ТОЙМ: УЛСЫН ИХ ХУРАЛ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ /2019.07.16-19/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 2019.07.16. http://parliament.mn/n/wueo
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. 2019.07.16.http://parliament.mn/n/wzeo
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Ерөнхийлөгч өргөн барьсан “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигтээ, миний бие нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж, сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д санал болгон, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно хэмээн онцолсон байна. 2019.07.16.http://parliament.mn/n/w5eo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ. 2019.07.16. http://parliament.mn/n/ideo
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд шуурхай танилцуулж, мэдээллээр хангах зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Сургагч багш" нарыг бэлтгэх онлайн сургалт зохион байгуулав. Сургалтад аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар, сумдын хуулийн мэргэжилтэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдав. Нийслэлийн дүүргүүдийн сургагч багш нар өөрийн биеэр ирж сургалтад хамрагдсан бол аймаг, сумдын сургагч багш нар онлайнаар сургалтад хамрагдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүрэн мэдээлэл авлаа. 2019.07.16. http://parliament.mn/n/imeo
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулга болон Эдийн засгийн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнтэй тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, 2019 оны 07 сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцуулав. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлдөө таван багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байгаа аж. 2019.07.16. http://parliament.mn/n/i8eo
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албатай хамтран хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрд холбогдох үндэслэл, тайлбар боловсруулах асуудлыг хэлэлцлээ. 2019.07.16. http://parliament.mn/n/iueo
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл, тайлбараа боловсрууллаа. 2019.07.17.http://parliament.mn/n/sdeo
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хэлэлцэв. 2019.07.17. http://parliament.mn/n/i9eo
Ажлын дэд хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусагдсан парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтын талаар хэлэлцэж, холбогдох санал, үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтов. 2019.07.17. http://parliament.mn/n/s8eo
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл, заалтуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсруулав. 2019.07.17. http://parliament.mn/n/smeo
ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулж байгаа тус семинарыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дарга Д.Оюунхорол үг хэлэв. Гурван өдөр үргэлжлэх семинарын эхний өдөр “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд болов. 2019.07.17. http://parliament.mn/n/sueo
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг ажлын дэд хэсгүүд хуралдаанаараа хэлэлцсэн талаарх танилцуулга, дүгнэлтийг сонсов.
Эцэст нь Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд огт хөндөгдөөгүй заалтуудыг хэрхэн авч үзэж болох, энэ талаарх судалгаа тооцоо, үндэслэл тайлбараа нэгтгэн боловсруулах талаар ажлын дэд хэсгийн ахлагч нарт тодорхой үүрэг, чиглэл өгөв. 2019.07.17. http://parliament.mn/n/szeo
Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор тогтов. Мөн Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 2019.07.18. http://parliament.mn/n/z8eo
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 79.2 хувийн саналаар батлав. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллахаар болов. 2019.07.18. http://parliament.mn/n/zxeo
Улсын Их Хурлын даргын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, “Институциуд, хүний эрх, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, эрдэмтэн судлаачид илтгэлүүд тавьж саналаа хуваалцав.
Хоёр дахь өдрийн семинарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Шинэчлэлийг хүн бүр дотроо эрэлхийлж, уламжлалт сэтгэлгээнээс салж, цоо шинээр сэтгэж, зоригтой шиийдэл хайх цаг үе нь болж байна. Энэ эрин үе жендерээс үл хамааран хүн болгонд үсрэнгүй хөгжлийг бий болгох шинжлэх ухаан технологийн шинэ эрин ирж байна. Үүнийг Аж үйлдвэрийн IY хувьсгал гэж нэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай байна. Цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнд нэгдэх нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах гол чиглэл болно. Мэдлэгээс төрийн бодлого руу шилжих үндэслэл болно. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцоллоо. 2019.07.18. http://parliament.mn/n/zueo
Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо.
Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгчийн албан өрөөнд болж, хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан хуралдуулсан. Ажлын хэсэг анхны хурлаараа Ажлын хэсгээс хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. 2019.07.19. http://parliament.mn/n/z5eo
Их Хурлын даргын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжлэв. Гурав дахь өдрийн үдээс өмнөх семинар “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өрнөж, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, судалгаа, шинжилгээний ажлынхаа үр дүнгээс хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлэв. 2019.07.19. http://parliament.mn/n/z9eo
Улсын Их Хурлын даргын санаачилгаар ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар Төрийн ордноо амжилттай болж өндөрлөлөө. Семинарыг Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.
Гурав дахь өдрийн үдээс хойших семинарт Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийн нөлөөлөх байдал” сэдвээр товч мэдээлэл хийлээ.
Семинарт оролцогчид Монгол Улсын хэмжээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд судалгааны ажил, шийдвэр гаргагчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхыг хөгжүүлэх зорилгоор “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж, саналаа хуваалцсан юм.
Гурван өдрийн турш хэлэлцсэн асуудлуудын хүрээнд семинарт оролцогчид шийдвэр гаргагчид, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт зэрэг бүхий л сонирхогч, оролцогч талуудад хандаж Зөвлөмж гаргахаар тогтов. 2019.07.19.bhttp://www.parliament.mn/n/a8eo
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан.
Ажлын хэсгээс 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд эдгээр хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах, зохион байгуулалтын асуудлаар Тамгын газрын ажилтнуудад чиглэл өгөв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын хүрээнд зохиогдох таван цуврал хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох яамд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. 2019.07.19. http://www.parliament.mn/n/ameo
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс