Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаан 15 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж.
Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Одоогийн байдлаар хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.
Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж ирсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа, бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг хуулл санаачлагч илтгэлдээ дурдав.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцлов.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.
“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь байх аж.
Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, С.Батболд, Ж.Энхбаяр нар төслийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, хөрөнгийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой сонгоход хэрхэн анхаарсан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Төслийн эхний шат буюу 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Мөн 2016-2019 онуудад нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдлыг бууруулж, засвар шинэчлэлт хийсний зэрэгцээ гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэдгийг тэрбээр хэллээ.
Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.