Цэс

Холбоо барих

Холбогдох хууль, тогтоомжид тусгах саналаа ирүүлэхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн жилтэй холбогдуулан Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл хангалтын үйл ажиллагааны явцтай танилцаж, зөрчил дутагдлын шалтгааныг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй албаныхан өнөөдөр (2019.11.07) Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллалаа.


Харилцаа холбооны зохицуулах хороо нь бие даасан, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэнд харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын  иргэн  бүрт үндэсний  эрх  ашигт  нийцсэн харилцаа  холбооны дэвшилтэд хэрэглээ, үйлчилгээг хүргэх, салбарын бодлого хөтөлбөрт бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

Харилцаа холбооны салбарын олон улсын түвшингийн үзүүлэлтээр манай улс 2017 оны байдлаар дэлхийн 191 улсын 91 дүгээрт, харин Ази тивдээ 14 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 4 сая 360 орчим мянгад хүрсэн нь нэг хэрэглэгч дунджаар хоёр үүрэн холбооны дугаар эзэмшиж байгааг илтгэсэн үзүүлэлт юм.


Цаг үеийн хөгжлөө дагаад дата хэрэглээний эрэлт сүүлийн жилүүдэд огцом өсөж,харин суурин холбооны хэрэглэгчийн тоо буурсан байна.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 43,396 км шилэн кабелын дамжуулах сүлжээг татсан. Үүнээс 39,189 км нь хот хооронд, 4,207 км нь хот суурин газарт татсан. Улс хоорондын интернет хэрэглээний багтаамж 2014 оноос хойш даруй 6 дахин нэмэгдсэн. Дэлхий нийтийн цахим технологийн хөгжлийг дагаад онлайн контентуудыг хянах, зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлж байлаа.

Хүүхэд хамгааллын тухай, Сонгуулийн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Зар сурталчилгааны тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай зэрэг хэд хэдэн хуульд онлайн контенттэй холбоотой чиг үүргийг хүлээдэг ч Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн контентын агуулга хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоох эрх хэмжээ байхгүй. Харин эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, тогтоол шийдвэрийн дагуу технологийн зохицуулалт хийх төдий хууль зүйн боломжтой аж.


Монгол Улс фэйсбүүкийн өндөр хэрэглээтэй улс. Гурван сая гаруй иргэний 2.2 сая нь фэйсбүүк хэрэглэж байна. Иймэрхүү идэвхтэй хэрэглээтэй улсад хуурамч мэдээлэл хурдан тархаж байгааг хэрхэн цэгцлэх талаар ярилцаж, хуульд нарийвчлан тусгах зохицуулалтын талаар уулзалтын үеэр хөндлөө. Сонгуулийн үеэр фэйсбүүк дээр элдэв групп, хуудас үүсгэж зохион байгуулалттай гүтгэлэг тараадаг, хуурамч хаягуудаар сэтгэгдэл бичүүлдэг явдал газар авдаг. Энгийн үед ч өс хонзон, ашиг сонирхолдоо хөтлөгдөж худал мэдээлэл тараадаг, иргэн байгууллагын нэр хүндэд халддаг явдал бий. Фэйсбүүкт иргэд олноороо репорт хийх, хууль хяналтын байгууллагууд тухайн иргэнд хандаж устгуулахаас өөрөөр худал мэдээлэл газар авахаас нь өмнө таслан зогсоож устгуулах боломж төдийлөн байдаггүй тул энэ бүхэнд тохирсон онцлог зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж, санал бодлоо солилцов.

Мөн мэдээллийн сайтуудад тавих шаардлагыг нэмэгдүүлэх, оюун өмчийн зөрчилтэй, гүтгэсэн, шантаажилсан мэдээ, мэдээлэл олон нийтэд тараасан сайтуудыг хаадаг болох талаар Монголын сайтуудын холбоотой хамтран яриа хэлэлцээрээ хийж байгаа юм байна.


Сүүлийн үед цагдаагийн байгууллагатай хамтран 2013 оноос хойш “Black list” нэртэй системийг бий болгож, өнөөдрийн байдлаар зөрчилтэй 729 вебсайтын хандалтыг хаасан. Үүний тал хувь нь садар самуун сурталчилсан байсан бол 30 хувь нь оюуны өмч, 10 хувь нь спам сервер, 10 хувь нь бусад хууль тогтоомжийг зөрчсөн байжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хуулийн дагуу хяналт тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 гаруй суваг, телевиз, радио үйл ажиллагаагаа явуулдаг байна. Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлтэй хэрэглэгчийн тоо улсын хэмжээнд 981 мянгад хүрчээ. Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Радио долгионы тухай хуулийн хүрээнд тус хорооноос телевиз, радиод тусгай зөвшөөрлийг олгодог. 21 шалгуур үзүүлэлтээр байнгын хяналтыг хийдэг байна. Сонгуулийн үеийн радио, телевизийн сурталчилгааны зөрчил нэмэгддэг байна. Гэтэл холбогдох хуулиудад заасан хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооныхон хэлж байлаа. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 82.19 “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд энэ хууль заасан журам зөрчсөн радио, телевизэд нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин давтвал санал авах өдөр хүртэл үйл ажиллагааг нь тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зогсооно”, 82.20 “Энэ хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.15, 82.16, 82.17-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 82.21 “Энэ хуулийн 82.5, 82.12, 82.13, 82.17-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэх зэргээр заасан. Гэтэл дээрх заалтуудад торгуулийг хэн тавих, хэрхэн торгох зэрэг нь тодорхойгүй үлджээ.

Мөн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллах санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байдгийг ч тэд хэлж байлаа.


Фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байна. Цахим орчин дахь зохицуулалтыг хүний хувийн нууцад халдахгүйгээр, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчихгүйгээр, хууль бус агуулгатай контентыг хязгаарлах зэргээр нарийн заагийг нь олж зохицуулах хэрэгтэй. Өргөн нэвтрүүлгийн тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт тэмдэглээд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллаж, хуульд тусгах холбогдох саналуудаа өгөхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл