Цэс

Холбоо барих

ХЗБХ: ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.06) хуралдаан 09 цаг 36 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан саналын дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан саналын дагуу өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор тогтсон юм. 


    Ийнхүү хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулсны дараа Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн, Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцууллаа. Төслийн зарим нэр томъёог Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн нэр томъёотой нийцүүлэх, иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэх шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлийг бүртгэх асуудлыг тусгах асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Түүнчлэн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсын харъяат болон тус улсад оршин суугаа харъяалалгүй хүүхдийг үрчлэн авах асуудал, үрчлэн авах журмын зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах тул тус хуулийн төслөөс хасаж, хууль хоорондын уялдааг хангах нь зүйтэй хэмээн үзжээ. Иргэн овог, эцэг, эхийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллудыг бэлтгэсэн байна. Мөн оршин суух хаяггүй иргэний хүсэлт, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн хэсэгт иргэний байнга, түр оршин суух зохицуулалтыг тусгах, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн хэсэгт иргэний байнга оршин суугаа газрын үл хөдлөх хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэний улсын бүртгэлийн хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг тусгах, төслийн дагаж мөрдөх хугацааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна. 


    Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 19 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

    Үргэлжлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэжээ.  Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн тус дүгнэлтэд дурджээ. 


    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн О.Батнасан нар оролцсон байна. Тус дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас зарим зүйлийг тодрууллаа. Мөн тэрбээр “Дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй. Бид хуулийн энэ хийдлийг засаж таарна, харин процессийн талаар ойлголцох шаардлага үүсэх нь. Тиймд ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг дэмжсэн учир энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов

    Хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа. 


    Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.

    Дээр дурдсан асуудлаас хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ. Монгол Улсын Засгийн газар С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбоотой хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна. 

    Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохиргчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажиллажээ. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч тус уулзалтад оролцоогүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах гурван саналыг Байнгын хороонд оруулж буйгаа Ц.Нямбаатар гишүүн танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцахаар заасан байдаг. Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар тус дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэжээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах зэрэг саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурджээ. 


    УИХ-ын гишүүн, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл