Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдээсээ 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа 2012 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын саналыг нь авч төлөвлөгөөг баталсан. Тус Байнгын хорооноос намрын чуулганы завсарлагааны хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

 

Нэг. Зохион байгуулалтын ажил

 

2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын даргын 26, 27, 28 дугаар захирамж гарч, Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтоор ахлуулсан Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагаар ахлуулсан Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан.

 

Дээрх ажлын хэсгүүд хуралдаанаа хийж, ажлын дэд хэсгүүдийг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудад албан бичиг илгээх, судалгаа хийж эхлүүлэх, санал авах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

 

Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өргөтгөсөн уулзалт, ярилцлагыг зохион байгуулав. Уулзалтад улс төрийн 15 намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийт 41 хүн оролцож, 17 хүн Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар санал, бодлоо илэрхийллээ.

 

            Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ойрын хугацаанд хийх ажлаа төлөвлөн ярилцав. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд ямар үр дүн гарсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг ажиллуулж, танилцуулга бэлтгэх, “Үндсэн хууль тогтоогчдын холбоо” болон бусад холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн саналыг энэ асуудлаар авах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, улс төрийн бүх намуудад сонгуулийн хуулийн төсөлд санал ирүүлэх тухай албан бичиг илгээж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулсан ажлын дэд хэсгийг байгуулав.

 

       2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар Монгол Улсын Их Хурал болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт 2013-2016 онд хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын, Хууль зүйн болон Өргөдлийн байнгын хороо, Тамгын газартай хамтран 2013-2016 онд хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд хуулийн төсөл боловсруулахын өмнө бодлогын судалгаа хийх, хууль боловсруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, сонирхогч талуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үр нөлөөтэй арга хэрэгслийг бий болгох ажлууд хийгдэх болно.

 

             Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомж, практикийг конвенцид нийцүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх юм.

 

Хоёр. Хуулийн хэрэгжилттэй танилцсан ажил

 

2012 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах хяналт, шалгалтын ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

 

1.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү - Ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүн Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн С.Батболд нар/ 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, зарим байгууллагын мэдээллийг сонсов. Ажлын хэсгээс холбогдох байгууллагуудад албан бичиг илгээсэн бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зарим шашны байгууллагад очиж, танилцах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын баталсан  удирдамжийн дагуу Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа буддын шашны Пунцоглин хийд, христийн шашны Бүх үндэстний эцэг сүм, Кампус круйсед фор крайст төвийн салбар, Бахайчуудын үндэсний оюун санааны чуулга зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

 

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцлаа. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, зарим материалтай танилцав.

 

3.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Төв аймаг, нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажиллаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах мэдээллийн төв ажиллуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг биелүүлэх чиглэлээр тухайн засаг захиргааны нэгжээс зохион байгуулж байгаа ажилтай танилцав.

 

Гурав. Бусад ажил

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Канад улсын Төрийн албаны комиссын дарга асан Мариа Баррадос, Канадын тусламжийн агентлагийн төлөөлөгч Жан Шелтинг нарыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. 2010 оны 09 дүгээр сарын 28-нд байгуулсан хоёр орны төрийн албаны төв байгууллагын хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, судалгаа хийх, стандартыг сайжруулах, шинэтгэлийн үйл ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.        

                

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын  газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Орлогч суурин төлөөлөгч ноён Томас Эриксон болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч ноён Дийпак Элмер нарыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзан орон нутгийн удирдлагын чадавхийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов.                                                                                                                               

 

2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад болон албаны бусад хүмүүстэй уулзаж Аудитын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн зарим ажилтнуудтай уулзаж Улсын Их Хуралд хэрэгжихээр гарын үсэг зурагдсан төслийн ажлыг эхлүүлэх, төслийн удирдах зөвлөлийг байгуулж,  4 жилийн хугацаанд болон 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, батлуулах шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

 

2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн Р. Бурмаа нар Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

 

Завсарлагааны хугацаанд Байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хяналт шалгалтын ажлын 3 илтгэх хуудас бичиж, хуралдаанд оруулахаар бэлтгэлээ. Байнгын  хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 108 хуудас бүхий 8 албан бичиг, иргэдээс 25 хуудас бүхий 4 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн бөгөөд 25 хуудас бүхий 11 албан бичгийг илгээсэн болно.

 

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.