Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.30) хуралдаан 16 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалсан юм. Хуралдааны эхэнд Монголбанкнаас 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн.


    Дараа нь Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа.

    Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байгааг төслийн танилцуулгад дурдав. Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурал баталсан.

    Эдийн засгийн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Сангийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний олонх буюу 58.3 хувь нь “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл