Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.12.02-06)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.12.02-06)


Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга, тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан УИХ-ын даргад өргөн барилаа.

“Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г анх 2002 онд баталсан бөгөөд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт  удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон.  Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан; түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болжээ.

Монгол Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ. 2019.12.02.    http://www.parliament.mn/n/bmko


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран боловсруулснаа өргөн барив.

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалтыг нэмж тусгасан.

Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна. Эдгээр хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулжээ.

Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэ хууль чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна. 2019.12.02.  http://www.parliament.mn/n/bdko


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын нэр бүхий 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хуулийн дагуу Улсын Их Хурлын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна.

Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.


Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ юм. 2019.12.02. http://www.parliament.mn/n/y9ko


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов. 2019.12.03.  http://www.parliament.mn/n/nmko


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  Ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын олон улсын шинжээчдийн багийн гишүүн Фернандо Вертоа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, УИХ-аас боловсруулж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар санал солилцов. Хуулийн төслийг боловсруулж байгаа энэ үед хууль эрх зүйн хүрээнд томоохон өөрчлөлт гарч, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг Байнгын хорооны дарга онцлоод Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улс төрийн намтай холбоотой заалтуудаас товч танилцуулав.

Харин хамтарч ажиллах хүсэлтийг нь таатай хүлээн авч, гаргасан санал, зөвлөмжид ажил хэрэгчээр хандаж буйд Фернандо Вертоа Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан санал зөвлөмж, олон улсын сайн туршлагыг нэгтгэсэн тайлангаас танилцуулж, хуулийн төсөлд тусгагдсан улс төрийн намын бүртгэл, төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, иргэн, байгууллагаас үзүүлэх хандив туслалцаа, тэдгээрийн тайлагналт, хяналт, хариуцлагын механизм зэрэг асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдуулан санал зөвлөмж ирүүлж, бусад улсын сайн жишиг туршлагаас хуваалцсанд талархал илэрхийлээд тус байгууллагаас гаргасан тайлан, санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахад аль болохоор анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Хуулийн төслийг улам чамбайруулах үүднээс талууд он гараад хамтарсан семинар зохион байгуулахаар тогтлоо. 2019.12.03. http://www.parliament.mn/n/nxko


Хууль зүйн байнгын хорооноос Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав. Сонсголыг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү нар болон Хууль зүй, дотоод хэргийн яам,  Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,  Гаалийн ерөнхий газар,  Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. 

УИХ-ын гишүүн Н.Учрал сонсголыг нээж хэлсэн үгэндээ, “"Цагаан тахал" болсон энэ асуудлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаас нь хэлэлцэж байна.  Хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгаад асуудал шийдэгдэхгүй. Мөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм. Олон улсын жишиг ч ийм байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад урлаг соёл, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал. Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарч, хяналт тавьж байхыг хүсэж байна” гээд нийгмээрээ хар тамхитай тэмцэхийг уриалав.


Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байгааг албаны хүмүүс энэ үеэр хэлж байв.  2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Холбогдогч нь 31.1 хувиар өсчээ. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ.

Тиймээс Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэлийг чангаруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо өмнөх оноос 22 хувиар өсчээ. Иймээс энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаны хүмүүс хэлж байв. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааруулан ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. 2019.12.03. http://www.parliament.mn/n/n5ko


УИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, мөн онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл үүсгэх болжээ. Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй юм.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль анх 1996 онд батлагдаж, 2007 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт нэг хуулиар зохицуулагдах болсон.

Өөр өөрийн онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулахад тодорхой хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэж байсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгож, дагнасан хуулиар зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх; дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор,  нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор товлон зарлах; сонгуулийн нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоохоор тусгажээ. Мөн тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх; нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. 2019.12.04. http://www.parliament.mn/n/nuko


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтов.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 


Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.   

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр, Дагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар тус тус ахлуулан байгуулахаар тогтов. 2016.12.04.  http://www.parliament.mn/n/dxko


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар санаачлан боловсруулж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталснаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгаж зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан атал хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамд морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Мөн өвөл, хаварт ил, далд хэлбэрээр явагддаг олон уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулах бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна.

Дараа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн ахалсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 3 удаа, ажлын дэд хэсэг 8 удаа хуралдаж, хуулийн төслийн талаарх саналаа нэгтгэн нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 59, найруулгын 3 санал гаргажээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 7 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. 2019.12.04.  http://www.parliament.mn/n/d5ko


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. 

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, Сургалтын албаны дарга, 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзсэн байна. Иймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2019.12.04. http://www.parliament.mn/n/d9ko


Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” олон улсын дунд сургууль, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн орчинд нөхцөл байдал ямар байгааг шалгаж танилцлаа. 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалын “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтад хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 340 дүгээр тушаалаар сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтад хийжүүлсэн ундаа, өнгө оруулсан ундаа, түргэн хоол зэргийг оруулжээ. 


Гэвч дээрх жагсаалтад дурдсан  хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд нь сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс юм. Гэтэл одоогийн байдлаар сургуулийн орчинд буюу сургуулийн гаднах бүсэд худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байдаггүй аж. Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-т ““сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг ойлгоно” хэмээн зохицуулсан байна. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд тэр хүртэл зохицуулалтгүй хэвээр байхаар байгааг албаны хүмүүс хэлж байв. 2019.12.04. http://www.parliament.mn/n/r8ko


УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар Улаанбаатар хотод зохион байгуулсан Архангай аймгийн малчдын зөвлөгөөнд оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын үндэсний баялаг бол монгол малчин, монгол мал гэдэгт итгэдэг. Миний аав 1992 оны Үндсэн хуулийг батлахад “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтыг тухайн үеийн хоршоологчдын бүлгэм буюу нэгдлийн дарга нар, малчдын төлөөлөлтэй хамтарч оруулсан. Тэр үед мал эмнэлэг, эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй бол Монголын шилжилтийн хамаг хүнд бэрхшээлийг дааж гарсан. Ийм учраас УИХ, гишүүд манлайлж малчдынхаа төлөө, мал аж ахуйг хөгжүүлэх олон хуулийг санаачлан баталж байна.  

Хөдөөгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар УИХ олон чухал хуулийг батлан гаргаж, санаачлагатай ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй байх гэж бодож байна гээд зарим хуулийг жишээ татаж онцлон танилцуулав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар наашлууллаа. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж, мөрдөж байна.


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж тэтгэвэр авах боломжтой болно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа.

2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн санг 8 хувиар, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар манай орны хүн амын дунд элбэг байгаа хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зохицуулалт хийлээ.

Малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэг, урамшууллын арга хэмжээг зохион байгуулж байна. Малчдын бэлтгэсэн ноос, арьс шир, сүүний урамшуулалд 2019 онд 37.4 тэрбум төгрөг олгоно. Эдгээр урамшуулал 2020 онд ч үргэлжилнэ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог бие даалган зохион байгуулав. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд улсын төсвөөс олгодог зардлыг нэмэгдүүлж, аж ахуй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шүлхий өвчнөөс сэргийлж чадсаныг онцлон дурдав. Мөн Бэлчээрийн тухай хуулийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авна, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэж малчдын өмнө тулгарсан малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчинг чангатгах болно гэдгийг хэллээ. 2019.12.05. http://www.parliament.mn/n/rzko


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Болдын Амарбаясгаланг нэр дэвшүүлснийг танилцуулав. Нэр дэвшигч Б.Амарбаясгалан нь хуульч эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. 1995-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багш, ахлах багш, Сургалтын албаны дарга, 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авчээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж үзсэн байна. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд  нэр дэвшигчийг танилцуулсан талаар Монгол Улсад Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтов. 


Нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэ холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 60 шахам, найруулгын 10 орчим санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2019.12.05. http://www.parliament.mn/n/r5ko


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолтын төслийг хаалттай горимоор хэлэлцэв. 2019.12.05.  http://www.parliament.mn/n/fdko


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулав.

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хуулийн дагуу Улсын Их Хурлын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.


Төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 дугаар захирамжаар байгуулагдсан намуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн 26 нам, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн 8 байгууллага, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төслийг вэб сайтад байршуулан олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг зохион байгуулж ажилласан. Түүнчлэн хуулийн төслийг улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулж явуулахад төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан. Мөн Засгийн газраас ирүүлсэн 10 саналаас 9-ийг нь төсөлд тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. 2019.12.05. http://www.parliament.mn/n/r9ko


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Дараа нь  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж,  энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болжээ. Дээрх хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ус хангамж, ариутгах татуургын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар хариуцлагыг дээшлүүлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив.

УИХ 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан цагаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байгаа аж. Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн өвөл, хаврын улиралд ил, далд хэлбэрээр явагддаг олон уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглохоор зохицуулжээ. 2019.12.05. http://www.parliament.mn/n/f8ko


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.  

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа  зургаа дахь хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг өрхийн эмнэлэг, Хан -Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөцөө цогцоор нь шийддэгээрээ онцлогтой. Төслийн зорилго нь эмзэг бүлгийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад чиглэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байв.

Дараа нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан горимын саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Тогтоолын төслөөр Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болж байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. 


УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох аж. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэдгийг төсөл санаачлагч онцлов.

Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулсан байна. Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ.


Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслөөр өмнөх хуулийн алдаа, зөрчлийг зассан эсэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан талаар тодруулж байлаа. Мөн 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйлах шалтгааныг тодруулахын зэрэгцээ 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хугацаа, техникийн боломж бий эсэхийг илүүтэй лавлаж тодруулав. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар хариулт өгсөн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэв. 2019.12.06. http://www.parliament.mn/n/fzko


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл