Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталлаа


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.


Харин Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар дээрх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх чуулганы өчигдрийн хуралдааны санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр тогтов. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Иймээс  Байнгын хороо энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хуралдаан даргалагч чиглэл болгосон юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээд байв.  Харин хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэв.


Ингээд хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн "Хууль хүчин төгөлдөр болох" гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг "Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тодорхойлж тусгах саналыг дэмжсэн Байнгын хороо саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжив.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгох санал дэмжигдсэн болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэг агуулгатай хэсэг нэмэхээр тогтлоо.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг санал хурааж дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Мөн гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл