УИХ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй өдөрлөгт оролцож, үг хэллээ

  2019-05-01 16:25  251

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зохион байгуулж буй “Зохистой хөдөлмөрийн төлөө: Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө, нийгмийн баталгаа” сэдэвт өдөрлөгт оролцож үг хэллээ.

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой тохиож буй бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнуудад Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Өнөөгийн байдлаар дэлхийд 3.3 тэрбум хүн ажил хөдөлмөр эрхэлж, 170 сая хүн ажлын байргүй байгаа гэсэн тоо байдаг юм байна. Манай улсын хувьд 2019 оны III сарын статистик мэдээгээр 1.0 сая гаруй хүн ажил эрхэлж байгаагаас идэвхтэй ажил хайж буй хүний тоо 31.8 мянга байгаа нь өнгөрсөн оныхоос 5.9 хувь буурсан үзүүлэлт ажээ.

Өдөрлөгийг залуучууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудыг хамруулан зохион байгуулж буй бөгөөд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийн газар, түншлэгч байгууллагууд оролцож байгаа юм байна.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа  нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өдөрлөгийн үйл ажиллагаа, зохистой хөдөлмөр эрхлэлт, монгол хүний хөдөлмөр эрхлэх эрхийг хангах чиглэлээр хийж буй ажил, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр УИХ-тай хамтран ажиллаж байгаа талаараа  танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар тэгш бус байдлыг арилгаж, шударга ёс тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажиллагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.  


“Зохистой хөдөлмөрийн төлөө: Эв нэгдэл-шударга ёс-эрх чөлөө-нийгмийн баталгаа”  сэдэвт өдөрлөгт Улсын Их Хурлын дарга

Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм нөхөд өө,

ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультан, гишүүд ээ,

Та бүхэнд Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр Майн 1-ний баярын мэнд хүргэе.

2015 онд НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тогтвортой эдийн засгийн өсөлт болон бүх нийтийн  бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хөгжлийн бодлогын цөм гэж тодорхойлсон юм.

Саяхан Олон улсын  хөдөлмөрийн байгууллагаас гаргасан 2019 оны “Дэлхий дахины хөдөлмөр эрхлэлтийн төлөв” тайланд манай эх дэлхий дээр амьдарч байгаа 7.6 тэрбум хүний 3.3 тэрбум нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 170 сая хүн ажилгүй байна гэсэн тооцоо гарчээ.

Манай Үндэсний Статистикийн Хорооны 2019 оны 3-р сарын мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 31.8 мянга байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9%-иар буурсан үзүүлэлт юм. Энэ бол зөвхөн албан ёсны статистик тоо баримт.

Өнөөдрийн бодит амьдрал дээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа, цалин хөлсний түвшин, хөдөлмөр эрхлэлтийн баталгаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн түвшний зорилтыг хангахгүй байгааг та бүгд мэдэж байгаа. Иймээс Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас өөрчлөлт шинэчлэлтийг хийж, цөөхөн хэсэг нь баяждаг, ажил хөдөлмөр эрхэлж, шударгаар ажиллаж байгаа хөдөлмөрчдийн цалин хөлс, орлого бага байгааг өөрчлөх зорилготой байна.

Нийгмийн тэгш эрхийн коэффициент алдагдаж, баян хоосны ялгаа их болсон. Нэг удаа цалин хөлсийг нэмээд бүгдийг сайхан болгож чадахгүй ээ. Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д Монголын төрийг төр шиг болгож, шударга ёсыг тогтоох зорилтууд тусгагдсан. Уул уурхайн баялгийг цөөн хэдэн гэр бүл эзэмшдэг, мөнгөтэй хүн бүх эрх мэдлийг атгаж байдаг энэ буруу тогтолцоог өөрчлөхийг бид эрмэлзэж байгаа. Энэ бол амаргүй сорилт. Гэхдээ эхнээсээ болж бүтэхгүй зүйлүүд өөрчлөгдөж байна. Үйлдвэрчний Эвлэлийн үндсэн гол уриа болох “шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл” гэдэг гурван санааны гол тулгуур бидний тавьсан зорилт, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д багтаж байгаа.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс суурийг тавихад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нобелийн шагнал хүртээсэн Мухаммед Юнус “Хүмүүс өглөө босохдоо би ажил хайгч биш, харин ажил бүтээгч гэж хэлдэг байх хэрэгтэй” гэжээ.

Ажил хайж, бүртгүүлж байгаа хүмүүсийг ажил хайгч биш, ажил бүтээгч болгохын тулд юуны өмнө бизнесийг бүх талаар дэмжиж, боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, тэр тусмаа мэргэжлийн сургалт буюу ур чадварын боловсролыг цоо шинэ шатанд гаргах шаардлага бидэнд тулгарч байна.

Энэ үүднээс УИХ-аар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Хүн бүр хүчин чармайлт гарган ажиллаж, хөдөлмөрлөж байж өрх гэр, улс орноо өөд татна.

Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын дөрвөн тулгуур нь:

·      ажлын байр, бизнесийг дэмжих,

·      хөдөлмөрийн хүрээнд хүний эрхийг баталгаажуулах,

·      нийгмийн хамгааллыг өргөжүүлэх,

·      нийгмийн түншлэлийг дэмжихэд чиглэдэг.

Харин жендэрийн асуудал дээрх чиглэл бүрт хамаатай гэдгийг та бид бүгд мэднэ. Эдгээр нь тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.

Бүх нийтээр зохистой хөдөлмөр эрхэлснээр тэгш бус байдал, ядуурлыг бууруулж, эрсдэлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлдэг.

Тийм ч учраас УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. УИХ-ын гишүүд, ажлын хэсэгт хандан Үйлдвэрчний эвлэлтэй зөвлөлдөж, саналыг нь сонсож, төсөлд тусгах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан. Хэлэлцүүлэг үр дүнтэй, сайн болж байгаа гэж МҮЭ-ийн холбооны удирдлагууд хэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн зохицуулалтыг уян хатан болгох, хамрах хүрээг өргөтгөхөд ихээхэн анхаарсан. Мөн  хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тэнцвэржүүлэх, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцааг зохицуулж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмуудыг баримтлах зэрэг шинэлэг дэвшилттэй олон асуудал тусгагдсан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, хэрэгжүүлэх хэлбэр, удирдлагын бүрэн эрхийг тодорхойлж оруулсан.

Мөн ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг уян хатан зохицуулах асуудлыг судалж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал та бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй эрүүл орчныг бий болгох эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

Та бүхэн өнөөдрийн энэ өдөрлөгөөрөө зохистой хөдөлмөр эрхлэх эрхийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож, тунгаан хэлэлцэж, зохих зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна. Та бүхний зөвлөмжийг бид хууль боловсруулах, хэлэлцэн батлахдаа анхааран авч үзэх болно.

    Та бүхэнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

  


  2019-05-01 16:25  251