Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөрийн /2019.11.12/ хуралдаан 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар санал хэлэв.
Энэхүү хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах шаардлагатай. Сайд өвчтэй гэсэн шалтгаантай учир дараагийн хуралдаанаар хэлэлцэе гэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нарын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байв.
Иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.