УИХ-ЫН ХЯНАН ШАЛГАХ БҮРЭН ЭРХ
1.УИХ-ын хянан шалгах арга хэрэгсэл
• Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн нэг юм.
• УИХ хянан шалгах бүрэн эрхээ дараах үндсэн арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
- асуулт тавих;
- асуулга тавих;
- хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх;
- мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
- төсвийн хяналт;
- хяналтын сонсгол хийх;
- хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах.
2.Хяналт шалгалтын үйл ажиллагаа
• УИХ-аас Байнгын, дэд болон хянан шалгах түр хороо, УИХ-ын гишүүн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
• УИХ нь хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох байгууллагаас тооцоо, судалгаа, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах, тайлан, мэдээлэл сонсох, хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, УИХ-ын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх, шаардлагатай гэж үзвэл Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгнө.
• УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөлийг холбогдох Байнгын хорооны даалгаснаар хууль тогтоомжид заасан чиг үүргийнх нь хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулж болно. Энэ тохиолдолд тухайн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй.
• УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай бол тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагыг гэрээний дагуу оролцуулж болно.
3.УИХ-ын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ
• УИХ хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж болно.
• УИХ-аас Засгийн газар, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад үүрэг, чиглэл өгсөн тогтоолын биелэлтийн тайланг УИХ-д ирүүлнэ. Байнгын хороо тогтоолын биелэлтийн тайланг хэлэлцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулж болно.
• Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын биелэлтийг хэлэлцээд Засгийн газар холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзсэн бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно.
• УИХ хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
4.УИХ-ын хяналт шалгалтын төрөл
УИХ-ын хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус төрөлтэй байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалт:
• Байнгын, дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлнэ. Цаглаварт дараах асуудлыг тусгана:
- хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх;
- тайлан, мэдээлэл, илтгэл хэлэлцэх (Ерөнхий сайдын сар бүрийн мэдээлэл болон цаг үеийн тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний тухай бүр хийх мэдээлэл хамаарахгүй);
- төсвийн хяналт;
- хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;
- хяналт шалгалтын бусад асуудал.
- Байнгын, дэд хороо дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө ТББХ-нд ирүүлсэн байна.
- нам, эвслийн бүлэг цаглаварт тусгуулах саналаа ТББХ-нд хүргүүлж болно.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт:
- цаглаварт тусгагдаагүй асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай гишүүний саналыг холбогдох Байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн бол;
- Нийтийн өргөдлийн цахим системд гаргасан хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тохиолдолд Байнгын хорооны хэлэлцэж дэмжсэн бол.
5.Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах
Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах санал гаргах:
• Гишүүн тодорхой асуудлаар шалган судлах, эсхүл хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт явуулах саналыг өөрийн харьяалагдах Байнгын хороонд эрхлэх асуудынх нь хүрээнд гаргана.
• Байнгын хороо гишүүний гаргасан саналыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана:
- тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг эрх бүхий холбогдох байгууллагад даалгах;
- Байнгын хорооны хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах;
- тухайн асуудлаар хяналт шалгалт явуулах шаардлагагүй гэж үзэх.
• Хяналт шалгалт явуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө Байнгын хороо тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар, мэдээллийг авч, харгалзан үзнэ.
Ажлын хэсгийн үр дүнг танилцуулах:
• Ажлын хэсэг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж, ажлын хэсгийн ахлагч Байнгын хороонд танилцуулна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулна.
• Байнгын хороо хяналт шалгалтын үр дүнд үндэслэн холбогдох санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл тогтоолын төсөл боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна.
6.Гишүүн асуулт тавих, хариуг хэлэлцэх
• Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-аас бүрэлдэхүүн удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээлэл авахаар бичгээр “Асуулт” тавьж болно.
Асуултын хариуг дараах журмын дагуу хэлэлцэнэ:
• Гишүүн асуултынхаа хариуг хүлээн авсны дараа хэлэлцүүлэх тухай саналаа холбогдох Байнгын хорооны даргад бичгээр хүргүүлнэ.
- Байнгын хороо гишүүнээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хэлэлцэнэ.
- Гишүүн шаардлагатай гэж үзвэл асуултынхаа хариутай холбогдуулан тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамтаар холбогдох Байнгын хорооны даргад уламжилж болно.
- Байнгын хороо гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
7.Гишүүн асуулга тавих, хариуг хэлэлцэх
• Гишүүн хууль тогтоомжийн биелэлтийг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар тодруулах, хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг шаардаж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан бичгээр “Асуулга” тавьж болно. Асуулга нь дараах шаардлагыг хангасан байна:
Асуулгын хариуг дараах журмын дагуу хэлэлцэнэ:
• Гишүүн асуулгын хариуг хүлээн авсны дараа Байнгын хорооны хуралдаанаар асуулгын хариуг хэлэлцүүлэх саналаа бичгээр хүргүүлнэ.
• Байнгын хороо гишүүнээс ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хэлэлцэнэ.
• Асуулгын хариуг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх талаар шийдвэрлэнэ.
• УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дарааллыг тогтооно.
• Асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ижил сэдвийн хүрээнд тавигдсан бусад асуулгын хариуг нэгтгэн хэлэлцүүлж болно.
• Асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бол сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших шаардлагатай бол үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
• Нэгдсэн хуралдаан дээр асуулгын хариуг холбогдох албан тушаалтан танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, үг хэлнэ.
• Асуулгын хариуг хэлэлцээд УИХ-аас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгнө.
• Байнгын хороо нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.
8.Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайланг сонсож, хэлэлцэх
Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээ гэж юу вэ?
• Хууль тогтоомжийн биелэлтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлоход чиглэсэн цогц үйл ажиллагаа юм.
• Хууль тогтоомжийн биелэлтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, тухайн хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийнэ.
Үнэлгээний хамрах хүрээ:
• Үнэлгээг тухайн хууль тогтоомжийн зорилго, зохицуулж байгаа харилцааны онцлог, үнэлгээ хийх асуудлаас хамааран дараах хүрээнд хийнэ:
- хууль тогтоомжид бүхэлд нь;
- хууль тогтоомжийн зарим зүйл, хэсэг, заалтад;
- тодорхой харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн зохицуулалтад.
Үнэлгээ хийх санал гаргах:
• Гишүүн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийлгэх саналтай бол саналаа харьяалах Байнгын, дэд хороонд хүргүүлэн Байнгын хороо дэмжсэн бол ТББХ-нд хүргүүлж төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулна.
Үнэлгээний тайлан, үр дүнг хэлэлцэх:
• УИХ-аас гүйцэтгэсэн үнэлгээний тайлан, санал, зөвлөмжийг холбогдох Байнгын хороонд хүргүүлэх бөгөөд Байнгын хороо үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор хэлэлцэнэ.
• Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.
• Байнгын хороо үнэлгээний тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж болно.
• Үр дагаврын үнэлгээний дүнг хэлэлцсэний үндсэн дээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах;
- хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах;
- хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх;
- шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах.
9.Нэгдсэн хуралдаанаар мэдээлэл сонсох
Дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай сонсоно:
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биелэлт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний жил бүрийн хаалттай мэдээлэл;
- Ерөнхий сайдын сар бүрийн мэдээлэл
Ерөнхий сайд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд дараах асуудлаар тогтмол мэдээлэл хийнэ:
- хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
- тухайн жилийн төсөв;
- жилийн төлөвлөгөөний хэрэгжилт;
- улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал;
- цаг үеийн тулгамдсан асуудал.
• Мэдээллийг ирүүлмэгц сэдвийг УИХ-ын албан ёсны цахим хуудсанд 5 хоногийн хугацаанд иргэдээс асуулт асуухаар байршуулна.
• Мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд УИХ дахь цөөнхийн гишүүдээс тавьсан асуултад хариулна.
10.УИХ-аар тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
Байнгын хороо дараах тайлан, илтгэл, мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай хэлэлцэнэ.
МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН, ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА | ||
ЖИЛ БҮР | ||
1. | Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайлан | Төсвийн байнгын хороо |
2. | Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл | Хууль зүйн байнгын хороо болон холбогдох бусад байнгын хороо |
3. | Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын тайлан болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмж | Эдийн засгийн байнгын хороо |
4. | Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг | Төрийн байгуулалтын байнгын хороо |
5. | Банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайлан | Эдийн засгийн байнгын хороо |
6. | Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайлан | Эдийн засгийн байнгын хороо |
7. | Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан | Нийгмийн бодлогын байнгын хороо |
8. | Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан | Нийгмийн бодлогын байнгын хороо |
9. | Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан | Төрийн байгуулалтын байнгын хороо |
10. | Өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн биелэлт | Төсвийн байнгын хороо |
11. | Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүн | Төрийн байгуулалтын байнгын хороо |
12. | Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайлан | Ёс зүй, дэгийн байнгын хороо |
13. | Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайлан | Төсвийн байнгын хороо |
ЖИЛ БҮРИЙН ЭХНИЙ УЛИРАЛД | ||
14. | Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан | Хууль зүйн байнгын хороо |
2 ЖИЛ ТУТАМ | ||
15. | Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан | Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
16. | Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн биелэлтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл | Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
17. | Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн биелэлт, үр дүнгийн талаарх Засгийн газрын болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл | Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
18. | Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг хоёр жил тутам | Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
3 ЖИЛ ТУТАМ | ||
19. | Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн биелэлтийн тайлан | Төсвийн байнгын хороо |
ТУХАЙ БҮР БОЛОН ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД | ||
20. | Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг тухай бүр; | Төсвийн байнгын хороо |
21. | Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр; | Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
22. | Төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг шаардлагатай тохиолдолд; | Эдийн засгийн байнгын хороо |
Дараах мэдээллийг УИХ-Д жил бүр ирүүлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ:
- Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээлэл;
- Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл.
11.Хууль, УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх
• Хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газар, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалт хариуцсан нэгж хяналтад авна.
• УИХ-аас Засгийн газар, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө УИХ-д ирүүлнэ. УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг ирүүлснээс хойш 15 хоногийн дотор УИХ-ын Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр дүн шинжилгээ хийж, танилцуулгын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
• Байнгын хороо дүн шинжилгээ хийсэн танилцуулгыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэнэ.
12.Бодлогын баримт бичгийн биелэлтийг хэлэлцэх
Бодлогын баримт бичиг | Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан | Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан | Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын болон гүйцэтгэлийн тайлан | Урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжил-тийн явцын болон гүйцэтгэлийн тайлан |
УИХ-аар хэлэлцэх хугацаа | Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор хэлэлцэнэ. | • Биелэлтийн явцыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлтийн тайлантай нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор хэлэлцэнэ. • Гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох жилийн 04 дүгээр сарын 01-ний дотор хэлэлцэнэ. | • Хэрэгжилтийн явцын тайланг 5 жил тутам Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ. • Гүйцэтгэлийн тайланг урт хугацааны бодлогын баримт бичгийн явцын тайлантай нэгтгэн тухайн баримт бичиг дуусгавар болохоос 1 жилийн өмнө хэлэлцэнэ. | • Хэрэгжилтийн явцын тайланг 10 жил тутам Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ. • Гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас 2 жилийн өмнө хэлэлцэнэ. |
Засгийн газраас хүргүүлэх холбогдох байгууллага | УИХ-ын Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ. | |||
Хүргүүлэх хугацаа | Гүйцэтгэлийн тайланг УИХ-д өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө | Гүйцэтгэлийн тайланг УИХ-д өргөн мэдүүлэхээс 6 сарын өмнө | ||
Тамгын газар тайланд дүн шинжилгээ хийх | • Тамгын газар тайланг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүрдлийг хянаж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ. • Засгийн газар бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 20 хоногийн өмнө Тамгын газарт хүргүүлнэ. • Тамгын газар гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийж, 03 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ. | • Тамгын газар гүйцэтгэлийн тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор бүрдлийг хянаж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл үндэслэл бүхий тайлбарын хамт Засгийн газарт мэдэгдэнэ. • Засгийн газар бүрдлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч, гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэхээс 3 сарын өмнө Тамгын газарт хүргүүлнэ. • Тамгын газар гүйцэтглийн тайланд дүн шинжилгээ хийж, тайланг хэлэлцэж эхлэхээс ажлын 15 өдрийн өмнө УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ. | ||
Төрийн аудитын байгууллага тайланд аудит хийх | Гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор УИХ-д ирүүлнэ. | Гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 03 дугаар сарын 15-ны дотор УИХ-д ирүүлнэ. | Гүйцэтгэлийг хэлэлцэх тухайн жилд гүйцэтгэлийн аудит хийж, УИХ-д ирүүлнэ. | Гүйцэтгэлийн тайланд аудит хийж, УИХ-аар гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхээс 3 сарын өмнө УИХ-д ирүүлнэ. |
Хэлэлцэх Байнгын хороо | • ТББХ, ЭЗБХ хамтран хэлэлцэнэ. • Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно. | Холбогдох байнгын хороо хэлэлцэнэ. | Байнгын хороод гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд санал, дүгнэлтээ ТББХ-нд хүргүүлнэ. | |
Тайланг танилцуулах эрх бүхий албан тушаалтан | • Тайланг Ерөнхий сайд, эсхүл үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна. • Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна. | |||
| • Нам, эвслийн бэлэг тайланг хэлэлцсэн бол санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлж, нэгдсэн хуралдаанд танилцуулж болно. | |||
УИХ-аас гарах шийдвэр | Шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулахтай холбоотой тодорхой чиглэл болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгч болно. | Шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг 04 дүгээр сарын 01-ний дотор батална. | Шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батална. | |
УИХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулах | Чиглэл өгсөн тогтоол баталсан бол тогтоолд заасан хугацаанд Засгийн газар хэрэгжилтийг УИХ-д танилцуулах үүрэгтэй. |
13.Хяналтын сонсгол зохион байгуулах
• УИХ-аас зохион байгуулах хяналтын сонсгол нь дараах төрөлтэй байна:
- Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол;
- Төсвийн хяналтын сонсгол;
- Ерөнхий хяналтын сонсгол;
- Нэр дэвшигчийн сонсгол.
13.1.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол
• Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор явуулна.
• Иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл УИХ-ын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
• УИХ-ын 15-аас доошгүй гишүүний санаачилснаар хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулна.
13.2.Төсвийн хяналтын сонсгол
• УИХ төсвийн болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн жилийн төлөвлөгөө, төсвийн болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төсвийн гүйцэтгэлээр төсвийн хяналтын сонсгол явуулж болно.
• Төсвийн хяналтын сонсголыг ТБХ, ЭЗБХ, ТЗХДХ, цөөнхийн бүлэг санаачилна. Хэрэв УИХ-ын 15-аас доошгүй гишүүн төсвийн хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан бол төсвийн хяналтын сонсгол явуулна.
13.3.Ерөнхий хяналтын сонсгол
• УИХ хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.
• УИХ нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;
- УИХ-ын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан;
- Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан;
- эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;
- хуульд тусгайлан сонсгол явуулахаар заасан тохиолдолд.
13.4.Нэр дэвшигчийн сонсгол
• Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн сонсгол явуулна.
• Нэр дэвшигчийн сонсгол нь хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ.
• Нэр дэвшигчийн сонсголыг эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.
14.Хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах
Хянан шалгах түр хороог ямар асуудлаар байгуулах вэ?
• Гишүүн хяналт шалгалт явуулах бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, ажиллаж болно.
• Хянан шалгах түр хороо нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгана.
Ямар тохиолдолд байгуулах вэ?
• УИХ-ын нийт гишүүний 1/4-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор байгуулна.
Хянан шалгах түр хорооны ажиллах хугацаа:
• Хянан шалгах түр хороог 6 сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болно.
• Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар татан буугдсанд тооцно.
Хянан шалгах түр хорооны бүрэн эрх:
• Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- хянан шалгагч томилох;
- шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах;
- бичиг баримтад дүн шинжилгээ хийх;
- төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах;
- нотлох баримт гаргуулан авах хүсэлт гаргах, гаргаж өгөхийг шаардах;
- нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх;
- нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж, шинжлэн үнэлэх;
- гэрч дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих;
- тайлан, санал, дүгнэлтээ УИХ-Д танилцуулах;
- хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэх.
15.Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлах, биелэлтэд хяналт тавих
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС 25.1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. |
• УИХ хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг баталж, биелэлтэд хяналт тавина.
Хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэх
• Засгийн газраас шаардах мэдээлэл:
- бодлогын гүйцэтгэлийн тайлан;
- зорилго буюу үр дүнгийн биелэлт;
- биелэлт дутуу үр дүнгийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан;
- засаж өөрчлөх үр дүнгийн асуудал, шалтгаан хүчин зүйлийн шинжилгээ, залруулах арга зам, хүрэх үр дүнгийн таамаглал;
- алдаа, доголдлыг залруулах арга хэмжээний төлөвлөгөө.
Баримт бичгийн биелэлтэд дараах байгууллага дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлнэ.
• Үндэсний аудитын газар:
- гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлан;
- сайн, эсхүл муу үр дүнгийн учир шалтгааныг задлан шинжилсэн тайлан;
- хөгжлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн зохистой байдлын үнэлгээний тайлан;
- төсөв, жилийн төлөвлөгөөний нийцлийн шинжилгээний тайлан.
• УИХ-ын Тамгын газар.
16.УИХ-аас төсөвт хяналт тавих үйл ажиллагаа
• УИХ-аар төсөвтэй холбоотой дараах баримт бичгийн төслийг хэлэлцэн, батална:
- Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл –
“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл" гэж тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан 3 жилийн төсвийн бодлогын баримт бичгийг ойлгоно.
- Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөл, төсвийн тодотгол –
“Улсын төсөв" гэж УИХ-аас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ойлгоно.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан –
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд улс, орон нутгийн төсвийн санхүүгийн тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан хамаарна.
16.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл
• Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл (ТХМ)-ийн төслийг боловсруулахад баримтлах үзүүлэлт, таамаглалын тооцоог гаргаж 03 дугаар сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яаманд хүргүүлнэ.
• Засгийн газар ТХМ-ийн төслийг 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлж, УИХ-аас 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална.
• ТХМ-ийн төслийг дараах үе шаттай хэлэлцэнэ:
- Үзэл баримтлалыг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдвэрлэх;
- Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, УИХ-ын гишүүд ТХМ-ийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах, түүнийг шийдвэрлэх;
- ТХМ-ийн төслийг батлах.
16.2.Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөл
• УИХ-аас жилийн төсөвт хяналт тавих хэлбэрүүд:
- Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль (цаашид “төсөв”)-ийн төслийн боловсруулалтын үе шатанд тавих хяналт;
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд тавих хяналт;
- төсвийн хэрэгжилтэд тавих хяналт.
ТӨСВИЙН ТӨСЛИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ҮЕ ШАТАНД ТАВИХ ХЯНАЛТ |
• УИХ-аар төсвийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсвийн төслийн талаар дараах байгууллага бие даасан дүгнэлт гаргаж, УИХ-д ирүүлнэ:
- Үндэсний аудитын газар дүгнэлтээ 09 дүгээр сарын 25-ны дотор;
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ 09 дүгээр сарын 20-ны дотор;
- Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний нэгж хуульд заасан асуудлаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана
ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕ ШАТАНД ТАВИХ ХЯНАЛТ |
• Засгийн газар тухайн жилийн төсвийн төслийг 09 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлнэ.
• Гишүүд өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төсөлтэй холбоотой дараах баримт бичигтэй танилцана:
- Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл;
- Ирээдүй өв сангийн төсвийн төсөл;
- Үндэсний баялгийн сангийн төсвийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл;
- Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл;
- Төсвийн хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Төсвийн төслүүдийн үзэл баримтлал, танилцуулга:
o Засгийн газраас тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, төсөвт тусгасан байдал;
o төсвийн тэнцэл, болзошгүй эрсдэлийн үнэлгээ;
o Засгийн газрын өрийн үлдэгдэл, төслийн зээлийн дотоод эх үүсвэрийн хэмжээ, Засгийн газраас гаргасан баталгаа, түүний дүн;
o төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр;
o хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, санхүүжилтийн эх үүсвэрээр/;
o гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, объект, үнийн дүнгээр/;
o тусгай сангийн орлого, зарлагын тооцоо; ногдол ашгийн хэмжээ;
o төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт зэрэг.
• УИХ төсвийн төслийг 10 дугаар сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 4 үе шаттай хэлэлцэж, 11 дүгээр сарын 15-ны дотор батална.
1 дэх хэлэлцүүлгийн үе шатны хяналт
• Бодлогын/үр дүнгийн мэтгэлцээн буюу үзэл баримтлалыг дэмжих эсэх
2 дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт
• Хэлэлцэх, санал гаргах:
- Бүх Байнгын, дэд хороод эрхлэх асуудлын хүрээнд, нам, эвслийн бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргана. Гишүүд асуулт асууж, тайлбар авах ба санал гаргаж, түүнийхээ үндэслэлийг тайлбарлах эрхтэй.
- ТБХ саналуудыг нэгтгэн, нэгдсэн санал дүгнэлтийг чуулганд оруулна.
- Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл ТБХ-нд чиглэл өгч буцааж болно.
- Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний нэгж Байнгын болон дэд хороо, УИХ-ын гишүүдээс гаргасан санал хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.
• Төсвийн төслийн 2 дахь хэлэлцүүлэг эхлэхээс өмнө ТБХ төсвийн хяналтын сонсгол зохион байгуулж болно.
3 дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт
• Хэлэлцэх, санал гаргах хүрээ хязгаар:
- Зөвхөн ТБХ хэлэлцэнэ.
- 2 дахь хэлэлцүүлгийн үр дүнг тусгасан, батлагдах төсвийн төслийн эцсийн хувилбартай танилцаж дэмжсэн танилцуулгыг ТБХ нэгдсэн чуулганд оруулна.
- Гишүүн зөвхөн ТБХ-ны танилцуулгатай холбоотой асуулт асууж болно.
- Зөвхөн найруулгын шинжтэй засварыг оруулна.
- Зарчмын асуудлаар санал гаргах болон санал хураалт явуулахгүй.
4 дэх хэлэлцүүлгийн үе шатны хяналт
• Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар батална.
• Төсвийн хууль баталсантай холбоотой Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоол баталж болно.
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ |
• Төсвийн хэрэгжилтэд дараах хэлбэрээр хяналт тавина:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх;
- төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах;
- ажлын хэсэг байгуулах.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх
• Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 10.3-т заасан хугацаанд өргөн мэдүүлж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ.
• Төсвийн гүйцэтгэлийг 2 үе шаттай хэлэлцэнэ.
1 дэх хэлэлцүүлэг - Бодлогын мэтгэлцээн | • Нэгдсэн хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийн талаарх санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, аудитын дүгнэлтийг сонсож хэлэлцэнэ. • Гишүүн асуулт асууж, үг хэлэх эрхтэй. |
2 дахь хэлэлцүүлэг | • Бүх Байнгын, дэд хороо нам эвслийн бүлэг эрхлэх асуудлын хүрээнд холбогдох ТЕЗ-ийн төсвийн багцын гүйцэтгэлийг хэлэлцэнэ. • Гишүүд асуулт асууж, тайлбар тодруулга авч, санал дүгнэлт гаргана. • ТЗХДХ нь Байнгын хороо, нам эвслийн бүлгийн саналыг нэгтгэн, санал дүгнэлтээ нэгдсэн чуулганы хуралдаанд оруулна. • Аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцэнэ. |
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх
• Улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол батална.
• Төсвийн гүйцэтгэл баталсантай холбоотой төсвийн харилцааг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталж болно.
• Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн явцын тайланг хэлэлцэж болно.
• Сар, улирал, хагас жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан УИХ-д тухай бүр ирүүлнэ.
• Холбогдох Байнгын хороо, ТЗХДХ шаардлагатай гэж үзвэл төсвийн гүйцэтгэлийн явцын тайланг хэлэлцэж болно.
• Хагас жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлд ажлын 14 өдрийн дотор УИХ-ын Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлт, саналыг Байнгын хороо, ТЗХДХ-д хүргүүлнэ.
17.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл
• УИХ-ын 2017 оны 69 дүгээр тогтоолоор төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, хараат бусаар мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан.
• Эдийн засаг, төсвийн үйл явцад илүү хяналт тавих, ил тод байдлыг бий болгохын тулд мэргэжлийн, байнгын ажиллагаатай төсвийн орон тооны институт байгуулах шаардлагын үүднээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн орон тооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор УИХ-аар томилон ажиллуулж байна.
• Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-д заасан чиг үүргийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн дараах хуулийн төсөл, бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана:
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт;
- УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх;
- Дунд хугацааны ТХМ-ийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал хийх;
- төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх;
- төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх;
- улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийх.
• Нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих замаар төсвийн сахилга батыг бэхжүүлэх, төсвийн гүйцэтгэлийн үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн цогц, нэгдмэл байдлыг хангаж, төсвийн гадуур аливаа гүйлгээ, хэлцэл хийх явдлыг гаргуулахгүй байх нь ТТБЗ-ийн үүрэг юм.
• ТТБЗ нь дараах тайланг сар, улирлаар гарган ТБХ-нд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна:
- Эдийн засгийн таамаглалын тайлан;
- Төсвийн эрсдэлийн болон төсвийн тогтвортой байдлын тайлан;
- Бодлогын нөлөөллийн шинжилгээний тайлан.
• ТБХ нь Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас холбогдох тайлбарыг авна.
• ТТБЗ нь төсвийн судалгааны нэгжтэй бөгөөд энэхүү нэгж нь Зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
18.Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан
• Хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүрдүүлсэн, бусад байгууллагаас гаргуулан авсан баримт бичиг, мэдээлэл, тайлан, илтгэл болон холбогдох бусад мэдээллээс бүрдсэн УИХ-ын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай байна.
• УИХ-ын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн санг УИХ-ын Тамгын газар бүрдүүлж, эрхлэн хөтлөх бөгөөд баримт бичиг, мэдээлэл, тайлан, илтгэл болон холбогдох бусад мэдээллийн төрөл, гаргуулан авах хэлбэр, хугацаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг Улсын Их Хурлын дарга батална.
• Хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланг мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан цахимаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх бөгөөд гишүүний асуулт, асуулга, түүний хариуг мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.
• Мөн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайлан, тайлан, илтгэл, мэдээлэл, сонсголын тэмдэглэл, түр хорооны тайлан, тусгай санал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, бичмэл нотлох баримтыг мэдээллийн нэгдсэн санд байршуулна.
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР