Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн гишүүд зарим эмнэлгийн маргаантай байгаа эзэмшил газартай танилцлаа

Ажлын хэсгийн гишүүд  зарим эмнэлгийн маргаантай

байгаа эзэмшил газартай танилцлаа

2013.06.05

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Улсын 2-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын 3-р төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагын эзэмшил газартай холбоотой тулгамдсан асуудал, зөрчил, маргаантай байгаа газартай танилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан энэ ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Баярсайхан, Байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон, Хяналт үнэлгээний хэлтсийн референт Н.Сүхбаатар, Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал нар ажиллав.

Ажлын хэсгийнхэн дээрх эмнэлгийн эзэмшил газрууд кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, хэсэгчилсэн болон бүрэн байдлаар тухайн дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар хувь хүн, компанийн эзэмшилд шилжиж, хувийн орон сууц, худалдаа үйлчилгээний газар, цаашлаад  бүр вьетнам машин засварын газар, Христийн сүм хүртэл баригдсан байгааг газар дээр нь үзлээ.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын тоо, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн хэдий ч эмнэлгийн барилгууд хүн ам цөөтэй байхад баригдсан тэр л хэвээрээ байгаагаас шалтгаалан эмнэлгийн орны хүрэлцээ муу,  хүлээгдэл ихтэйгээс эмнэлгийн тусламжийг иргэд цаг хугацаандаа авч чадалгүй эрүүл мэндээрээ хохирч байна.

Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хүн амд 7-гоос доошгүй чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх болсноос гадна жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын тоог дагаад эмнэлгийн барилгыг өргөтгөх, шинээр нэмж барих, орны тоог нэмэх  шаардлагатай зүй ёсоор гарч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл эзэмшил газрын зарим хэсгээ барилгын материалын дэлгүүрүүдэд алдсан,  дур мэдэн барилгын контейнерууд зөвшөөрөлгүй байрласан зэргээс шалтгаалан эмнэлгийн барилгад өргөтгөл хийх ямар ч боломжгүй болсон бөгөөд эмнэлгийн ойр орчимд агаарт дэгддэг цемент, элс, шохойг байнга ил задгай зардаг, хог хаягдал ихтэйн улмаас орчны агаарын болон хөрсний бохирдол хэрээс хэтэрчээ. Дүүргийн Газрын албанаас машины зогсоолыг нь нийтийн эзэмшлийн талбай гэж тогтоосон, түргэн тусламжийн автомашины гаражгүй зэргээс иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд байнга бэрхшээл гардаг тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулж байв.

Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнууд “Эзэмшил газраа хамгаалах түр хороо” байгуулж, сайн тэмцсэний дүнд газраа харьцангуй бага алдаж, заримыг нь буцаан авчээ. Гэсэн хэдий ч зарим байгууллага, аж ахуйн нэгж дур мэдэн хашааг нь нураах, газар доогуурхи төв магистраль шугамыг ухах, газрыг нь хууль бусаар авахыг оролдох, автомашины зогсоол болон хувийн сургуулийн дотор байрыг нярайн хүүхдийн тасагт ойртуулж  барьсны улмаас дуу чимээ ихтэй болсон нь эх, нялхсын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Мөн Улсын 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувьд ч гэсэн яаралтай түргэн тусламжийн машин чөлөөтэй орж, гарах гарцгүй болж, зарим үед өвчтөнүүдээ үүрч, дүүрэн зөөх үе ч гардаг ажээ. 

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан дээрх эмнэлгийн удирдлагуудтай уулзах үеэрээ Улсын Их Хурлаас эмнэлгийн эзэмшил газруудыг хувь хүн, компаниуд дур мэдэн булаан авч, зориулалтын бус барилга барьж байгааг таслан зогсоох, эзэмшил газруудыг кадастрын зургийнх нь дагуу баталгаажуулах, эмнэлгийн барилгын стандарт, нормативыг шинэчлэн боловсруулах, зөрчилтэй байгаа газруудыг буцаан олгохыг Нийслэл, дүүргийн Засаг дарга болон Газрын албанд үүрэг болгохыг чухалчлах хэрэгтэйг онцлон хэлж байв.

Ажлын хэсэг шалгалтын дүнг Байнгын хорооноос гарах тогтоолд тусгаж,  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах юм.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл