Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо таван асуудал хэлэлцлээ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.03.30/ хуралдаан 10.27 цагт эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

•        КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-88 хувь,

•        Хүний хөгжлийн бодлого- 78.5 хувь,

•        Эдийн засгийн бодлого- 70.9 хувь,

•        Засаглалын бодлого - 76.6 хувь,

•        Ногоон хөгжлийн бодлого - 65 хувь,

•        Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-79 хувийн тус тус хэрэгжилттэй байна гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 80 хувийн биелэлттэй байгаа аж.


Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс дурдвал: 

Засгийн газраас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хариуцан төлөв. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэв. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгов. Хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулаад байна, цар тахал эхэлснээс хойш нийт 36360 Монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгууллаа.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгоод байна.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулав, Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөв, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу Толгой төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон. Мөн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүллээ, мөн цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарлаа.

Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байна хэмээн сайд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд ЭСЯ-дын үйл ажиллагааг цахим болгох ажил ямар шатанд яваа, манай улсын иргэд визгүй зорчих улсын тоо хэдээр нэмэгдсэн талаар тодруулж байлаа. Мөн эдийн засгийг сэргээх гол алхамын нэг болох боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг лавласан.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг цахимжуулах ажил хийгдэж эхэлсэн. Е-Монголиа аппликэшнд гадаад оронд байгаа иргэдэд зориулсан цэс нэмж, 40 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Дипломат төлөөлөгчийн газруудад цахим нотариатын үйлчилгээ нэвтрүүлэхээр Гадаад харилцааны яам Нотариатчдын танхим хооронд гэрээ байгууллаа. ГХЯ-ны консулын үйлчилгээний төлбөрийг Гэрэгэ ТҮЦ машинаар авч Монгол шуудан болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажиллаж, иргэдийн ачаалал, бөөгнөрөл үүсдэг байдлыг бууруулаад байна. Түүнчлэн Е виза системийг нэвтрүүлсэн гэсэн хариулт өглөө. Тэрбээр иргэд визгүй зорчих орны тоо хоёроор нэмэгдсэн, дахин дөрвөн улстай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Сангийн сайд Б.Жавхлан, боомтуудын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр бүх боломжоо дайчлан ажиллаж байна. БНХАУ-д ажлын айлчлал хийн энэ асуудлыг ярилцсан. Хилийн боомт, экспортын асуудал нэг талын хүсэлтээр шийдэгддэггүй нь хүндрэл учруулж байгаа ч удаа дараагийн уулзалтуудын үр дүн гарч, өчигдөр л гэхэд урд хилийн боомтоор 500 гаруй чиргүүлтэй ачааны машин нааш нэвтэрсэн байгаа. Цаашид энэ тоог буулгахгүй, аажим аажмаар нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Хятадын тал ачаа нэвтрүүлэлтийг цаашид нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн хариултыг өгсөн.

Байнгын хороо ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэлээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжээгүй бол Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн байна.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Заавал гаднаас зээл авч жижиг зардлыг санхүүжүүлэх хэрэгтэй юу хэмээн лавлаж байлаа.


Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар манай улсад томоохон төслүүд хэрэгжиж байгаа ч тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил орхигдсоноос ажил удаашрахад хүрчээ. Нийслэл хотын хамгийн том асуудал болоод буй авто замын түгжрэлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх гэхэд замтай холбоотой зарим асуудлыг орхигдуулснаас хугацаа алдах, хойшлох эрсдэл тулгараад байгааг Сангийн сайд онцлоод, түгжрэлээс болж бид жилд 2.8 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээж байгааг тодотгосон. Тиймээс дээрх хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник, эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ.

Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай саналыг зөвшилцөн дэмжив

Мөн хуралдаанаар Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай саналыг зөвшилцлөө.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

Олон улсын иргэний  нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенц нь олон улсын иргэний нисэхийг аюулгүй, зохих журмын дагуу хөгжүүлэх тодорхой зарчим, журмыг тогтоох, агаарын тээврийг тэгш бололцоотой байх үндсэн дээр найдвартай, үр ашигтай хөгжүүлэх зорилготой юм.  Монгол Улс Чикагогийн конвенцид 1989 онд нэгдэн орж, энэ Конвенцын дагуу байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улс болсон билээ. 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөл нь тус байгууллагын  тогтвортой үйл ажиллагааг хангах, иргэний нисэхэд мөрдөх стандарт, зөвлөмжийг баталж, мөрдүүлэх, хороо, комиссын гишүүдийг томилох, гишүүн орнуудын хооронд үүссэн маргаанд арбитрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гурван жил тутам зохион байгуулдаг Ассамблейн чуулганаар сонгогддог, 36 улсын гишүүнтэй  удирдах байгууллага юм.


Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн (a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлэхээр тогтсон. Зөвлөлийг:

агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг улс;

агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг улс;

газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн 3 ангиллаар сонгодог.

Зөвлөлийн гишүүний тоог нэмснээс хойш 23 жилийн хугацаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 31 улс гишүүнээр элсч, 193 гишүүнтэй болсон байна. Техник технологийн дэвшил, хурдацтай өөрчлөгдөж буй агаарын тээврийн хөгжил, Ази, Номхон далай, Африкийн бүс нутгийн хөгжиж буй орнууд Зөвлөл дэх төлөөллөө нэмэгдүүлэх саналыг харгалзан дээрх Протоколыг баталсан байна.

Протоколыг гишүүн орны гуравны хоёр буюу 128 улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 69 улс нэгдэн ороод байна. Монгол Улс энэхүү Протоколд нэгдэн орсноор Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дөхөм болно. Протоколд нэгдсэнээр улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй, шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр сүүлийн үед навигацын орлого буурсан. Үүнийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ хэмээн тодрууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын тээврийн нислэгийн тоо эрс буурсан. Үргэлжлүүлээд европт үүсээд буй нөхцөл байдал навигацын орлогод нэмэгдэхгүй байхад нөлөөлсөн хэвээр байна.

Бид навигацын орлогыг нэмэгдүүлэхийн тулд манай нутаг дээгүүр дамжин өнгөрөх агаарын хаалганы тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн бусад орнуудад манай улсын агаарын орон зай нээлттэй гэсэн саналыг тавьж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

Эцэст нь Протоколд нэгдэн орох тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлээд Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай саналыг зөвшилцлөө.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, агаарын тээвэр, агаарын навигацын үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ.  

Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь Зөвлөл болон Агаарын тээвэр, Санхүү, Хууль зүй, Техникийн хамтын ажиллагаа, Хүний нөөцийн хороонууд,  Агаарын навигацын комисс гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

Агаарын навигацын комисс нь Чикагогийн конвенцын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах, техникийн дэд комисс ажиллуулах, мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, гишүүн улсуудад хүргүүлэх зэргээр Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй ажилтнуудаас бүрддэг байнгын ажиллагаатай комисс юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь аюулгүй, үр ашигтай иргэний нисэхийн тогтолцоо бүрдүүлэх бодлого, стандарт, зөвлөмж боловсруулах, агаарын навигацыг өргөжүүлэх талаар гишүүн улсуудын санаачилга идэвхжиж, хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадамжтай болсныг харгалзан 2016 онд 39 дүгээр Ассемблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацын комиссын гишүүний тоог 19 байгааг 21 болон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Протокол нь гишүүн орны гуравны хоёр буюу 128 улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 69 улс нэгдэн орсон.  

Монгол Улс энэхүү Протоколд нэгдэн орсноор Агаарын навигацын комиссыг өргөжүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулахад тус дөхөм болно гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Протоколд нэгдэн орох тухай саналыг дэмжсэн юм.

Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав мэдээлэл хийлээ.

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу Цөмийн энергийн комисс нь Ажлын албатай бөгөөд Тамгын газар, Цөмийн технологийн бодлогын газар, Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 3 газар, 1 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Цөмийн энергийн комисс нь 2015-2021 онд салбарын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийт 18 удаа хуралдаж, 81 асуудал хэлэлцэж, 44 тогтоол гаргасан байна.

Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 2015-2020 онд 17 дүрэм, стандартыг Засгийн газар, Цөмийн энергийн комисс, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 03 дугаар сард авсан мэдээллээр Монгол Улсад ураны 13 орд (Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт)-ын хэмжээнд 192,241.02 тонн геологийн нөөц бүртгэгдэж, үүнээс 11 ордын нөөцийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн бүртгэн авсан байна.


2022 оны 02 дугаар сарын байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган гектар талбайд зургаан аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын найм, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.07 хувийг эзэлж байгаа бөгөөд 2009 онтой харьцуулахад 37 дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНФУ, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай дөрөв, дотоодын хоёр, нийт зургаан аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм байна.

Үүнээс БНФУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Бадрах Энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэлээ.

“Бадрах Энержи” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын байдлаар Дорноговь аймгийн нутагт 48,375.77 гектар талбайд MV-018914 дугаартай Өмнөт, MV-018915 дугаартай Зөөвч Овоо, MV-018916 дугаартай Дулаан-Уул нэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

“Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хамтарсан “Бадрах Энержи” ХХК-д олгогдсоны дараа Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшихээр тусгагджээ.

Монгол Улс нь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ), Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ), Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ)-тай хамтран цөмийн физикийн суурь болон хавсарга судалгааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгаа шинжилгээний байгууллагуудын техникийн чадавхыг сайжруулах, цөмийн технологийн хэрэглээг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх бодлогыг баримталж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн гэж мэдээллээ.

Монгол Улс нь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг анхлан байгуулалцсан улс бөгөөд 1956 оноос хойш олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтан тус институтэд урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтэн (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалсан. Одоогийн байдлаар Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд цөмийн физик, их энергийн физик, онолын физик, радиобиологи, материал судлал, судалгааны реактор, тооцон бодох математикийн чиглэлээр 10 хүн урт хугацаагаар ажиллаж байгаагийн дээр жил бүр 10 орчим хүн 3 сарын, мөн тооны хүн 1-3 долоо хоногийн богино хугацаагаар томилогдон ажиллаж байна.

Институтээс Монгол Улсад судалгааны лаборатори, цөмийн судалгааны суурь төхөөрөмж байгуулахад тусламж дэмжлэг үзүүлж, ШУА-д 1961 онд Их энергийн физикийн лаборатори, МУИС-д 1965, 1978 онд нейтроны генератор, 1977 онд Минск-22 компьютер бүхий тооцон бодох лаборатори, 1992 онд электроны цикл хурдасгуур бүхий Микротроны лабораторийг тус тус байгуулжээ.

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав эцэст нь салбарын бодлогын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр, Төрийн байгууллагын хэвийн, жигд үйл ажиллагааг хангах чиглэлээр цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нар асуулт асууж хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл