Цэс

Холбоо барих

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар  хот


Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн А. Бакей


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Сонгуулийн ерөнхий хорооноос 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар тусгасан болно.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авах нь “хугацааны хувьд арай эрт байгаа, саналыг эрт авснаар маргаан үүсэх” зэрэг асуудлаар саналаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар ирүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                              А.БАКЕЙ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл