Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.06.04-08/

  

ОХУ-ын Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Төрийн Думын байранд хүлээн авч уулзлаа. 2018.06.04  http://www.parliament.mn/n/q7jy


ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа. Тэрээр, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 2018.06.04  http://www.parliament.mn/n/q7jy


УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтын нээлтэд үг хэлэв. Тэрээр, “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо. 2018.06.04  http://www.parliament.mn/n/q7jy


 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан нар манай улсад ажиллаж буй Нидерланд улсын Засгийн газрын төлөөлөгч, Сангийн яамны ажилтан Чиэрд Тим, Хайс Баккер нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нутагшуулах энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв. 2018.06.05 http://www.parliament.mn/n/tfjy

 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн саналаар хойшлуулав. 2018.06.05 http://www.parliament.mn/n/tpjy

 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлав. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттайгаар хийлээ. 2018.06.05 http://www.parliament.mn/n/o7jy


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов. Дараа нь  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага авав. 2018.06.05 http://www.parliament.mn/n/tbjy


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгээр нь баталж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм байна. 2018.06.05 http://parliament.mn/n/tjjy


ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөж, Хууль тогтоох засаглалын нийгэмд болон дэлхий дахины эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэх үүрэг, аюулгүй байдлыг хангах, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тэргүүн туршлагаа харилцан солилцох, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг олон талт асуудлаар хоёр өдөр чуулсан чуулганаас Тунхаглал гаргалаа. 2018.06.05 http://parliament.mn/n/t3jy


Чуулганы үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав. 2018.06.05 http://parliament.mn/n/t3jy


ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Евгений Викторович Бушмин Холбооны зөвлөлийн байранд УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ удаагийн уулзалт удахгүй болох гэж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Орос, Монголын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм хэмээн тэмдэглэлээ. “ШХАБ-ын үйл ажиллагааны нэгэн чиглэл нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа юм. Тиймээс та бид энэ чиглэлд онцгой анхаарах нь бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай өрнөхөд чухал юм” гэж тэрбээр онцлов. 2018.06.05 http://parliament.mn/n/t3jy


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Катар Улсын Зөвлөлдөх зөвлөл (парламент)-ийн дарга Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудтай уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа буюу 20 жил өнгөрч байгаа ч хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглээд, ноён  Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудыг Катарын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв. 2018.06.05 http://parliament.mn/n/t3jy



Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа нар Ханги-Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авав. 2018.06.05 http://parliament.mn/n/1bjy


Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллалаа. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Номтойбаяр, А.Ундраа нар ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой, Өлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо богд, Сайншанд сумын нутаг дахь Хамрын хийд зэрэг байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцав. 2018.06.05 http://parliament.mn/n/t7jy


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсов. 2018.06.06 http://parliament.mn/n/1jjy


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулав. 2018.06.06 http://parliament.mn/n/17jy

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Сүрьеэгүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, холбогдох яамдын сайд нар, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл оролцов. 2018.06.06 http://www.parliament.mn/n/uijy


УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан уул уурхайн сайн туршлагатай танилцах ажлын хэсэг Латин Америкийн Колумб, Эквадор улсуудын туршлагыг судлаад ирлээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтжээ. http://www.parliament.mn/n/u3jy

 


УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Парламентын хяналт: хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриела Спирли болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, хуулийн салбарын эрдэмтэн судлаачид, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцов. 2018.06.06 http://www.parliament.mn/n/upjy



УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гишүүн Н.Учралын  өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 2018.06.07 http://www.parliament.mn/n/wfjy

 


БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Энэхүү хурлыг нээж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэлэв. 2018.06.07 http://www.parliament.mn/n/wjjy

 


Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх зорилго бүхий “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотод эхэллээ. 2018.06.07 http://www.parliament.mn/n/wtjy



Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” –ийн шавыг тавих ёслол боллоо. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн дунд энэхүү “Дэд бүтцийн төв” –үүдийг барьж байгуулах бөгөөд хамгийн эхний төвийг барьж байгуулах ажлын нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс оролцов. 2018.06.08 http://www.parliament.mn/n/ibjy

 


ОУВС-гийн Удирдах захирлын орлогч Мицухира Фүрүсава, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлснийг тэмдэглээд, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр  дэмжих зэрэг арга хэмжээнд нааштай хандахыг хүслээ. 2018.06.08 http://www.parliament.mn/n/ipjy

 


УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байна гэж төсөл санаачлагч дурдав. 2018.06.08 http://www.parliament.mn/n/i3jy



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үндсэн хуульд заасныг баримтлан Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна. 2018.06.08 http://www.parliament.mn/n/i7jy



УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нары бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг хэлэлцэж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2018.06.08 http://www.parliament.mn/n/sbjy



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар, УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсантай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлдүүлэхийг дэмжив. 2018.06.08 http://www.parliament.mn/n/spjy



УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа, Д.Ганболд нар багтаж, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, дэд дарга Х.Акамацү,Японы парламентын Төлөөлөгчдийн гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дарга М.Хаяаши, Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гунжи, Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Ямазаки, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Окамото нартай ажил хэргийн уулзалтууд хийлээ. http://www.parliament.mn/n/sijy



УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 2018.06.08 http://www.parliament.mn/n/s3jy


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл