин тус банкыг удирдаж байх үед 6 зээл, Н.Мөнхсүхийг удирдаж байх үед 2 зээл олгосон бол одоогийн удирдлагын багийн үед зээл олгох шийдвэр огт гараагүй гэдгийг мэдээлсэн. Мэдээллийн үеэр зээлийнх нь хугацаа хэтэрсэн аж ахуйн нэгжүүдийг жил тутмаар нь дэлгэрэнгүй танилцуулсан. 11 зээлдэгчийн 842.8 тэрбум төгрөгийн зээл 1 хүртэл жилээр хугацаа нь хэтэрсэн байгаа бол 12 зээлдэгчийн 387.8 тэрбум төгрөгийн зээл 1-2 жилээр, 16 зээлдэгчийн 386.1 тэрбум төгрөгийн зээл 2-3 жилээр, 20 зээлдэгчийн 1.09 их наяд төгрөгийн зээл 3-аас дээш жилээр хугацаа хэтэрсэн байгаа бол 12 зээлдэгчийн 486.1 тэрбум төгрөгийн дүн бүхий зээл хэвийн горимоор төлөгдөөд явж байгаа юм байна.

    Үргэлжлүүлэн Б.Баттөмөр гишүүн зээл олголт, түүний бүтэц, зээлийн багц, зориулалтын талаар мэдээлэл өгөв. Хөгжлийн банкны олгосон зээлийн үлдэгдэл болох 3.2 их наяд төгрөгийн авлагыг салбараар ангилж авч үзвэл дийлэнх буюу 43 хувийг боловсруулах салбарт, барилгын салбарт 26 хувийг, уул уурхай, олборлох салбарт 12 хувь, цахилгаан хий, уур, агааржуулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд 11 хувийг тус тус олгожээ.


    Нийт зээлийн 41 хувь буюу 1.3 их наяд төгрөгтэй тэнцэх зээлийг ам.доллароор, 1.1 их наядыг төгрөгөөр, 12 хувь буюу 374 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг еврогоор, харин 5 хувь буюу 141 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг иенээр, нийт зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг юаниар олгосон байна. Зээлийн үлдэгдэл нь 61 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөг байгаа бөгөөд үүнээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилалд, 4 зээлдэгчийн 204.5 тэрбум төгрөгийн зээл нь анхаарал хандуулах шаардлагатай ангилалд байгаа бол 17 зээлдэгчийн 1.1 их наяд төгрөгийн зээл хэвийн байгаа гэлээ. Нийт зээлдэгчийн 43 хувь нь буюу 28 зээлдэгч зээлээ зориулалтын дагуу ашигласан бол 19 зээлдэгчийн зээлийн зориулалт бүрэн бус, харин 18 зээлдэгчийн зээлийн зориулалт нотлогдоогүй байна.

    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр үргэлжлүүлэн Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон ханшийн өөрчлөлтөөс үүдсэн зээлийн чанарын талаар мэдээлэл, танилцуулга хийв.

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 20 дугаар захирамжаар дээрх ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах хандлага нэмэгдэж, зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлж байгаа гэв. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 126.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.  

    Ажлын хэсгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт урьд хийгдсэн хяналт, шалгалтын ажлын үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиглэл өгсний үр дүнд яаралтай арга хэмжээ авч, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг мэргэжлийн багаар сольсон нь тус банкны үйл ажиллагаа цаашид сайжрах, доголдолгүй явагдах хүлээлтийг бий болгоод байгаа гэв.

    Ажлын хэсэг бүрэлдэхүүнээ өргөжүүлж, мэргэжлийн байгууллагууд, хөндлөнгийн шинжээчдээр барьцаа хөрөнгийн магадлагаа, зээлийн зориулалтыг газар дээр нь шалгуулж барьцаа хөрөнгийн нийт үнэлгээ, барьцаа хөрөнгө, зээлийн харьцаа, зээлийг зориулалтын болон зориулалтын бусаар ашиглаж байгаа эсэхийг тодорхойлсон байна. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд дотоод хяналт, мониторингийн үйл ажиллагаа сайжирч, тус банкнаас зээлдэгчидтэй харилцах харилцаагаа идэвхүүлж, зээлийн эргэн төлөлтийг хангуулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулжээ.

    Тус банкны үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой үндсэн 5 чиглэлийн анхаарах асуудал, санал, зөвлөмжийг судалгаа, хяналт, шалгалтын үйл ажиллагаанд үндэслэн боловсруулж гаргасан байна. Түүнчлэн ажлын хэсгээс иргэд, олон нийтийн сонсох эрхийг хангах зорилгоор Улсын Их Хурлын Байнгын хороо, мэргэжлийн байгууллагууд, зээлдэгчдийн төлөөлөл, иргэд, олон нийтийг хамруулан ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Б.Баттөмөр гишүүний ахалсан тус ажлын хэсгээс зээлдэгчдийн судалгаанд мэргэжлийн дүн шинжилгээ хийж,  цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зориулалтын бусаар ашигласан зээлүүдийг хууль, хяналтын байгууллагуудад өгөх саналыг гаргажээ.

    Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллаатай холбоотой хууль, журам, дүрэм, зааварыг сайжруулах, засаглал, бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, Улсын Их Хурал болон Засгийн газраас тавих хяналтыг чанаржуулах, хяналт шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг тогтмолжуулах арга хэмжээг эрчимтэй авах шаардлагатай гэж үзсэн байна. 

Засгийн газар, Төрийн аудитын байгууллага тайлан мэдээлэл танилцуулав

    Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр тайлан, мэдээлэл танилцуулсны дараа Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банканд хийсэн хяналт шалгалтын талаарх тайлан мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 


    Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш хоёр удаа буюу 2016, 2019 онд иж бүрэн  хяналт, шалгалтыг Засгийн газраас хийсэн байна. 2016 онд хийсэн иж бүрэн шалгалтаар 16 дүгнэлт, 90 зөвлөмж гаргаж байсан ба шалгалтын дараа Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан ба энэ хүрээнд Төв банк Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэг болсон байна.  2019 оны хяналт, шалгалтаар 62 зөрчил илрүүлж, 37 зөвлөмж, 3 дүгнэлт гаргасан болохыг Сангийн сайд танилцуулав. Энэ удаагийн шалгалтаар нэлээдгүй тооны чанаргүй зээлийн асуудлыг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ дагуух хяналт, шалгалт идэвхтэй үргэлжилж байгаа гэлээ.

    Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын Аудитын III газрын захирал Д.Энхболд “Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудит”-ын талаар танилцуулга хийв. 

    Үндэсний аудитын газраас 2014, 2015, 2019 онуудад Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэлийн аудит хийж байжээ. 2019 оны аудитаар тус банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн олголтод шалгалт хийсэн бөгөөд энэ үед “Мон Лаа”, Эгийн голын усан цахилгаан станц, Хөгжлийн банкны олон нийтэд мэдээлэл түгээхтэй холбоотой асуудлуудаарх баримт бичгүүд хууль хяналтын байгууллагад шилжүүлэгдсэн байсан тул эдгээрийг гүйцэтгэлийн аудитын үед хязгаарлаж, бусад үйл ажиллагааг 4 зорилтын хүрээнд гүйцэтгэлийн аудитад хамруулсан гэв. 


    Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго, зорилт, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үр нөлөөтэй явагдаж байгаа эсэх нэгдүгээр зорилтын хүрээнд эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц, зохион байгуулалт нь үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй гэдэг ерөнхий дүгнэлт гаргасан байна.

    Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай, эрсдэлгүй удирдаж байгаа эсэх хоёрдугаар зорилтын хүрээнд тооцоо, судалгаагүйгээр эх үүсвэр татаж,  мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс их хэмжээний алдагдал хүлээсэн байна гэдэг ерөнхий дүгнэлт гаргасан болохыг Д.Энхболд захирал хэлээд, дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан. Зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй, хууль, холбогдох журмын дагуу явагддах эсэх гуравдугаар зорилтын хүрээнд долоон асуудлыг илрүүлж, гаргаж тавьсан гэв. Төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж байгаа дүрэм, журмын зохицуулалт хангалтгүй, зарим зээл зорилго, зорилтод нийцээгүй, УИХ-аас батлаагүй хөтөлбөрүүдэд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон гэх дүгнэлт гарсан болохыг дуулгав. Энэ талаарх дүгнэлт цахимд нээлттэй байршиж байгаа учраас сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэдгийг энэ ташрамд тэрбээр мэдээлсэн.


    Банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж буй эсэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд дотоод хяналтын тогтолцоо 2017 оныг хүртэл бүрэн бүрдээгүй байсан бөгөөд Монголбанкнаас тогтоосон хязгаарлалт, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд тухайн үед хангагдаж байжээ. Энэ дагуу “Банкны үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг оновчтой, иж бүрэн, зохистой түвшинд тогтоон мөрдүүлж, хяналт тавьж ажиллах” гэдэг зөвлөмжийг өгч байжээ. Түүнчлэн гүйцэтгэлийн аудитын зөвлөмжүүдэд үндэслэн 28 зээлдэгчтэй холбоотой албан шаардлага хүргүүлж ажилласан болохоо танилцуулсан юм. Энэ дагуу 6 зээлдэгч албан шаардлагын дагуу арга хэмжээ авсан, бусад нь зөрчил арилгах ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй болохыг мэдээлэлд дурдав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар мэдээллийг сонсов

    Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн байдал, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар тайлан, танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв. Эхлээд тэрбээр сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан үг дүнгийн талаар мэдээлэл өглөө. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 33 зээлдэгч 136.2 тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

    Үргэлжлүүлэн тэрбээр Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тус банкны пассивын өндөр өсөлт нь 2013-2015 онд байсан бөгөөд Чингис бондыг улсын төсөв рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор пассив нэлээдгүй буурч 4 их наяд төгрөгт хүрсэн, 2017 онд Евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлттэй холбоотойгоор пассив 2.7 их наяд төгрөгт болж буурсан гэдгийг мэдээлсэн. Үүнээс хойш тогтмол 3 их наяд төгрөгт байгаа аж. Засгийн газрын баталгаат эх үүсвэр өмнө нь 90 орчим хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 24 хувийг эзэлж байгаа нь Самурай бондын эх үүсвэр гэлээ. 


    Зээлийн багцын хувьд, өндөр өсөлт нь 2015 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хүртэл зээлийн чанарыг Хөгжлийн банк дотоод дүрэм, журмынхаа хүрээнд тодорхойлж ирсэн гэв. Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, үүнээс хойш Монголбанкнаас баталсан дүрэм журмын дагуу зээлийн чанарыг тодорхойлох болсон гэлээ. 2018 онд Монголбанкнаас чанаргүй зээл 417 тэрбум төгрөгт хүрсэн гэх акт тавьсан ч Хөгжлийн банкнаас тохируулга хийгээгүй бөгөөд 2020 онд чанаргүй зээлийн хэмжээн 884 тэрбум төгрөгт хүрсэн гэх тайлан, тооцоог гарч байсныг тэрбээр дурдав. Хөгжлийн банкны нийт зээлийн хэмжээ 3.2 их наяд төгрөг бөгөөд 2021 оны Монголбанкны шалгалтаар 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл буюу нийт зээлийн 57 хувьд хүрсэн гэлээ. Анхаарал хандуулах шаардлагатай зээлийн ангилалд 200 тэрбум төгрөг байгаа бөгөөд Монголбанкнаас 784 тэрбум төгрөгийн эрсдлийн санг нэмж байгуулах үүрэг өгөөд байгаа гэлээ. Энэ тохиолдолд өөрийн хөрөнгө буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд байгаа гэх мэдээллийг Н.Мандуул захирал өглөө.

    Үргэлжлүүлэн тэрбээр зээлийн багцын чанарын үзүүлэлтийг он дарааллаар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш 9 ТУЗ, 9 гүйцэтгэх захиралтай ажилласан байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг удирдлагын баг, бүрэлдэхүүний бүтэцтэй цаг хугацааны хувьд ангилан мэдээллийг мөн танилцуулж байлаа. Цаашид Н.Мандуул захирал тус банкны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ, менежментийн санал танилцуулав.


    Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр Хөгжлийн банкны цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энэ онд багтаан нийт 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлага бий гэдэг мэдээллийг өглөө. Тодруулбал, үүний 1/3 нь буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай багц байгаа бол 496.5 тэрбум төгрөг нь “Хөтөл”, “Кью Эс Си” ХХК-д олгосон зээл, үлдсэн 986 тэрбум төгрөг нь бусад аж ахуйн нэгжид олгосон бизнесийн зээл байгаа гэлээ. Эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар мэдээллийн төгсгөлд тэрбээр дурдаж, бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиас бага болох боломж бий гэв.


    Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголд үндсэн таван мэдээлэл танилцуулахаар төлөвлөсөн бөгөөд тав дахь мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм. Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан ч 2017 оны хуулийн өөрчлөлтөөр “банк” хэмээх статустай бол Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн тушаалаар тус банкинд төрийн өмчийн төрөлжсөн банкны гэрчилгээ олгосон. Тус банк холбогдох хуулийн 8.1-т заасан төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, төлбөр тооцоо хийх, баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалуулах, зээл авах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрхэлж байгаа аж.

    Монголбанкнаас дангаараа Хөгжлийн банканд 2018, 2021 онд тус бүр газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийсэн байна. 2018 оны шалгалтын үед Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгө нь 767.5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт нь 209 тэрбум төгрөг, нийт зээл нь 2.4 их наяд төгрөг, чанаргүй зээлийн эрсдлийн сан нь 237 тэрбум төгрөг байжээ. Бусад мөнгөн хөрөнгө нь 353 тэрбум төгрөг, үндсэн хөрөнгө нь 27 тэрбум төгрөг, банкны нийт хөрөнгө нь 3.5 их наяд төгрөг байсан. Монголбанк тухай үедээ хэсэгчилсэн шалгалт хийж, доголдолтой байсан 4 зээлийг нарийвчлан шалгасан байна. Шалгалтын дүнд эрсдлийн санг нь 80 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох акт, шийдвэрийг Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ТУЗ-д хүргүүлжээ. 2018 оны шалгалтын дүнд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Хөгжлийн банк бүрэн хангасан гэдэг дүн гарчээ. Түүнчлэн шүүхийн лавлагаагаар 267.3 сая төгрөгийн өртэй зээлдэгчид зээл олгосон, зээлийн тусгайлсан болон бүлгийн эрсдлийн сан байгуулах дотоод аргачлалыг батлаагүй, журмаар зохицуулаагүй, холбогдох хуульд заасан банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагад тавигдсан зарим шаардлагыг биелүүлж ажиллаагүй, арилжааны банкуудаар дамжуулан олгож буй зээлийн барьцаа хөрөнгөд банкуудаас батлан даагчгүй вексель авсан хэвээр, зээлийн гэрээнд зээлдэгч банк төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд векселийг мөнгөжүүлэх асуудал тодорхой бус гэх зэрэг зөрчлийг илрүүлж, акт тогтоож байжээ.

    Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч үргэлжлүүлэн 2021 оны хэсэгчилсэн шалгалтын талаар танилцууллаа. Энэ шалгалтын үед Хөгжлийн банкны нийт хөрөнгө 4 их наяд төгрөгт хүрсэн байсныг тэрбээр тэмдэглэв. Үүнээс 724 тэрбум төгрөг нь мөнгөн хөрөнгө, 217 тэрбум төгрөг нь хувьцаа буюу хөрөнгө оруулалт хийсэн дүн, нийт зээл нь 2.8 их наяд төгрөг байжээ. Гурван жилийн зайтай хийж буй шалгалтын үеэр зээлийн өсөлт ердөө 400 тэрбум төгрөг байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцлож дурдав. Хөгжлийн банк 2.8 их наяд төгрөгийнхөө зээлд 581 тэрбум төгрөгөөр эрсдлийн сан байгуулсан, бусад хөрөнгө нь 627 тэрбум төгрөг, санхүүгийн арилжаа хэлбэрээр 210 тэрбум төгрөгөөр санхүүгийн үүсмэл хэрэгсэлд хөрөнгө оруулсан, үндсэн хөрөнгө нь 25 тэрбум төгрөг байсан гэв.


    Энэ шалгалтаар 40 зээлийг тус бүрийн шалтгаанаар зээлийн ангилал бууруулж, 755 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулж, нийт эрсдлийн санг 1.337 тэрбум төгрөгт хүргэх акт тогтоогдсон байгаа. Үүнээс улбаалан тухайн банкны зохистой харьцааны шалгуур буурсан байна. Өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцааг Хөгжлийн банз 34 хувь гэж ирүүлсэн ч шалгалтын дүнд Монголбанкнаас 1.9 хувь хэмээн тооцож, үүний дүнд зохист харьцааг хангаагүй хэмээн дүгнэгдсэн байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа болон зээл, баталгаа, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийн хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй байх, нийт том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь нийт зээл, зээлтэй адилтгах актив, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнгийн 80 хувиас хэтрэхгүй байх шалгуур үзүүлэлтийг тус тус хангасан хэмээн дүгнэж байжээ.

    Банкны засаглалтай холбоотой зөвлөмжийн хүрээнд цаашид Хөгжлийн банкны зорилго зорилт, стратегид нийцсэн, үүрэг хариуцлага, хүлээх эрсдэлийн талаар тодорхой тусгасан “Банкны зохистой засаглалын бодлого” боловсруулан баталж, хяналт тавин ажиллах шаардлагатай хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тайлан, мэдээллийнхээ төгсгөлд хэллээ. Түүнчлэн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай ТУЗ-ийн гишүүдийг томилох, хувьцаа эзэмшигчид нь ТУЗ-ийн гишүүдтэй гэрээ байгуулах, ТУЗ-өөс гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэл, гэрээний үр дүнг үнэлж, дүгнэлт өгөх, гүйцэтгэх удирдлагуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, эрх мэдэл, хяналтын заагийг оновчтой тогтооход анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.


    Үндсэн мэдээллийн дараа Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу албан бичгээр мэдээлэл хийх санал, хүсэлтээ ирүүлсэн Монполимет группын "Монцемент Билдинг Материалс”, “Вестерн Холд”, “Эрэл”, “Монгол драй милк” зэрэг дөрвөн аж ахуйн нэгжийн мэдээллийг тус бүрд нь сонсов.


    “Монцемент” төсөл нь үүрэг үүсэх үеийн ханшаар нийт 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан ба өнөөдрийг хүртэл нийт 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байгаа аж. Зээлийн хүү 44.6 тэрбум төгрөг, нийт төлбөр 171.2 тэрбум төгрөг байсан ч өнөөгийн ханшийн огцом өсөлтөөс үүдэн нийт зээл 235.5 тэрбум төгрөг болж, ханшийн хохирол 70 тэрбум төгрөг болж байгааг танилцуулав. Тус төсөл 2019 он хүртэл сайн зээлдэгчийн түүхтэй явж байсан. Харин 2020, 2021 оны цар тахлын нөлөөллөөс үүдсэн олон төрлийн хүндрэл, түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт, эрчим хүчний үнийн өсөлт, төмөр замын тариф, шатахууны үнийн өсөлт гэх зэрэг нь төслийн үйл ажиллагаа, улмаар зээлийн чанарт нөлөө үзүүлж байгааг хэлж байв. 


    “Ховд эко цемент” төсөл нь нийт санхүүжилтийнхээ 40 хувийн Хөгжлийн банкны зээлээр, үлдсэн 60 хувийг аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. 2014 оноос зээлийн судалгаа эхлүүлсэн бөгөөд 2018 оны арван нэгдүгээр сард зээлийн гэрээ байгуулж, 2019 оны есдүгээр сард эхний санхүүжилтээ авсан байна. Зээлийн эргэн төлөлт “хэвийн”, төсөл сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.


    “Эрэл” групп Байшин үйлдвэрлэх комбинатын төсөлдөө Хөгжлийн банкны зээл авсан байна. Төслийн санхүүжилтийн 2/3-ыг төсөл хэрэгжүүлэгчид шийдвэрлэх шаардлагын үүднээс 9 сая ам.долларын санхүүжилтийг гадны банкуудаас татсан бөгөөд 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, тухайн үеийн ханшаар 20 сая төгрөгийн зээл авсан байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тус төсөл зээл авах үеийн ханшаар 70 тэрбум төгрөгийн, өнөөдрийн ханшаар 141.7 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд үүний 60-70 тэрбум төгрөгийн зээлийг олон улсын хөрөнгө оруулагчийг татаж шууд хаах, улмаар үлдсэн хувь дээр төр-хувийн хэвшлийн түншлэл дээр Засгийн газартай хамтран гэр хорооллыг барилгажуулах ажлыг хамтран гүйцэтгэх саналтай байгаагаа танилцуулав. Тодруулбал, Эрэл групп төслийн 45 хувийг, Засгийн газар 30 хувийг, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтын компани 25 хувийг эзэмших байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэдэг саналыг танилцуулсан юм. 


    “Монгол хуурай сүү” төсөл нь 34.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай байх тооцоололтой эхэлсэн бөгөөд 2017 онд Хөгжлийн банкнаас 14.9 сая ам.долларын зээл авч, санхүүжүүлсэн байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 7 үйлдвэр ашиглалтад орсон, 23 үйлдвэрийн тоног төхөөрөмж Улаанбаатар хотод хадгалагдаж байгаа, 30 үйлдвэрийн тоног төхөөрөмж хил гаалиар нэвтэрч чадаагүй, хилийн цаана байгаа талаар танилцуулсан. Тус төсөл 2019 оноос “муу зээлдэгч” ангилал руу шилжиж, зээлээ эргүүлэн татсан бөгөөд өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаар танилцуулсан. Үүнээс үүдэн тодорхой төрлийн хөрөнгүүдээ “хөдөлгөж” чадахгүйд хүрээд байгаагаа тайлбарлаж байв. 

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх эрх бүхий байгууллагуудын тайлан болон албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн мэдээллийг ийнхүү сонссон. Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл бүхий нийт 120 гаруй оролцогч оролцов. 


    Ерөнхий хяналтын сонсголд танилцуулсан Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын үндсэн 5 тайлан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул болон албаны бусад хүмүүсээс асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.


    Дараа нь ерөнхий хяналтын сонсголыг олон нийтэд сурвалжлан хүргэж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл асуулт асууж, албаны хүмүүс, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан. Ерөнхий хяналтын сонсголын дэгийн дагуу үргэлжлүүлэн оролцогчдын төлөөлөл 20 орчим иргэн санал хэлсэн. Тухайлбал, Хөдөлмөрийн үндэсний намын Судалгааны хүрээлэнг төлөөлөн Б.Отгонтөгс үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхтэй холбоотой саналаа хэллээ. Хөгжлийн банк нь үйл ажиллагаа нь бие даасан хуулиар зохицуулагддаг онцлогтой, Засгийн газрын эзэмшлийн цор ганц бодлогын банк. Зөвхөн банк биш, хөгжлийнхөө явцад санхүүгийн охин компаниудтай болж, групп болон өргөжсөн том байгууллага. Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголын үндсэн зорилго бол тус банкны 1.9 орчим их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх юм. Эрх бүхий зарим нэг субьектээс дээрх хэмжээний өрийг Засгийн газарт шилжүүлэн, татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг төлүүлэх, эсвэл Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүрэн зогсоох гэдэг хувилбар яригдаж байна. Дэлхийн хэмжээнд сайн, муу түүхтэй 450 орчим “Хөгжлийн” банк ажиллаж байна. Монгол Улсын Хөгжлийн банк бол ихээхэн хэмжээний бондыг Засгийн газрын баталгаатайгаар, сүүлийн жилүүдэд баталгаагүйгээр авч чадсан, олон улсын санхүүгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн санхүүгийн зах зээл дээр бонд босгож, гэрээ хэлэлцээр хийж сурж байгаа, дэлхийн санхүүгийн интеграцчлалд орсон, олон улсын санхүүгийн талбарт маш сайн түүхтэй олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч юм.

Нөхцөл байдал нэгэнт өнөөдөрт хүрсэн учраас бид цаашид хэрхэх вэ гэдэг дээр ярих нь зүйтэй. Нэн тэргүүнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, төлүүлэх дээр төвлөрч ажиллах шаардлагатай. Ирэх жилүүдийн их хэмжээний өр төлбөрүүдийг төлөх ёстой, ямар ч байсан дефолт болгож болохгүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багцыг зээлийн үнэт цаасны хэлбэрээр арилжаалах, муу зээлүүдийг худалдан авах гэх зэргээр санхүүгийн хоёрдогч зах зээлүүдийг бүрдүүлэх, үүнийг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахад ийм боломж бий гэж харж байна. Үе үеийн хяналт шалгалтын дараа илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг засаж залруулах зөвлөмжүүд хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүрсэн байна. Хөгжлийн банкны багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн багийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байгааг энд тэмдэглэж хэлье. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл, асуудлыг зөвхөн олон улсын түвшний, мэргэжлийн баг л шийдвэрлэж чадна. Хэтдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн хойно 5-8 жилийн дараа ч юмуу банкны хувь эзэмшлийг өөрчилж, 80 хувь нь Засгийн газрын, 20 хувийг нь арилжааны банкуудын эзэмшилд худалдах, бүр цаашлаад 50 хувьд хүргэх гэх зэргээр үйл ажиллагааг нь явуулбал олон улсын санхүүгийн зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулах чадавхтай, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаг сайн түүхтэй банк болгох боломж байна. Улмаар улс орны хөгжлийг түүчээлэх санхүүгийн механизм бий болгох боломж бий гэж харж байна. Өнөөдөр маш олон зээлдэгчийн хэлж байгаа “ханшийн алдагдал” гэдэг асуудлын суурь шалтгаан нь ердөө мэргэжлийн эдийн засагч, санхүүчдийг ажиллуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч бүрийг судалж, хянаж байдаг судалгааны нэгж Хөгжлийн банкны дэргэд ажиллаж байх ёстой юм гэдэг саналыг оролцогч Б.Отгонтөгс хэлсэн.  

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа мөн санал хэлсэн. Тэрбээр ерөнхий хяналтын сонсгол нь Улсын Их Хурал нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавартай танилцах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилготойг дурдав. “Бид олон талын мэдээлэл, саналыг сонслоо. Үргэлжлүүлээд Улсын Их Хурал цаашид энэ асуудлыг шийдвэрлэх Түр хороо байгуулах, улмаар холбогдох арга хэмжээ авах эцсийн шийдвэрийг гаргах нь нэн чухал. Хөгжлийн банкны удирдлагын санал болгож байгаа шиг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийн багцыг төсөв рүү шилжүүлэх тохиолдолд Сангийн сайдын хэлсэнчлэн боломжгүй, төсөвт асар их дарамт болно гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувиар хэлмээр байна” гэлээ. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан, түүнийгээ зүй зохистойгоор ашиглаж, хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах, менежмент хийх, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх зэрэг арга замаар асуудлыг шийдвэрлэх боломж бий гэдэг саналыг тэрбээр хэлэв. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн 2019 оны аудитын дүгнэлтэд “… тус банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр их хэмжээний эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн байна, худалдан авалтын үйл ажиллагаа нь хуулиас гадуур байгаа нь буруу байна, үүнийг засаж, улсад учруулсан хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагаар шалгуулж холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй…” гэдэг зөвлөмжийг аль аль шатандаа хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг дурдаад дүрмийг тодорхой болгож, оролцогчдыг чадавхжуулснаар эерэг үр дүн гарах боломж байна гээд Улсын Их Хурал энэ чиглэлд ажиллаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн.

    Сүхбаатар дүүргийн иргэн Д.Энхсайхан, Эрүүгийн хууль тэргүүтэй эрх зүйн орчноо сайжруулж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэн хорих ял эдлүүлдэг, хөрөнгийг хураахын зэрэгцээ дахин нийтийн албанд ажиллах боломжгүй болгох гэх зэрэг санкцыг чангатгах, үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэдэг байх шаардлагатай гэдэг санал хэлсэн.  

    Хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг, Хөгжлийн банктай холбоотой холбоотой асуудлуудыг хуулийн хүрээнд зохих хэлбэрээр нь шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаа хэлсэн. 1.9 орчим их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх гарцын тухайд “Зээл бүр зээлийн гэрээний хамт байх барьцааны гэрээтэй байх ёстой. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр хангуулдаг харилцаа шүү дээ. Зээлийг өгч, авахдаа хууль зөрчсөн зүйл байгаа бол тухай бүрд нь хуулийн зохих хариуцлага, ял шийтгэлээ хүлээх эрх зүйн орчин бий” гэв. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкнаас олгосон ихэнх зээл бүрийн ард аж ахуйн нэгж, олон хүний ажлын байр, амьдрал, улмаар улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл бий гэдгийг анхаарч ажиллах ёстойг хэлж байв. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл бүрд хариуцлага үүрүүлэх хууль хяналтын байгууллага, нөгөө талд нь хууль ёсны дагуух зээлүүдээ барагдуулах, зээлээ төлж чадахгүй байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нь барьцаа хөрөнгөөр нь хангуулах чиглэлд ажиллах Хөгжлийн банк ажиллах ёстой гэлээ. Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголын явцад хардах эрхийнхээ хүрээнд гээд олон тооны аж ахуйн нэгжүүдийн нэр дурдагдсан гэдгийг оролцогч Э.Ганхөлөг тэмдэглээд “Баттай бус эл мэдээлэл, шуугианаас үүдэн бизнесийн нэр хүнд унах, улмаар үйл ажиллагаанд нь нөлөөлөх эрсдэл бий гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй. Мэдээллийг баттай хувилбараар олон нийтэд түгээж байхад анхаарч, нийгэмд зөв ойлголтоо түгээхэд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд бодолцох хэрэгтэй” гэсэн. Ерөнхий хяналтын сонсголын дэгийг дагуу төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт, шалгалт хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл