Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол орон байгалийн бүс, бүслүүрийн онцлогтоо дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэгтэй. Үүний зэрэгцээ монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал нь байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлэн хадгалж ирсэн ард түмэн билээ.
Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсвэл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг байна. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавхи бүрдээгүй зэргээс шалтгаалан хувь хүн, гадаад дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашигладаг, гадагш гаргадаг байдал үргэлжилсээр байна.
2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгожээ. Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна.
Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гаралтай үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах ажээ.