Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
-Монгол Улсын иргэн бүрийг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх;
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах;
-ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох зэрэг шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм.
Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй байгальд шууд хаяж, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай нь 51, хагас ажиллагаатай нь 27, огт ажилладаггүй 47 байна. Үүнээс үүдэн жилд 120 сая шоометр бохир ус байгальд шууд хаягдаж байгаа ажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, өмчлөл сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийн менежментийг зохицуулах байдал хэрэгжих боломжтой болно. Эцсийн дүнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах зэрэг үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.