УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд өнөөдөр /2022.03.28/ “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.
Хуралд Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Дотоодыг хамгаалахын их сургуулийн эрдэмтдийн зөвлөл, судалгааны байгууллагуудын төлөөлөл зэрэг 90 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.
Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар үг хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж хэлсэн үгэндээ, аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник, технологийн хөгжлийн эрин үед шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн шинэчлэл уламжлалыг хослуулж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн, даяаршлын тавцанд оюун санааны ондоошлоороо түүчээлсэн шинэ үеийн иргэдийг бэлтгэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
“XXI зууны Монгол Улсын хөгжилд шинжлэх ухаан, соён гэгээрлийн үүрэг”, “Монголын нийгмийг соён гэгээрүүлэхэд одон орон, сансар судлал, геофизикийн шинжлэх ухааны хувь нэмэр”, “Хиймэл оюун ухаан, математикийг нийгмийн соён гэгээрэлд ашиглах нь”, “Нийгмийг соён гэгээрүүлэхэд гадаад орны туршлага, Монголд нэвтрүүлэх боломж”, “Шинжлэх ухааны парадигмийн өөрчлөлт ба гэгээрэл”, “Ажиглалт-Монгол ардын шинжлэх ухаанч сэтгэлгээ” зэрэг 11 илтгэл хэлэлцүүлэв.
“Монголоо мандуулъя” зорилтот аян нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдээс нэгдсэн санал, зөвлөмжийг гаргаж, олон нийтийн хүртээл болгох юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.