Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал, “энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна”, “энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэсэн хэсэг тус тус нэмсэн буюу өөрчлөн найруулсан байна.
Мөн дугаарт, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг 794,655.0 сая төгрөгөөр баталж, үүнээс гадна Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт тодорхой хэмжээний төсөв зарцуулах эрхийг олгосон, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ зэргийг баталжээ
Түүнээс гадна төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын нэмэлтийг дээрх хуулийн хавсралтаар баталсан байна.
Эмхэтгэлд, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтлэв. Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 368,864.6 сая төгрөгөөр, Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 342,325.4 сая төгрөгөөр тус тус баталжээ.
Эдгээр хуулиас гадна Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийг тус тус нийтэллээ.
Түүнчлэн зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор, Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий, хавсралтад заасан төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, Монгол Улсын 2016 оны төсөвт тусгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгажээ.
Хүний хөгжил сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 461,120.8 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2015 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын тогтоолыг, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.