Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 27 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Мөн дугаарт Журам батлах тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Журам батлах тухай тогтоолоор Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журамыг баталжээ.

Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд оролцогчдын чиг үүрэг, Засгийн газрынүнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа, анхдагч зах зээлийн ерөнхий зарчим, арилжааны хуваарь, арилжааны мэдэгдэл, төлбөр, тооцоо, бүртгэл, Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа, түүний зарчим, Үнэт цаасыг буцаан худалдан авах, хугацаа сунгах, нөхцөл тогтоох болон бусад зохицуулалттай холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах боломжтой.

Барилга, ус, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцооны зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжийг найдвартай, бат бэх, ашиглалтын болон угсралтын үеийн өртөг зардал багатай, үр ашигтай байдлаар төлөвлөх, барьж байгуулах, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу барилгын үйл ажиллагаанд шаардагдах стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтоох зорилгоор Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай тогтоолыг Засгийн газраас баталжээ. 

Тогтолцоо нь барилга байгууламжийг төсөллөх, зураг төсөл зохиох, боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах үед заавал болон сонгон мөрдөх, техникийн болон аюулгүй, найдвартай байх нөхцөл шаардлагыг тодорхойлсон, барилгын ажлын уялдаа, дарааллыг тогтоож, бүтээгдэхүүний үр ашиг, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн харилцан уялдаа бүхий техникийн зохицуулалт, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүдээс бүрдэх юм байна.

Тогтолцооны баримт бичиг нь барилгын салбарын техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандарт гэсэн хэлбэртэй байх бөгөөд Тогтолцооны баримт бичгийг боловсруулах, хэрэглэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран баримтлах юм байна. Энэхүү баримт бичгийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл