ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт
(2019.11.04-08)
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нарыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагийн тэмцээн 10 дугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болж, Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон юм. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо Y байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлжээ. 2019.11.04. http://www.parliament.mn/n/gdky
УИХ-ын даргын 2019 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар удирдан явуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх Улсын Ерөнхий прокурорын саналыг танилцуулсан.
Улсын Их Хурлаас 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулжээ. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, тагнуулын ажилтны үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах харъяаллыг нь хуульчлан тогтоож өгч байжээ. Харин 2014 оны 01 дүгээр сард Прокурорын байгууллагын тухай хуулийг өөрчлөн Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны харьяалан шалгах хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлсэн байна. Төрийн албан хаагч, түүний дотор цагдаагийн албан хаагчийн үйлдсэн эрүү шүүлт тулгах, зүй бус харилцсан зэрэг үйлдлийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, хараат бус, бие даасан нэгжийг Улсын Ерөнхий прокурорын газрын дотоод бүтцэд дахин бий болгох шаардлагатай талаарх холбогдох тайлбаруудыг тэрбээр танилцуулав.
Үргэлжлүүлэн Тагнуулын ерөнхий газрын саналыг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх танилцуулгадаа, тусгай субъектын албан үүрэгтэй холбоотойгоор үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг нь АТГ-т, албан тушаалтай холбоогүйгээр үйлдсэн бусад төрлийн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллага хянан шалгаж байгаа одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх боломжтой гэж тус байгууллага үзэж байгааг дурдав. Хэрэв энэ төрлийн нэгжийг тусгайлан байгуулахаар бол Улсын Их Хурал, эсвэл Засгийн газрын дэргэд хараат бус, бие даасан хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа танилцуулав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн танилцуулгадаа, хуулийн байгууллагын алба хаагчдын үйлдсэн хэрэг, гомдлыг шалгаж буй практикаас үзэхэд тус газарт зөвхөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шалгахаар харьяалуулах, харин Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Мөрдөн байцаах албаны харьяаллаас гаргаж, цагдаагийн төв байгууллагын харьяалалд шилжүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн саналтай байгааг хэллээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал тус байгууллага нь хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа тайлбарласан. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст энэ төрлийн гэмт хэргийг бүрэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлснээр тус хэлтсийг бие даасан бүтэц болгон өргөтгөн зохион байгуулж, улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй, цагдаагийн байгууллагын дотоод нөөц бололцоогоор прокурорын хяналтан дор хэргийг шалгаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж ЦЕГ үзсэн байна.
Мөн Хүний эрхийн үндэсний комисс хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай хэмээн үзсэн талаарх саналыг тус комиссын гишүүн П.Оюунчимэг танилцуулсан юм.
Дараа нь хэлэлцүүлэгт оролцогч иргэн Э.Төмөрбаатар, М.Тулга, Б.Оюундэлгэр, Б.Жаргал, Л.Гансүх, Б.Батзориг, өмгөөлөгч К.Манлай, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нар дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, санал хэлэв. Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Л.Болд хэлсэн үгэндээ, өнгөрсөн жилүүдэд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж иргэдийг хэлмэгдүүлсэн байдлыг хэлэлцэж засаж залруулах ажлыг УИХ-ын түвшинд Түр хороо байгуулах хэлбэрээр хийх шаардлагатай талаарх саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгуулах нь зүйтэй юм гэлээ. 2019.11.04. http://www.parliament.mn/n/gmky
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар 2009 онд шагнаж байв.
Ардчилсан хувьсгалын ой нь манай нийт ард түмний баяр юм. Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн түүхэн үйл явцыг үнэлэн дүгнэж, олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийх, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, энэ үйл хэрэгт оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” гэж тогтоолын төслийн танилцуулгад дурджээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. 2019.11.04. http://www.parliament.mn/n/g8ky
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд дурдаад үүссэн нөхцөл байдлыг харгалзан зарим орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ үндсэн дээр Сангийн яам УИХ-аас баталсан төсвийн хязгаар, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд асуудлыг авч үзээд 606 орон тоо нэмэх, НДШ-ийг 41 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал, Засгийн газрын түвшинд экологийн цагдаа бий болгохоор шийдвэрлэж 146 орон тоо, хар тамхитай тэмцэх албанд 58 орон тоо нэмэх асуудлыг тусгасан. Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд багтаж буйг тэрбээр хэллээ.
Дараа нь Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараар, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнасангаар тус тус ахлуулан байгуулж ажиллуулахаар болов. 2019.11.05. http://www.parliament.mn/n/gxky
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ. Тус хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн уг асуудлыг хэлэлцүүлж буйгаа тэрбээр танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд зарим зүйлийг тодруулж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив.
Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь тус албан тушаалд ажиллах хугацаандаа улсын эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ болон олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласан ч тодорхой үр дүнд хүрээгүйг тэрбээр танилцуулав. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш хэмээн үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мөн дурдав. Иймээс Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.4 дэх заалтыг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх саналтай байгаагаа танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсони гишүүдийн олонх нь Надмидын Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжив. 2019.11.05. http://www.parliament.mn/n/g5ky
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийсэн юм.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш Монгол Улсын нэгдсэн төсөв 8 жилийн дараа анх удаа ашигтай гарсан эерэг үзүүлэлт боллоо.
Энэхүү боломжид суурилан Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх; Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлэх; зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх; өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх; бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг сайд танилцуулав. Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлжээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулсан бөгөөд ирэх оны улсын төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлага, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм. 2019.11.05. http://www.parliament.mn/n/8dky
Өргөдлийн байнгын хороо мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлсэн юм.
Манай улс хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин сая олон малтай боловч махны үнэ өндөр, хэрэглээ их, хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирүүлж байгаа аж. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн, мөн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газраас дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа юм.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, төрийн бус байгууллага болон өргөдөл гаргасан иргэд, мөн малчдын төлөөлөл оролцов. Түүнчлэн онлайнаар Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнууд холбогдон оролцов.
Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулга хийв. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2004 онд батлан гаргаснаас хойш хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд уг хуулийг шинэчилсэн найруулгаар бэлтгэх Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өсчээ. Зүүн бүсийн болон төвийн аймгуудад мал хулгайлах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй, харин баруун аймгуудад хил дамнасан малын хулгайн гаралт өндөр байдаг талаар танилцуулгадаа дурдаад мал хулгайлах гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаасаа танилцуулсан юм.
Дараа нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн 90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн зэрэг малын хулгайтай холбоотой тоон мэдээллүүдийг тэрээр дурдаад мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг онцолж байв.
Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуултт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд, малчдын төлөөлөл, мөн онлайнаар оролцсон аймгуудын албан тушаалтнууд саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг санал гаргасан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг холбогдох хуулийн төсөлд тусгуулахаар Хууль зүйн байнгын хороонд, мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм журам хоорондын зөрчил, давхардалттай холбоотой саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ. 2019.11.05. http://www.parliament.mn/n/88ky
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл-үүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт зардал 2020 оны төсвийн төсөлд 186.6 тэрбум төгрөг тусгагдаж, 2018 оны гүйцэтгэлээс 8.1 хувиар буюу 14.1 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 82.2 тэрбум төгрөгөөр буюу 78.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ нь 2019 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад хөрөнгийн зардлыг 21.6 тэрбум төгрөгөөр бууруулж төсөвлөсөн ч урсгал зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 74.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нь нийт зардал өсөхөд нөлөөлжээ.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв 2020 онд 175.2 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь 2018 оны гүйцэтгэлээс 1.1 дахин нэмэгдэж, 92.9 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 22.7 хувиар буюу 32.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2020 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 70.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 10.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 49.0 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөжээ.
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааралтай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2019.11.05. http://parliament.mn/n/8mky
УИХ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг хуралдав.
Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирсон байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, гишүүдээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ажиллаж байгаа юм. 2019.11.05. http://parliament.mn/n/8uky
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд:төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх; мөн зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх; өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх; бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Мөн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд зарчмын шинжтэй зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг дурдлаа.
Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд салбарын сайд нар болон ажлын хэсгээс асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёолллр санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжин, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийсэн юм.
Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ. 2019.11.05. http://parliament.mn/n/8zky
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хуулийн төслүүдийн талаар хийсэн танилцуулгадаа, Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд, юуны өмнө төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг онцоллоо. Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн байна.
Гадаад харилцааны яамны тухайд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудын барилгын их засварт 1 тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд мөн 1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь тун хангалтгүй үзүүлэлт. Мөн ирэх онд Олон улсын хамтын ажиллагааны сангийн зардалд ямар ч хөрөнгө төсөвлөөгүй байгаад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж, энэ хөрөнгө оруулалтыг нэмэх боломж бий эсэх талаар салбарын сайд болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас лавлаж байв. Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 ны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ц.Батбаяр, БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ.
Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан гишүүд Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд Элчин сайд, Байнгын төлөөлөгчийг томилох асуудлыг зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжив. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. 2019.11.06. http://parliament.mn/n/edky
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулан, санхүүжил, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар тэдгээрийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хороо холбогдох хуулийн төслүүдийг дэмжиж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдааны төгсгөлд Авто замын тухай, Усан замын тээврийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоол баталж, зарим хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулав. 2019.11.06. http://parliament.mn/n/85ky
Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын зарим гишүүд Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж, 2020 онд болох УИХ-ын болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл, мөн тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг дурдав. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асууж, ярилцлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, зөвхөн 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой. Ирэх хавар энэ тоо нэмэгдэнэ, үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд ч нэмэгдэнэ. Сонгуулийн зардалд 20.1 тэрбум төгрөг зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийг УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн, сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолохоор хуулийн төсөлд тусгаад байгааг хэллээ. 2019.11.06. http://parliament.mn/n/89ky
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогт төсвийн талаар танилцуулав.
Нийт төсвийн захирагчдын урсгал зардлын төлөвлөсөн дүнг 2019 оныхтой харьцуулахад төсвийн дөрвөн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал буурсан бол төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн зардал 6 орчим хувийн өсөлттэй, бусад нь 10-80 хувийн өсөлттэй байгааг дэд хорооны дарга З.Нарантуяа энэ үеэр дурдаад үүнд Сангийн яам, төсвийн захирагчид дүн шинжилгээ хийх шаардлагатай. Урсгал зардлын гол өсөлт нь Засгийн газрын урсгал шилжүүлэг, бусдаар гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээ, хөрөнгө, бараа материал гэх зэрэг зардлын төрөл байгаа. Түүнчлэн төсвийн зарлагын дээд хэмжээнд тулгасан дүнтэй байгааг шүүмжлэв. Иймд дүн шинжилгээ хийж үзсэний дүнд 805.6 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах боломжтой гэж үзэж буйгаа тэрбээр танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэж үзсэн байна. Иймээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2019.11.06. http://parliament.mn/n/emky
Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.
УИХ-ын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан 23 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, 2020 оны улсын төсвийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас гаргасан дүгнэлт, зөвлөмж, тооцоололтой танилцжээ. Мөн төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг Сангийн яамнаас гаргуулж танилцсан байна.
Энэ үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсээр байгаа нь төсвийн төлөвлөлт буруу хийгдсэн, төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлээгүй зэрэг учир дутагдалтай олон зүйл байна хэмээн үзэж, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэх, үр ашиггүй зарим зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэр гаргаж нийслэл, орон нутагт тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэх саналын томъёоллыг бэлтгэлээ. Төсвийн төслийн зарлага, санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй болгох үүднээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тооцсон орлого, зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан, өргөн мэдүүлсэн түвшинд нь тэвчиж болох зардлуудаа бууруулах замаар эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийн зардлын хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Аймаг, сум, нийслэлд харилцан адилгүй төсөв төлөвлөгдсөнөөр хөгжлийн ялгаатай байдлыг даамжруулахаар байгаа тул зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг бууруулж, нэмэгдүүлэх саналыг боловсруулсан гэдгийг ажлын хэсэг ахлагч танилцуулав.
Ажлын хэсэг Сангийн сайдын багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум, багцын гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум, улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 111.084 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрээр 2020 онд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахад зориулж Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг 4 тэрбум, Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын урсгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр, гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 2 тэрбум, улаан буудайн үрийн нөөц бүрдүүлэх чиглэлд 5 тэрбум төгрөг тус тус нэмэхээр тогтжээ.
Түүнчлэн Сангийн сайдын багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, моргейжийн зээлийн хүүгийн татаасыг мөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хууль тогтоомжоор хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлыг үндэслэлгүй бууруулснаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл тулгарсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн багц дахь урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж, төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нийт 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг боловсруулсан байна.
Ажлын хэсгээс жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, багийн хөгжлийг дэмжиж чадавхжуулах зорилгоор улсын төсвөөс ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2.87 тэрбум, Байгаль, орчин, уур амьсгалын санд 300 сая, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын урсгал зардлыг 950 сая, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын дотоод эх үүсвэрээс олгох зээлийн санхүүжилтийг 400 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх нь орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг бодитой дэмжих зөв бодлого болно хэмээн үзсэн байна.
Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 281 тэрбум 317.3 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүнтэй төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.
Дараа нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулсан. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 13,872.6 тэрбум төгрөгт хүрч 2019 оны батлагдсан төсвөөс 2,283.5 тэрбум төгрөг буюу 19.7 хувиар өсгөж байгаа бодит нөхцөл байдал, тооцооллыг авч үзвэл төрөөс үзүүлж буй үйлчилгээний зардлаа төр дийлэхгүйд хүрч мэдэхээр байгааг дэд хорооны дарга танилцуулгадаа дурдсан. Мөн боловсролын салбарт үр дүн муутай, үрэлгэн хөрөнгө оруулалт хийгдэж байгааг эргэж харах, төрийн халамж, тэтгэмжийн хэмжээ, түүнд хамруулах бодлогыг цэгцлэх, улсын төсөв нь хөгжлийн бодлого, зорилтыг хангахад чиглэх ёстойг сануулаад төсөв, санхүү, орлогын дийлэнх хувийг бүрдүүлж буй салбаруудыг төсөв, сангийн бодлогоор илүүтэй дэмжих, бодит салбарыг удирдах, дэмжих арга механизмыг шинэчлэх шаардлагын талаар онцлон дурдсан юм. Нийгмийн үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт орлого бүрдүүлэх боломж эрэлхийлэх, олсон орлогыг хэмнэх, хуримтлуулсны хэмжээгээр үр ашигтай зарцуулах механизмийг идэвжүүлэх нь зүйтэй хэмээн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо үзсэн байна.
Түүнчлэн макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж буй нөхцөлийг бууруулах шаардлагатай байгааг санал, дүгнэлтэд дурдаад Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөс 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг багасгах бүрэн боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ажлын хэсгийн танилцуулга болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсны дараагаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэж энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Мөн Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ. 2019.11.07. http://parliament.mn/n/juky
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах явцтай танилцаж, зөрчил дутагдлын шалтгааныг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллав.
Харилцаа холбооны салбарын олон улсын түвшингийн үзүүлэлтээр манай улс 2017 оны байдлаар дэлхийн 191 улсын 91 дүгээрт, харин Ази тивдээ 14 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 4 сая 360 орчим мянгад хүрсэн нь нэг хэрэглэгч дунджаар хоёр үүрэн холбооны дугаар эзэмшиж байгааг илтгэсэн үзүүлэлт аж. Цаг үеийн хөгжлөө дагаад дата хэрэглээний эрэлт сүүлийн жилүүдэд огцом өсөж, харин суурин холбооны хэрэглэгчийн тоо буурсан байна.
Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 43,396 км шилэн кабелийн дамжуулах сүлжээг татандаад байгаагаас 39,189 км-ыг нь хот хооронд, 4,207 км-ыг нь хот суурин газарт татжээ. Улс хоорондын интернет хэрэглээний багтаамж 2014 оноос хойш даруй 6 дахин нэмэгдсэн. Дэлхий нийтийн цахим технологийн хөгжлийг дагаад онлайн контентуудыг хянах, зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлж байлаа.
Монгол Улс фэйсбүүкийн өндөр хэрэглээтэй, гурван сая гаруй иргэний 2.2 сая нь фэйсбүүк хэрэглэдэг байна. Иймэрхүү идэвхтэй хэрэглээтэй улсад хуурамч мэдээлэл хурдан тархаж байгааг хэрхэн цэгцлэх талаар ярилцаж, хуульд нарийвчлан тусгах зохицуулалтын талаар уулзалтын үеэр хөндлөө. Сонгуулийн үеэр фэйсбүүк дээр элдэв групп, хуудас үүсгэн зохион байгуулалттай гүтгэлэг тараадаг, хуурамч хаягуудаар сэтгэгдэл бичүүлдэг явдал газар аваад байна. Энгийн үед ч өс хонзон, ашиг сонирхолдоо хөтлөгдөж худал мэдээлэл тараадаг, иргэн, байгууллагын нэр хүндэд халддаг явдал ихэсчээ. Фэйсбүүкт иргэд олноороо репорт хийх, хууль хяналтын байгууллагууд тухайн иргэнд хандаж устгуулахаас өөрөөр худал мэдээлэл газар авахаас нь өмнө таслан зогсоож устгуулах боломж төдийлөн байдаггүй тул энэ бүхэнд тохирсон онцлог зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж, санал бодлоо солилцов.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хуулийн дагуу хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 гаруй суваг, телевиз, радио үйл ажиллагаагаа явуулдаг байгаа бөгөөд телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй хэрэглэгчийн тоо улсын хэмжээнд 981 мянгад хүрчээ. Сонгуулийн үеэр радио, телевизийн сурталчилгааны зөрчил нэмэгддэг ч холбогдох хуулиудад заасан хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг, мөн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байдгийг тэд хэлж байлаа.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд хэлэхдээ, фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байна. Тиймээс цахим орчин дахь зохицуулалтыг хүний хувийн нууцад халдахгүйгээр, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчихгүйгээр, хууль бус агуулгатай контентыг хязгаарлах зэргээр нарийн заагийг нь олж зохицуулах хэрэгтэй байна. Өргөн нэвтрүүлгийн тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон гэдгийг тэмдэглээд эдгээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллаж, хуульд тусгуулах саналаө өгөхийг хүслээ. 2019.11.07. http://parliament.mn/n/jzky
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын даргад ирүүлжээ.
Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ. Элчин сайдад нэр дэвшигчид нь мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадварын Төрийн албаны тухай болон Дипломат байгууллагын тухай хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж. Мөн БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд нарыг эгүүлэн татыг зөвшилцөхө саналаа ирүүлсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжив. Мөн Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэв. Иймээс уг асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтож, эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дах МАН-ны бүлэг энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан учраас намын бүлэгт завсарлага олгож, уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав. 2019.11.8. http://parliament.mn/n/kmky
Эдийн засгийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгосон.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. 2019.11.08. http://parliament.mn/n/kxky
УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус хөдөлгөөнийхөн Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм. Тэд УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа энэ үеэр гардуулан өгөв.
УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар жагсаал цуглаанд оролцогчдын шаардлагыг УИХ-ын даргад уламжлах болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явагдаж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг шийдэж, энэ сарын 15-ны дотор улсын төсвийг батлах хуулийн хугацаатай учраас УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байна” гээд холбогдох хууль, журмын дагуу шаардлагын хариуг өгөхөө мэдэгдэв. 2019.11.08. http://parliament.mn/n/kuky
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан юм.
Төсвийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохоор төсөлд тооцсон байгаа тул УИХ энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ажлын хэсэгт болон Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас 2020 оны төсвийн жилд санхүүжилт шаардагдах хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх саналууд ирүүлснийг ажлын хэсэг судалж ажиллажээ.
Ажлын хэсгээс 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлж хэрэгжүүлэх зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудыг Байнгын хороонд танилцуулсныг Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсгийн санал нэг бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89,767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэхийг дэмжжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281,317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах нэмэлт зардлын эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын зарим ангилалд тусгагдсан урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж бууруулах, мөн он дамжин хэрэгжиж байгаа, 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах, Сангийн сайдын багцад тусгагдсан эргэж төлөгдөх зээл болон гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг бууруулах замаар гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Дараа нь УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн санал, дүгнэлтигй зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм.
Ингээд Төсвийн байнгын хорооноос бэлтгэж танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв. Үүнд, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60,000.0 сая, Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98,700.0 сая, Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100,000.0 сая, 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томьёоллын хавсралт 6-д тусгагдсанаар буюу 111,084.8 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,300.0 сая төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэр болох нийт 375,084.8 сая төгрөгөөр 2020 онд зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаарх зардал нэмэгдүүлэх Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжив. Түүнчлэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй бусад санал болон дэмжээгүй саналуудаар санал тус бүрээр санал хураалт явуулж, төсвийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгигй хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэснийг нэгдсэн хурадаанаар дэмжиж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүүлгийг хийх явцдаа Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 2 тусдаа сан болгож өөрчлөн зохион байгуулахыг дэмжиж, энэ чиглэлээр холбогдох өөрчлөлтийг нэмж тусгах, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулах асуудлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцан гүйцэтгэх тул эдгээр хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахад тавигдах шаардлага, татан буулгах хууль зүйн үндэслэлийг нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгиийг явуулж, дэмжлээ.
Хуралдааны эцэст Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарсан. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч ажиллан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас асуулт асууж хариулт, тайлбар авах явцад гишүүдээс төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан нь дэмжигдсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 2019.11.08. http://www.parliament.mn/n/kzk
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс