Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 45 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.Энэ хуулиар дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, тэнцэл, төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэрэг  эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталсан байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг тус тус баталжээ. Энэ хуулийн хавсралтаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг тус тус баталсан байна.

Шинэ дугаарт нийтлэгдсэн Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулиар Нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталж, тэдэнд төсөв  зарцуулах эрх олгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталжээ.

Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах нь Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн зорилт ажээ. Энэ хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэв.

Түүнчлэн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд Төсвийн тухай хуулийн ямар заалтыг хамааруулахгүй байх тухай мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.

Эмхэтгэлд, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай, “Чингис хаан” одон бий болгох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтэллээ.

Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ гэж  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэлд заажээ. Түүнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх ажлыг тусгажээ.

Мөн дугаарт Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай, Сонгуулийн зарим зардал санхүүжүүлэх тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

 2012 оны 12 дугаар сарын 4

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл