Цэс

Холбоо барих

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх санал дүгнэлт

МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ ТАЛААРХ НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ


 2013 оны 4 дүгээр сарын 10ы өдөр

Улаанбаатар хот

      

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс  2013 оны 01 дүгээр сарын 13ы өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

 

 Тогтоолын төслийг Монгол судлалыг шинжлэх ухааны тэргүүлэх салбар болгон төрийн ивээлд хөгжүүлэх, олон улсын монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Шинжлэх ухааны Академийн харьяа Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэнгүүдийг нэгтгэн Монгол судлалын Үндэсний Академи байгуулан цаашид энэ чиглэлээр судалгаа хийдэг Төрийн бус байгууллагууд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр зарлигаар байгуулагдахаар Засгийн газраас төлөвлөгдсөн “Монгол судлалыг дэмжих сан”-гаас үйл ажиллагааг нь санхүүжүүлж байхаар боловсруулсан байна.

 

 Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс Монгол судлалыг хөгжүүлэх талаарх баримт бичгүүдийг нэгтгэн нэг бодлогын баримт бичиг гаргах,  Олон Улсын Монгол судлалын Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, Улсын Их Хурлаас нэгдсэн бодлого боловсруулан шинжлэх ухааны салбарыг бүхий л талаар дэмжин ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гаргаснаас гадна тогтоолын төсөлд тусгагдсан зарим асуудлууд нь Засгийн газраас баталсан “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-т тусгагдан хэрэгжиж эхэлж байгаа тул давхардуулан шийдвэр гаргах шаардлагагүй юм гэсэн саналыг тус тус гаргаж байлаа.

 

Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж байна.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлын талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА З.БАЯНСЭЛЭНГЭ

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл