Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2019.04.29-05.03/

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг соёл, урлаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт улам хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. 2019.04.30 http://www.parliament.mn/n/6tco

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2019.04.30 http://www.parliament.mn/n/9fco

 

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан манлайллын ур чадвар хөгжүүлэх хоёр өдрийн сургалт эхэлж, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтын зорилт нь төрийн албан хаагчдад сайн манлайлагч болон удирдах албан тушаалтны манлайллын арга зүй эзэмшүүлэх, байгууллагын менежмент, стратегийн манлайлал, төлөвлөлт, төсөл төлөвлөх, урьдаас төлөвлөн шийдвэр гаргах онолын ойлголт олгох, манлайллын ёс зүй, багааар ажиллах арга эзэмшүүлэхэд чиглэж байгаа аж. 2019.04.30 http://www.parliament.mn/n/6ico

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй танилцлаа. Хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 2019.04.30 http://www.parliament.mn/n/93co

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох Байнгын хороо болон УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлд мэдээлэл хүргүүлж, Хадгаламж зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг нэн яаралтай УИХ-д оруулж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. 2019.04.30 http://www.parliament.mn/n/ybpy

 

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд  Хууль зүйн байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2019.04.30 http://www.parliament.mn/n/yfpy

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэж, биелэлт “68.4” хувь гэж дүгнэжээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн тайланг сонссон бөгөөд Байнгын хорооны зүгээс УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссонтой холбогдуулан чиглэл өгөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. 2019.04.30 http://www.parliament.mn/n/yjpy

 

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа. Уулзалтаар, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн олон улсын  туршлага болон хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг  хүндрэл бэрхшээл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. 2019.05.01 http://www.parliament.mn/n/yppy

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохион байгуулж буй “Зохистой хөдөлмөрийн төлөө: Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө, нийгмийн баталгаа” сэдэвт өдөрлөгт оролцож үг хэллээ. 2019.05.01 http://parliament.mn/n/bjpy

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч ноён Нийлс Хегевишийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2019.05.01 http://parliament.mn/n/bppy

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг мөн дэмжлээ. 2019.05.01 http://www.parliament.mn/n/y3py

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд хороодын хуралдааны үйл ажиллагааны нэгдсэн тойм. http://www.parliament.mn/n/bbpy

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо анхны хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргад нэр дэвшүүлэв. 2019.05.01 http://www.parliament.mn/n/b3py

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, гүйцэтгэх захирал О.Адъяа, Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нарыг хүлээн авч уулзав. 2019.05.01 http://www.parliament.mn/n/b7py

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийн талаарх Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонслоо. 2019.05.01 http://www.parliament.mn/n/nfpy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нь тус тус дэмжив. Дараа нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2019.05.01 http://www.parliament.mn/n/bipy

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Мал төллөлт болон хаваржилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. 2019.05.01 http://www.parliament.mn/n/nbpy

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжиллээ. http://www.parliament.mn/n/njpy

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав. 2019.05.01 http://www.parliament.mn/n/nppy

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 5-р сарын 27-28-нд болно. УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийг хуралдуулж, чуулганы бэлтгэл ажилтай танилцан, чуулганаар хэлэлцэх асуудал, түүнд Монгол Улсын парламентын оролцоог хангах талаар үүрэг даалгавар өглөө. 2019.05.01 http://www.parliament.mn/n/ntpy

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. http://www.parliament.mn/n/dfpy

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав. 2019.05.02 http://www.parliament.mn/n/dppy

 

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны даргаар сонгохыг дэмжив. Дараа нь Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 2019.05.02 http://www.parliament.mn/n/djpy

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажиллаж, долоо хоногийн дотор газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд өгч, хариуцлагатай ажиллахыг санууллаа. 2019.05.02 http://www.parliament.mn/n/dtpy

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 2019.05.02 http://www.parliament.mn/n/dipy

 

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли болон Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзав. 2019.05.03 http://www.parliament.mn/n/rjpy

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус форумд оролцогчид болон Монголынхоо нийт сэтгүүлчдэд хандан илгээлт хүргүүллээ. 2019.05.03 http://www.parliament.mn/n/rppy

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 2019.05.03 http://www.parliament.mn/n/ripy

Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  2019 оны 05-р сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ. http://www.parliament.mn/n/d3py

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна. 2019.05.03 http://www.parliament.mn/n/r3py

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлдэл хийв. Үргэлжлүүлэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж, уг асуудлыг хойшлуулах талаар санал гаргасныг гишүүд дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг эхэллээ. 2019.05.03 http://www.parliament.mn/n/fbpy

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн болон иргэний төвтэй төрийн алба” төсөлтэй хамтран “Хамтдаа өсөх” төрийн бус байгууллагаас “Зөв төр-Шударга ёс” сэдэвт ёс зүйн хурлыг зохион байгууллаа. 2019.05.03 http://www.parliament.mn/n/ffpy

 

 УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл