ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ 7 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 17:10-19:30 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт удирдав. Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
Хэлэлцсэн асуудал: “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулж, хуралдаанд ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцов.
Тогтоолын төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан нар зарчмын зөрөөтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Хэлэлцсэн асуудал: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Сүүлийн жилүүдэд улс орнууд мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан хуулийн этгээдийг нөхөрлөл тэр дундаа хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулах зохицуулалтад шилжих хандлага давамгайлж байна.
Мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан нөхөрлөлийн хувьд гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээх бөгөөд хэрэв аль нэг гишүүн мэргэжлийн алдаа гаргавал тухайн гишүүн хувийн өмчийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээдэг онцлогтой. Энэ хэлбэрийн нөхөрлөлийн зохицуулалт одоогийн мөрдөгдөж байгаа хуульд байхгүй тул мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн шинэ хэлбэрийг хуульд нэмж Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж хуулийн төсөл боловсруулсан талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулахаар шийдвэрлэв.
Хэлэлцсэн асуудал: Маршалын албаны тухай хуулийн төсөл, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Ганбат, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар үг хэлж, ажлын хэсгээс гаргасан 35 зарчмын зөрөөтэй саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулахаар шийдвэрлэв.
Хэлэлцсэн асуудал: Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Ажлын хэсгээс гаргасан 16 зарчмын зөрөөтэй саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулахаар шийдвэрлэв.
Хэлэлцсэн асуудал: Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Хуулийн төслийн ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрөөтэй 19 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулахаар шийдвэрлэв.
Хэлэлцсэн асуудал: Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Хуулийн төслийн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрөөтэй 35 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулахаар шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба