Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 14 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Х.Болорчулуун энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлэг, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-үүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй.
Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр мөн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төсвийн төслийн талаар танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт зардал 2020 оны төсвийн төсөлд 186.6 тэрбум төгрөг тусгагдаж, 2018 оны гүйцэтгэлээс 8.1 хувиар буюу 14.1 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 82.2 тэрбум төгрөгөөр буюу 78.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
2019 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад хөрөнгийн зардлыг 21.6 тэрбум төгрөгөөр бууруулж төсөвлөсөн ч урсгал зардлыг 29.6 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 74.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нь нийт зардал өсөхөд нөлөөлжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны төсвийн багцад улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний 77.8 хувийг барилга байгууламжийн зардалд, 14.8 хувийг их засварын зардалд, 7.5 хувийг тоног төхөөрөмж худалдан авах зардалд зарцуулахаар төсөвлөжээ.
2018 онд эхлүүлсэн 5.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” барих 1 төсөл арга хэмжээ, 2019 онд эхлүүлсэн 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 2 төсөл арга хэмжээг ирэх 2020 онд үргэлжлүүлэн барьж байгуулахаар төлөвлөжээ.
Харин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв 2020 онд 175.2 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь 2018 оны гүйцэтгэлээс 1.1 дахин нэмэгдэж, 92.9 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 22.7 хувиар буюу 32.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2020 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 70.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 10.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 49.0 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, их засварын зардалд нийт 24.7 тэрбум төгрөг төсөвлөсний 91.1 хувийг буюу 22.5 тэрбум төгрөгийг шинээр болон шилжих барилга, байгууламжид, 0.8 хувийг буюу 200.0 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд байрлах Монгол Улсын төв цэгийн засвар, тохижилтод, 2.0 тэрбум төгрөгийг Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зардлуудад тусгажээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Саранчимэг, А.Сүхбат, Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүдийн асуултад тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлага хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, уур амьсгалын санд хэдий хэмжээний мөнгө төсөвлөсөн талаар, Я.Содбаатар сүүний урамшууллын хэрэгжилт ямар байгаа талаар, А.Сүхбат тариалан эрхлэгчдийг дэмжих ямар бодлого баримталж байгаа талаар, Х.Болорчулуун үлийн цагаан оготныг химийн аргаар устгадаг асуудлын талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолд Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын үндэсний генобанканд шаардлагатай барилгыг барих арга хэмжээний хүрээнд Ботаникийн цэцэрлэгийн тохижилтын ажилд 1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах, Байгалийн ургамлын үндэсний генобанкны барилгын ажилд мөн улсын төсвөөс 7 тэрбум гаргаж Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хариуцахаар тусгаж, баталсан.
Гэтэл 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх барилга байгууламж, жагсаалтад энэ баталсан ажил ороогүй байна. Яагаад оруулаагүй вэ, одоо нэмж оруулах боломж байна уу” хэмээн тодрууллаа.
Тэрбээр мөн, гэр хороолол дахь шөнийн цахилгааны тэглэлтэд хэдэн төгрөг зарцуулах тухай болон өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн талаар тодруулж асуув.
Дээрх асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрөнгө оруулалт 2020 онд тавигдаагүй, зарчимын зөрүүтэй санал гаргах боломж байгаа” хэмээлээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нар зарчимын зөрүүтэй санал гаргаж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн гаргасан Ботаникийн цэцэрлэгийн тохижилтын ажилд 1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах саналыг гишүүдийн олонхи дэмжсэн бол Байгалийн ургамлын үндэсний генобанкны барилгын ажилд мөн улсын төсвөөс 7 тэрбум гаргах санал дэмжлэг авч чадсангүй.
Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл-тэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.