Цэс

Холбоо барих

БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (парламентын) дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг өнөөдөр (2019.12.10) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршалаар дахин сонгогдсонд нь хатагтай Малгажота Гошевскад баяр хүргээд, “Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой ирэх онд тохионо. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин гүнзгийрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол-Польшийн найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир нар оролцож байна.


Та айлчлалынхаа үеэр Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Та бол 1990-ээд онд социалист тогтолцоог хамран өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эхлэл болсон Польшийн “Солидарность” хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтний нэг гэдгийг бид мэднэ. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдаж, өрнөн хөгжихөд “Солидарность”-ийн жишиг загвар, туршлага сургамж үнэ цэнэтэй байсан нь дамжиггүй гэлээ.

Хатагтай Малгажота Гошевска Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, парламент хоорондын хамтын ажиллагааг Байнгын хороод, гишүүд хооронд өргөжүүлэх нь чухал юм. Энэ нь бүхий л салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно. Өмнө нь хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Тэнд тусгагдсан арга хэмжээг бодит ажил хэрэг болгох талаар хоёр тал анхаарах хэрэгтэй гэж бодож байна гэж тэмдэглэв.

Уулзалтад оролцсон Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ялахад хамгийн чухал туршлага, нөлөө үзүүлсэн улс бол Польш юм. Таныг Монголд ирсэнд, Ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Цаашид бид зогсонги түвшинд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд түлхүү анхаарах хэрэгтэй байна. Польш Улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд, манай улс Польшийн бараа бүтээгдэхүүнийг Азийн орнуудад хүргэх гүүр болох боломжтой” гэж онцоллоо.


Хатагтай Малгажота Гошевска “Худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ч сүүлийн үед нэмэгдэж байна. Жишээлбэл, 2018 онд 60 сая евро-гоор хэмжигдэж байсан бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 20 хувь өссөн байна. Бизнесийнхний хоорондох хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал юм. Ирэх жил бид хоёр талын Бизнес форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хоёр орны томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх гол нөхцөл юм. Тухайлбал, манайд дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр бий. Монголд зэсийн үйлдвэр хамтран байгуулах төсөлд оролцох боломжтой” гэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээх асуудлыг хөндсөн бөгөөд хатагтай Малгажота Гошевска Элчин сайдын яамаа нээх нь бидний хувьд ч чухал учраас Сеймийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Эхний алхмуудаа хийсэн. Нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл