Улсын Их Хурлын даргын 2019 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр (2019.11.04) хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бусаар харилцаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын албан хаагчтай холбоотой, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийг миний бие ахалж байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан дэд ахлагчаар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа нар ажиллаж байна” гэлээ. Энэхүү ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сард байгуулагдсанаас хойш хэд хэдэн удаа хуралдаж, холбогдох байгууллагуудаас санал дүгнэлт аваад байгаа гэв. Мөн хууль хүчний байгууллагын албан хаагчдын хууль бус үйл ажиллагаанаас үүдэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэх гомдол гаргаж буй иргэдтэй уулзсан байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусгай субьектын хэрэг мөрддөг бие даасан байгууллага байгуулах шаардлагатай талаарх зөвлөмж туссаар ирсэн. Өмнө нь энэ төрлийн байгууллага байгуулсан хэдий ч үйл ажиллагааныхаа хүрээнд бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдол гарч байсныг Х.Нямбаатар гишүүн дурдав. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулан хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх Улсын Ерөнхий прокурорын саналыг танилцуулсан. Улсын Их Хурлаас 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулжээ. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, тагнуулын ажилтны үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах харъяаллыг нь хуульчлан тогтоож өгч байжээ. Харин 2014 оны 01 дүгээр сард Прокурорын байгууллагын тухай хуулийг өөрчлөн, Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм. Тус албаны харъяалан шалгах хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлсэн байна. Төрийн албан хаагч, түүний дотор цагдаагийн албан хаагчийн үйлдсэн эрүү шүүлт тулгах, зүй бус харилцсан зэрэг үйлдлийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, хараат бус, бие даасан нэгжийг Улсын Ерөнхий прокурорын газрын дотоод бүтцэд дахин бий болгох шаардлагатай талаарх холбогдох тайлбаруудыг тэрбээр танилцуулсан.
Мөрдөн байцаах алба нь 2002-2014 онд гэмт хэргийн талаарх 7000 гомдол мэдээлэл хүлээн авч, 3212-т хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулжээ. Үүнээс 1391 хэргийг шүүхэд шилжүүлж, 961 хэргийг хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгсэхгүй болгосноос гадна гэмт хэргийн улмаас учирсан 3.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хохирол төлүүлэхээр битүүмжилсэн байдаг байна.
2014 оны 02 дугаар сард Мөрдөн байцаах алба татан буугдсаны дараа ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ хэлтэс 2014-2018 онд 193 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 94 хэргийг шүүхэд шилжүүлэх, 88 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг аж. Түүнчлэн дээрх хугацаанд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдаа, мөрдөгч, прокурор, шүүгч зэрэг тусгай субьекттэй холбоотой 588 гомдлыг хүлээн авч шалгасны 186-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 124 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэв. Түүнчлэн цагдаагийн байгууллагын албан хаагчид эрхээ хэтрүүлэн, хууль тогтоомж зөрчиж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх мэдээлэл иргэдээс олонтаа ирдэг бөгөөд эдгээр нь зохих журмаар шийдвэрлэгдэхгүй байгаа талаар гомдол их ирүүлдэг хэмээн Улсын Ерөнхий прокурорын саналд дурдсан.
Үргэлжлүүлэн Тагнуулын ерөнхий газрын саналыг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх танилцууллаа. Тагнуулын байгууллагад хуулиар харъяалуулсан эх орноосоо урвах, тагнуул хийх, гадаадын тусгай алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, төрийн нууцыг хууль бусаар олж авах, задруулах, үрэгдүүлэх, экстремист (туйлширсан) үйл ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, хорлон сүйтгэх зэрэг үндэсний аюулгүй байдалд халдсан гэмт хэргүүд нь ихэвчлэн төрийн нууцад хамаардаг бөгөөд эсрэг талд нэвтрэх, тагнуулын үйл ажиллагааны шугамаар мэдээ, мэдээлэл цуглуулах, гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн эх сурвалж, арга ажиллагаа явагддаг тул тусгай субъектээс үйлдсэн энэ төрлийн гэмт хэргийг ТЕГ-ын Мөрдөн шалгах газар харъяалан шалгах нь зүйтэй хэмээжээ. Тусгай субъектын албан үүрэгтэй холбоотойгоор үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг нь АТГ-т, албан тушаалтай холбоогүйгээр үйлдсэн бусад төрлийн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллага хянан шалгаж байгаа аж. Энэ тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх боломж бий хэмээн үзэж байгааг тус байгууллагын саналд дурджээ. Авлига, цагдаа, тагнуулын байгууллага нь хуульд зааснаар тус тусын чиглэлд хуулиар харъяалуулсан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ төрлийн нэгжийг тусгайлан байгуулахаар бол Улсын Их Хурал эсвэл Засгийн газрын дэргэд хараат бус, бие даасан хэлбэрээр байгуулах нь зүйтэй хэмээх саналыг танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын саналыг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн танилцуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т “Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харъяаллыг прокурор тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг АТГ шалгахаар харъяалуулсан байдаг. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажлын ачаалал өссөнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагын ажлын байранд үйлдэгдсэн болон эрүү шүүлт тулгах хэргийг тус газар шалгахаар харъяалал тогтоожээ. Бусад хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгахаар шинэчилсэн байна. Хуулийн байгууллагын алба хаагчдын үйлдсэн хэрэг, гомдлыг шалгаж буй практикаас судлан үзэхэд тус газарт зөвхөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шалгахаар харъяалуулах, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Мөрдөн байцаах албаны харъяаллаас гаргаж, цагдаагийн төв байгууллагын харъяалалд шилжүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын саналыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал танилцуулав. Тус байгууллага нь хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа тайлбарласан. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст энэ төрлийн гэмт хэргийг бүрэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлснээр тус хэлтсийг бие даасан бүтэц болгон өргөтгөн зохион байгуулж, улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй, цагдаагийн байгууллагын дотоод нөөц бололцоогоор прокурорын хяналтан дор хэргийг шалгаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс хуулийн байгууллагын алба хаагчдын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай хэмээн үзсэн талаарх саналыг тус комиссын гишүүн П.Оюунчимэг дэлгэрэнгүй танилцуулсан.
Ийнхүү хуулийн байгууллагуудын саналыг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогч иргэд дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, санал хэлсэн. Тухайлбал иргэн Э.Төмөрбаатар, М.Тулга нар хуулийн байгууллагын албан хаагчдын хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигддөг талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулаад хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлсэн. Өмгөөлөгч К.Манлай, хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үйлчилүүлэгчийнхээ гомдлыг энэ үеэр танилцуулаад, мөн дээрх төрлийн албыг бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах бололцоогоор ханган байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн. Хэлэлцүүлэгт оролцогч иргэн Б.Оюундэлгэр, Б.Жаргал, Л.Гансүх нар хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Иргэдийн санал, гомдолд эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн олонтаа нэр дурдагдаж буй хууль хүчний байгууллагын алба хаагчдад хууль ёсны хариуцлага хүлээлгэх шаардлагын талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэлсэн бол иргэн Б.Батзориг хууль, шүүхийн байгууллагын албан хаагчид гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг насан туршдаа хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх талаар санал хэлсэн.
Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Л.Болд хэлсэн үгэндээ, өнгөрсөн жилүүдэд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж иргэдийг хэлмэгдүүлсэн байдлыг хэлэлцэн, засаж залруулах ажлыг Улсын Их Хурлын түвшинд Түр хороо байгуулах хэлбэрээр хийх шаардлагатай талаарх саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.