Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын нэгдэн орсон 4 конвенцын хэрэгжилтийн тайлан, мэдээлэл сонсов

Таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонслоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.30) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. 

    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв.


    Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

    Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

    Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.  

    2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

    Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

    Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Д.Ганбат, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт мэдээлэл авав. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулалт, өргөн мэдүүлэх хугацааны талаар Б.Энхбаяр гишүүн тодруулсан. Тус төслийн боловсруулалтын ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар татан авсан, харин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг яам боловсруулаад, бусад яамнаас санал аваад байгаа, ойрын хугацаанд хамтад нь өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгааг Х.Нямбаатар сайд мэдээллээ. Камержуулалтын явцын талаарх гишүүний асуултад мөн тэрбээр хариулт өгсөн. ТЭЗҮ болон зураг, төсвөө боловсруулаад дууссан бөгөөд энэ чиглэлээр туршлагатай гаднын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авахаар төлөвлөөд, ажил явагдаж байгаа аж. Улс орон даяар 60 мянган ширхэг камер байрлуулж байж нэгдсэн камерын системтэй болно, одоо ажиллаж байгаа камеруудын 1/3 нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, 1/3 ашиглалтгүй, үлдсэн камеруудаар хяналт явуулж байгаа гэдгийг мэдээллээ.  Камерын хяналтын системийн дийлэнх нь ашиглалтгүй, шаардлага хангахгүй байгаа одоогийн нөхцөл байдлын шалтгаан нь ашиглалт, арчлалтын зардлыг тооцдоггүй, төсөв төлөвлөдөггүй, хариуцах эзэнгүй байдгаас үүдэлтэй. Иймд уг асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа, хэрэгжээд явбал одоо байгаа системээ бүрэн дайчлаад хяналт тавих бололцоо бүрдэнэ гэлээ. БНХАУ-аас дотоодын камерын хяналтын системийг өргөжүүлэх туслалцаа авахаар төлөвлөөд байсан ч ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өөрчилж, ирэх жилүүдийн төсвийн төслүүддээ шат дараалалтайгаар камерын хяналтын системээ өргөжүүлэх төлөвлөлт хийхээр Сангийн яамтай ярилцаж байгаа гэлээ.

    Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан, харин үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 4 конвенцын хэрэгжилтийн тайлан, мэдээллийг танилцууллаа

    Дараа нь Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг Ц.Мөнх-Оргил гишүүний танилцуулснаар сонслоо.

    Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, бүрэлдэхүүнд С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн нар ажиллаж байгаа юм. Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор "Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам" болон тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг баталсан бөгөөд уг тогтоолын II хавсралтад заасан олон талт олон улсын 30 гэрээ, тус тогтоолд заагаагүй 2 гэрээ, нийт 32 гэрээний хэрэгжилтийг 1990 оноос хойших хугацаагаар гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар сонсож, хэлэлцсэн. Энэ хуралдаанаас Байнгын хороо бүр эрхлэх асуудлынхаа хүрээнд дээрх ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсохоор шийдвэрлэсэн. Байнгын хорооноос цаашид ажлын дүнг цаашид эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой уялдуулах, гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргуулахаар төлөвлөж байгаа, Улсын Их Хурлын тогтоол боловсруулахаар төлөвлөж байгаа гэв.

    Энэ хүрээнд өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, түүний 2 дугаар протокол; Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц, протокол; Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц; Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц; Апартеидийн гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенцын хэрэгжилтийг сонсов.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 3 хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн онцлон тэмдэглээд, ийм учраас эдгээрийн хэрэгжилтийг хангах асуудалд нийтийн анхаарлыг хандуулах, улмаар бидний өмнө тулгамдаад байгаа олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг жигд хангах нь асуудал шийдвэрлэх шаардлагыг хэлэв. Монгол Улс нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан байдаг.


    Эдгээрээс хэрэгжилтийг нь хянадаг олон улсын хороо бүхий 30 гэрээ, конвенцыг сонгон ажилласан байна. Үүн дотор хүний эрхийн чиглэлээрх 18, байгаль орчны чиглэлээрх 5, гэмт хэрэгтэй тэмцэх салбарын 4, эрүүл мэндийн 3 конвенц байдаг бөгөөд Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор “Олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарь”-ийг баталж, хариуцах байгууллагуудыг тодорхойлсон байдаг байна. Энэ хуваариар Хууль зүй, дотоод хэргийн яам 5, Гадаад хэргийн яам 4, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 11, Зам тээврийн хөгжлийн яам 1, Эрүүл мэндийн яам 5, Байгаль орчны яам 4, Авлигатай тэмцэх газар 1 конвенцыг хариуцан, тайланг бэлтгэж байх үүрэгтэй. Тодруулбал, төрийн байгууллагуудаас холбогдох мэдээллийг цуглуулж, нэгтгэн НҮБ-д хүргүүлэх, хүргүүлсэн тайлангаа хамгаалах, тэр дагуу үнэлсэн үнэлгээг хүлээн авах, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг хариуцах юм. Гэвч энэ үүрэг, хариуцлагыг хүлээдэг байгууллагуудад олон дутагдал байдгийг, тэр дундаа нийтлэг байгаа дутагдлыг ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хурлуудын явцад тодорхойлсон байна.


    Үүнд, төрийн байгууллагын уялдаа холбоо, зохицуулалт, харилцан мэдээлэл солилцоо хангалтгүй, шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх практик туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг, төрийн байгууллагын хүний нөөц тогтворгүй хэмээн тодорхойлсон байна. Мөн олон улсын гэрээний хэрэгжилтийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсч болох хууль, эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүлээх үүрэг, хариуцлага, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг нарийвчилан үнэлдэггүй, гэрээний хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм байхгүй, гэрээний хороод (Хүний эрхийн хороо, Арьс үндсээр алагчлах үзлийг устгах хороо, Эрүү шүүлтийн эсрэг хороо, Хүчээр алга болгохын эсрэг хороо)-ын гомдол хүлээн авч, шийдвэрлэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй гэх зэрэг алдаа дутагдал байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Түүнчлэн тайлан боловсруулах үйл явцад ТББ-ын оролцоог хангах механизм бүрдээгүй, олон улсын гэрээний хэрэглээ хангалтгүй (үг хэллэгийг нэг томьёоллоор орчуулаагүй, холбогдох нэмэлт тайлбар /general comments/-bir орчуулж хэвшээгүй), олон улсын гэрээнд нэгдэн орохдоо дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажил хангаптгүй, тодорхойлолт, нэр томъёо зөрүүтэй байдаг зэрэг нийтлэг дутагдал байгаа хэмээн ажлын хэсэг тайлан мэдээлэлдээ дурджээ. 

    Ингээд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын талаарх тайлан, мэдээллийг танилцуулав. Тус пактаар хүн угаас заяасан эрхэм байдал, жам ёсны салшгүй эрх, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хамгаалалт бий болгосон. Пактын гишүүн улс бүр хувь хүний жам ёсны эрх, эрхэм байдлыг хүндэтгэн Пактад заасан иргэний болон улс төрийн эрхийг хангах, хамгаалах, энэ зорилгоор хууль, эрх зүй, шүүх, захиргааны бодлогын арга хэрэгслээр дамжуулан зохих арга хэмжээг авах үүрэгтэй.  Тус пактад Монгол Улс 1966 онд нэгдэн орсон бөгөөд 6 удаа тайлангаа хүргүүлж байсан, 7 дугаар тайланг 2022 оны долдугаар сарын 28-ны дотор бэлтгэж хүргүүлнэ. Дээрх тайлангийн хариуд олон тооны зөвлөмжийг ирүүлж байсан ч зөвлөмжийн хэрэгжилтийн нэгдсэн мэдээлэл байдаггүй гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав. Тайлан бүрийн мөрөөр ирсэн зөвлөмжүүдээс хамгийн олон давтамжтай ирсэн 16 зөвлөмжийг ажлын хэсгийн ахлагч онцолж, өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.


    Иймд цаашид энэ хүрээнд авах арга хэмжээний саналаа мөн танилцуулав. Пакт болон бусад хүний эрхийн олон улсын гэрээний хэрэглээний талаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулах байгууллагын албан хаагч нарт тусгайлсан сургалт зохион байгуулах шаардлагатай гэжээ. Мөн ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх болон Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний сонгон шалгаруулалтыг шуурхай эцэслэж, томилох нь зүйтэй гэжээ. Мөн ЛГБТИ хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хууль сахиулагчдад сургалт зохион байгуулах; хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийтийн тээвэр болон барилга байгууламжид саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан шалгалтыг ТББ-ын хамт зохион байгуулах шаардлага бий гэжээ. Эрүүгийн хууль дахь албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн тодорхойлолтыг олон улсын гэрээ, конвенцын үг хэллэгтэй нийцүүлэх; Хөдөлмөрийн байцаагчдын тоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх; Улаанбаатар хот болон бусад суурийн газрыг хөгжүүлэх дахин төлөвлөлт, хот зохион байгуулалттай холбоотойгоор албадан нүүлгэх эрсдэлтэй тулгарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн тусгай хууль батлах зэргийг мөн дурджээ. Түүнчлэн ээлжит илтгэлийг бэлтгэхэд ТББ, иргэний нийгмийн оролцоог хангах, илтгэлийн эхний төслийг Хууль зүйн байнгын хороонд 2022 оны зургадугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх, 2022 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Гэрээний хороонд хүргүүлэхэд холбогдох талууд анхаарч ажиллах шаардлага бий гэв.

    Дараа нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын талаар танилцууллаа. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах; Эрүүдэн шүүх үндэслэл байвал албадан гаргахгүй, шилжүүлэн өгөхгүй байх; Шүүн таслах: гэмт хэргийг тус улсад бүртгэлтэй хөлөг онгоц буюу агаарын хөлөгт үйлдвэл; Эрүүдэн шүүхийг хориглох талаар бүрэн тусгах; Мэдэгдэл хийх үндсэн үүрэг бүхий тус конвенц нь 1984.12.10-ны өдөр батлагдсан. Монгол Улс конвенцыг 2000.11.02-ны өдөр соёрхон баталж, 2002.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Энэ конвенцын хэрэгжилтийн 3 тайланг манай талаас хүргүүлж байсан байна, анхаарах нэг зүйл бий гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ.

    Конвенцад эрүүдэн шүүх гэмт хэрэг нь ямар бүрэлдэхүүнтэй байдаг вэ гэдгийг нарийвчлан заасан байхад өнөөдрийг болтол тэр томьёолол бүтэн хэлбэрээрээ манай улсын Эрүүгийн хуульд ороогүй байгааг тэмдэглэсэн. Конвенцад “… төрийн албан хаагч, түүний даалгавар, дохио зангаа, дэмжлэгтэйгээр гуравдагч этгээд эрүүдэн шүүхийг …” гээд байгаа, гэтэл 2008 оны Эрүүгийн хуульд “… гуравдагч этгээд…” гэж нэр томьёо байгаагүй, 2015 оны Эрүүгийн хуульд энэ нэр томьёог оруулсан хэдий ч өөрт хамраалатай асуудлаар эрүүдэн шүүлт хүлээхээс гадна бусдын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхтэй холбоотой эрүүдэн шүүлтэд орох тохиолдлыг багтаах шаардлагатай болж байгаа гэв. Энэ мэт хуулийн чимхлүүр томьёолол, зохицуулалтууд бий гэдгийг хэлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулийн төслүүдийн боловсруулалтын явцдаа нэгдэн орсон гэрээ, конвенцоо нягталж, томьёолол, зохицуулалт нь нийцэж буй эсэхийг анхаарч ажиллаарай хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн хүслээ.


    Монгол Улс Эрүүдэн шүүхийн нэмэлт протоколд нэгдэн орсон бөгөөд оролцогч улс Нэмэлт протоколд нэгдэж орсноос хойш 1 жилийн дотор эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээдэг. Гэтэл манай улс 2014 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж, 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон атлаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байгааг ажлын хэсгийн тайланд дурдав. Иймд энэ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн тодорхойлолтыг Конвенцтой бүрэн нийцүүлж томъёолох шаардлагатай гэж үзсэн байна. Мөн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм буюу Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг шуурхай эцэслэж, томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Мөн Эрүү шүүлтийн эсрэг Хорооны хувь хүн буюу бүлэг хүмүүсээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх; Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын алба хаагчдад тусгайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах /агуулгыг “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл зэргийг судалсан судалгаа, тоо баримтанд үндэслэн боловсруулах, сургалтын үр дүнг тооцдог механизмыг бий болгох/. Зохион байгуулсан сургалтад үнэлгээ хийх аргачлалыг бий болгох, хийх, хөтөлбөрийг target group-ээс хамааран ялгавартай боловсруулах; “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн статистик тоо баримтыг мөрдөн шалгах эрх бүхий болон прокурорын байгууллагын хэмжээнд нэгтгэн цуглуулж мониторинг хийх, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх; Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт өртсөн хохирогчийн эрхийг сэргээх, нөхөн олговор олгох шийдвэрлэлтийн судалгаа хийж, хууль зүйн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт, санал гаргажээ.

    Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц нь 2006 онд батлагдсан бөгөөд Монгол Улсад 2015 оноос хүчин төгөлдөр болжээ. Хүчээр алга болгохыг таслан зогсоох; Хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн үед хариуцлага тооцох; Ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх; Хохирогчийг шударга шүүхээр хамгаалах; Хохирлыг нөхөн төлөх зэрэг үндсэн үүргийг хүлээдэг уг конвенцын тайланг Монгол Улс нэг удаа хүргүүлж байжээ.

    Монгол Улсын 2018 онд хүргүүлсэн I тайланг 2021 онд хэлэлцэж, 29 зөвлөмж өгсөн байдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн дэлгэрэнгүй танилцуулж, Эрүүгийн хууль дахь “хүчээр алга болгох” гэмт хэргийн тодорхойлолтыг конвенцад нийцүүлэх, “хүчээр алга болгох үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” хэмээх конвенцын томьёоллын агуулгыг Эрүүгийн хуульдаа багтаах гэх зэрэг саналыг танилцуулж байв.

  • Тайлангийн дагуух зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд 
  • Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан “хүчээр алга болгох” гэмт хэргийн тодорхойлолт, субъектын хамрах хүрээг Конвенцын тодорхойлолттой бүрэн нийцүүлж томъёолох;
  • Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлд заасан “хүчээр алга болгох” гэмт хэргийг хүн төрөлхтний аюулгүй байдлын гэмт хэрэгт тооцох буюу Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэгт шилжүүлэн хуульчлах;
  • Конвенцод заасан “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлүүдийг Эрүүгийн хуульд бүрэн нэмж оруулж, хуульчлах;
  • Конвенцын 24 дүгээр зүйлд заасан (“хохирогч” гэж алга болсон хүн болон хүчээр алга болгох үйлдлийн шууд нөлөөгөөр хохирогч болсон аливаа хувь этгээдийг хэлнэ”)-тай нийцүүлж ЭХХШХ-д нэмэлт оруулах;
  • Хүчээр алга болгохын эсрэг Хорооны гомдол хүлээж авах эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг судлах;
  • Хүчээр алга болгох гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлан тодорхойлж, ижил төстэй бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдээс хэрхэн ялгаж нэг мөр ойлгох талаар шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын албан хаагч, хуульчдад зориулан сургалт тогтмол явуулах;
  • Удирдах албан тушаалтны даалгасан хууль бус үүргийг биелүүлэхгүй байх, хариуцлага хүлээлгэхээс сэргийлэх баталгааг хууль тогтоомж, тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэгт тусгайлан хуульчлах;
  • Хүчээр алга болгох гэмт хэргийн талаар гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх /конвенцыг хэрэглэх боломжтой эсэхийг нягтлах: ЭХХШХ-ийн 42, 43, 44 дүгээр бүлэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээд шилжүүлэх гэрээ, ялтан шилжүүлэх тухай гэрээ, реадмиссийн гэрээ, албадан гаргах хууль тогтоомжид тусгасан эсэхийг нягтлах, татгалзахгүй байх, татгалзах үндэслэл болон бусад зохицуулалтыг нягтлах/ зэрэг авч арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг танилцууллаа.


    Эцэст нь Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцын талаар хэрэгжилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тайланг танилцууллаа. 1965 онд батлагдсан энэ конвенцод нэгдэн орсноор арьс үндсээр алагчлах үзлийг буруушаах; арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг арилгах бодлого явуулах; арьс үндсээс үл хамааран хүн бүрийн тэгш эрхийг хангах; арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг хориглон устгах үндсэн үүргийг хүлээдэг. Монгол Улсын 1969 онд нэгдэн орж, 24 удаа тайлан хүргүүлж байжээ. Монгол Улсын 1999-2015 онд (3 удаа) хүргүүлсэн XI-XXII тайланд нийт 47 зөвлөмж өгсөн бөгөөд үүний 21 нь хэрэгжсэн бол 7 нь хэсэгчлэн хэрэгжсэн хэмээн дүгнэжээ. Харин 19 зөвлөмж хэрэгжээгүй байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав. Иймд

  • Арьс үндсээр ялгаварлан гадуурхалтыг хориглосон бие даасан хууль эсхүл, Эрүүгийн хуулийн тодорхойлолтыг сайжруулах;
  • Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан “ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн тодорхойлолт, субъектыг Конвенцын тодорхойлолттой бүрэн нийцүүлж томъёолох, гэмт хэргийн зүйлчлэлд арьс үндсээр ялгаварлан гадуурхалтыг дэлгэрүүлэх, өдөөн турхирах, санхүүжүүлэх болон бусад байдлаар туслалцаа үзүүлэх үйлдлийг нэмж оруулах;
  • Конвенцын тодорхойлолттой нийцүүлэн арьс үндсээр ялгаварлан гадуурхах, үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэгт тооцох, хариуцлага оногдуулах;
  • Арьс үндсээр алагчилах үзлийг устгах Хорооны хувь хүн буюу бүлэг хүмүүсээс гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;
  • НҮБ-ын ЕА-н зүгээс Хороог санхүүжүүлэх тухай Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах;
  • Ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тодорхой хугацаанд авсан арга хэмжээний үр дүнг тодорхойлох нарийвчлан статистик мэдээлэл цуглуулах аргачлалыг бий болгож, батлах (үүнд, хүн амын бүтцэд орж буй өөрчлөлт, үндэстэн угсаатны талаарх статистик мэдээллийг нарийвчлалтай, дэлгэрэнгүй гаргах);
  • Орогнол хүсэгчдийн ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийг баталгаажуулах талаар бодитой арга хэмжээ авах;
  • Арьс үндсээр алагчлахтай тэмцэх талаар төрийн албан хаагч, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр бий болгох, сургалтыг тогтмол зохион байгуулах, үр дүнг тодорхойлох үнэлгээний аргыг боловсруулах, үнэлгээнд суурилж сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Арьс өнгөөр алагчлах үзэл, хэт үндсэрхэг, нео-нацист бүлгэмүүдтэй тэмцэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах;
  • Төрийн болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд үндэстний цөөнх зохих ёсоор төлөөлөлтэй байх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Ээлжит 25-27 дугаар нэгтгэсэн тайлангийн төслийг 2022 оны наймдугаар сарын 5-ны ХЗБХ-нд ирүүлэх, есдүгээр сарын 5-ны өдрийн дотор Гэрээний хороонд хүргүүлэх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал боловсруулсан байна.


    Ийнхүү дөрвөн конвенцын талаарх мэдээллийг хүргээд “Нийгмийн бодлогын, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод ажлын хэсгийн мэдээллийг тус бүр танилцуулсны дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, дээрх асуудлуудыг тусгах саналтай байна” гэлээ.

    Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Олон улсын гэрээ, конвенцын орчуулгад онцгой анхаарах шаардлагатай гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлээд, Байнгын хороо энэ хүрээний тодорхой асуудлуудад анхаарал хандуулж ажиллах, улмаар ажлын хэсгийн тайлан, мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлэв.


 Ажлын хэсэг байгууллаа

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэн холбогдох Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа нар ажиллах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл