Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв


 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.28) хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. 

    Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал, КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88, хүний хөгжлийн бодлого 78.5, эдийн засгийн бодлого 70.9, засаглалын бодлого 76.6, ногоон хөгжлийн бодлого 65, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн тус тус хэрэгжилттэй байгааг салбарын сайд танилцуулгадаа  онцлоод  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд есөн зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байна гэж байлаа. 

    Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс дурдсан. Тухайлбал, Засгийн газраас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хариуцан төлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэв. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгов. Хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулж, цар тахал эхэлснээс хойш нийт 36360 Монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгууллаа гэв.


    Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгосныг онцолсон. 

    2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулав. Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөж, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу Толгой төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон. Мөн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлж, цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. 

    Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн  хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд танилцуулгадаа онцлов.


   

    Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт болон холбогдох яамдын удирдах албан тушаалтнууд оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс 2022 онд эдийн засгийн өсөлт нэмэх үзүүлэлттэй байж чадах эсэх, 2021 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг тодруулав. Мөн 2022 онд Монгол Улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалтай байгаа ч төсвийн хүндрэлийг хэрхэн даван туулж, шийдвэрлэхээр төлөвлөснийг илүүтэй лавласан. 

    Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан бол 2022 оны өсөлтийг +5 хувьтай өөдрөг төсөөлөлттэй баталсныг тодотгоод одоогоор эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ төсөөлөл өөрчлөгдөн 2.8 хувьтай байхаар тооцоолсон гэв. Мөн тэрбээр, Укриан, ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа дэлхийн олон оронд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Монгол Улсын хувьд шууд нөлөөлж байгаа учир нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах төлөвлөгөөн дээр Засгийн газар шуурхайлан ажиллаж байна. 2021 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл жилийн эцсээр санхүүжилт 75 хувьтай гарсан. Хил, гаалийн нөхцөл байдал болон бусад хүндрэлтэй асуудлыг харгалзан Засгийн газрын тогтоолоор 374 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 9 сар хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 95 хувьтай гарна гэж байлаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2022 онд өмнөхөөсөө илүү хүндхэн сорилттой тулгарах байх. Мөнгөний бодлого ч хатуурах үерүүгээ шилжлээ. Төсвийн хувьд мөнгөний бодлоготойгоо хавсрах гол анхаарах асуудал бол экспорт. Богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эдийн засгийн хүндрэлүүдийг эсэргүүцэх чадвартай болно  гэж Сангийн сайд хариулж байлаа. 

    Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл