ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт
(2019.12.16-20)
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.
Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилт дэвшүүлжээ.
Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн 11 дүгээр сард анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулахад цахимаар нийт 8894 хүн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 1588, хоёр дахь шатны шалгаруулалтад 1443 нь тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтад 1116 хүн тэнцэж, төрийн албаны нөөцөд багтжээ. Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж төрийн албаны чадахуйн зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ ёс зүйн ур чадварыг чухалчилж үзсэнээ Төрийн албаны зөвлөлөөс танилцуулж байв.
Мөн тус зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийхэд төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, гэрээгээр ажиллуулсан, мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа, төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгаа аж. Тухайлбал, зөвхөн 2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ. Иймд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хуульчлах, зарим хуульд байгаа зөрчлүүдийг арилгах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг наашлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Төринй албаны зөвлөлийн гишүүд хэлж байв.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгааг онцоллоо. Мөн төрийн албанд танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг ажиллуулж, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг сүүлийн гурван жилийн турш Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулсан байна. 2919.12.16. http://www.parliament.mn/n/c9ko
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө. Энэ нэмэлт, өөрчлөлт нь гурван үндсэн асуудлыг өөрчлөхөд чиглэсэн гэж болно.
Нэгд, Монголын төр, “төр” шиг байх. Уламжлал болон орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагыг хослуулсан өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьсан.
Хоёрт, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг ард иргэд тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн.
Гуравт, дээрх хоёр өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд Монгол хүнийг сайхан амьдруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээтэй болж, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад чиглэж байгаа юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий биш. Үүнийг бид хэлбэрэлтгүй дагаж мөрдөж, өөрчлөлт, шинэчлэлтийг ард иргэдийн амьдралд хүргэх учиртай.
Монголын төр “Төр” шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэнэ. Төрийн албаны шинэчлэлийн гол зорилго бол төрийн албан хаагчид, удирдлагуудыг дээр, дооргүй “ялагч” байлгах юм. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шаардаж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн таван сарын хугацаанд уламжлалыг чухалд авч үзсэн. Хан төрийн долоон эрдэнийн хамгийн чухал “Түшмэл” эрдэнэ байдаг. Эзэн Богд Чингис хаан ч төрийн түшээдээ сонгож томилохдоо ах дүү, ураг төрлөө гэхээсээ илүүтэй үнэнч шударга, чинхүү сэтгэлтэй шадаруудаасаа сонгож, дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. 1923 оны Ардын засгийн Түр дүрэмт ч энэ уламжлалыг харгалзан үзсэн байдаг. Нутгийн захиргааны дүрэмд төрийн албан хаагчдад арван гэрийн даргаас эхлээд улсын засгийн тэргүүн хүртэл сонгосон, томилогдсон бүх төрийн албан хаагчдад дөрвөн зүйлийн шаардлага тавигдсан байдаг. Тодруулбал, баячууд, эрх мэдэлтнүүдэд “нүүрчлэхгүй” байх. Ямбатнуудын нүүрийг хараад тал засдаг, ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үг. Ховдог шунахай байхыг хориглосон. Өөрийн хариуцсан хэрэг явдлыг магадаар бүтээж чадах. Мөн бичиг үсэгт боловсронгуй байх талаар заасан байдаг.
Энэ нь Азийн төрт ёсны уламжлалд ч шингэсэн бөгөөд Япон, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсуудын хөгжлийн нууц нь төрийн алба, түшмэл эрдэнийг дээдлэх зарчимд байдаг. Энэ мэтчилэн Монголын болон Азийн төрт ёсны уламжлалаа дагах хэрэгтэй.
Төрийн албаны шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.
Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага эрс өөрчлөгдөж байна. Өнөөдөр байгаа төрийн албаны боловсон хүчний 50 хувийг цомхотгох боломжийг хиймэл оюун ухаан, icloud, их өгөгдөл, эд юмсын интернет олгож байна. Дэлхийн эдийн засгийн форум, Бостон консалтинг судалгааны байгууллагуудын дүгнэлтээр АНУ, Англи, Япон зэрэг улсад ойрын 20 жилд хиймэл оюун ухааны тусламжтайгаар нийт ажлын байрны 50 хувийг орлоно гэсэн байна. Одоо нэвтрээд эхэлсэн байгаа төрийн албаны icloud систем буюу хамгийн чадвартай хүмүүсийг онлайнаар ажиллуулдаг болсон. Интернет онлайн орчинд гэрээсээ бие бус байдлаар ажил үүргээ гүйцэтгэх нь цаг хугацаа, зардал хэмнэх бололцоотой болж байгаа юм. Иймд Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагуудын дараагийн нэг том зорилт нь дижитал өөрчлөлт байх ёстой.
Энэ бүх реформыг хийхийн тулд Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт хийдэг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Шалгалтын даалгаврыг эрдэмтэн судлаачдаар орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж шинэчлэн боловсруулах шаардлагатай. Харин ёс зүйн дүрэм, жендэрийн тэгш байдал, ажил албаны сахилга хариуцлагын талаарх баримт бичгийг сайн судлуулж, шалгаруулалтын голлох даалгавар болгох ёстой.
Энэ бүхэнтэй уялдуулаад Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сүүлийн гурван жилийн турш хамтран боловсруулж, өнөөдөр Та бүхнээр хэлэлцүүлж байна.
Энэ хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж хийгдэх хууль эрх зүйн хувьсгал, өөрчлөлтийг хийнэ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай зэрэг хуулиудад нэн тэргүүнд өөрчлөлт орно.
Хууль эрх зүйн өөрчлөлтүүдээр төрийн албанд “ирлээ, явлаа” гэдэг хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсооно. Иймд төрийн албан хаагч тогтвортой ажиллана. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсад авлига хээл хахууль арилж, төрт ёсонд шинэчлэл авчирна.
Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийн түүх эхэлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол хууль эрх зүйн хувьсгал өөрчлөлтийг хийхийг тулд чиглэсэн гэдгийг дахин сануулъя.
Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэчлэлийг тууштай, хариуцлагатай, зарчимтай, ил тод хэрэгжүүлэхийг үүрэг, чиглэл болгож байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжиж эхэлсэн эхний алхам болно гэдгийг онцоллоо. 2019.12.16. http://www.parliament.mn/n/cuko
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын хяналтад орсонтой холбогдуулан УИХ-аас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар болон Монгол Улсын үндсэн хуульд оруусан нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, саяхан батлагдсан Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын талаар гадаад улсаас суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт мэдээлэл өгөв. Мөн УИХ-аар соёрхон батлаад байгаа хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтад оролцсон дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарахад дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн болон сонирхсон бусад асуудлын талаар Байнгын хорооны даргаас тодруулж, санал солилцов. Тухайлбал, Үндсэн хуульд оруулсан шүүхийн хариуцлагын зөвлөл, байгалийн баялаг ашиглахтай холбоотой заалтууд болон ирэх оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа зэрэг асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хариулт өгөв.
Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын саналыг Байнгын хороо болон УИХ дээр анхаарч ажиллахаа Байнгын хорооны дарга илэрхийлэв. 2019.12.16. http://www.parliament.mn/n/pdko
Эдийн засгийн байнгын хорооноос Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд болон холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сонсголын эхэнд салбарын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр, зам, барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам, барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болоод тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр 3 жил байхаар хуульчилсан. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт 109 зам, барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг 3 жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна. Мөн авто зам, замын байгууламжийн чанар, үр ашиг сайжирч байна. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эрхтэй 39 компани байгаа. 2019 онд Зам тээврийн хөгжлийн төвөөс 187 зураг төсөлд магадлал хийснийг танилцуулгадаа дурдав.
Авто замын арчлалт, засварын ажилд 2017 онд 20 байршилд, 2018 онд 19 байршилд, 2019 онд 21 байршил их хэмжээний эвдрэл гарч 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг зам хариуцагч 32 байгууллага засварлажээ. Харин Авто замын санд олон улсын, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 19 цэгээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд 2018 онд 7.6 тэрбум төгрөг, 2019 оны эхний 11 сарын байдлаар 8.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр нийт 6293 ширхэг тэмдэг шинээр байрлуулж, 170 км хэвтээ тэмдэглэгээг сэргээх ажлыг хийжээ.
Авто замын тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх нийт 13 журмыг баталжээ. Уг хууль нь 10 бүлэг, 36 зүйл, 167 заалттайгаас өнөөдрийн байдлаар 95 хувийн хэрэгжилттэй, 9 зүйлийн 29 заалт хэрэгжээгүй болон хагас хэрэгжилттэй байна гэж салбарын яам үзжээ. Харин Монголын автозамчдын холбоо төрийн бус байгууллагаас хуулийн 34 заалт буюу 13.5 хувь нь хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Сонсголд оролцогчид хуулийн зүйл, заалтын хэрэгжилтийг “хуурай” тоогоор илэрхийлэхгүйгээр бодит нөхцөл байдалд тулгамдаж байгаа асуудлыг нь нарийвчлан хэлэлцэх шаардлагатайг хөндөж байлаа. Тухайлбал, олон улсын болон улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ тус тус байхаар хуульд заасан ч бодит байдалд хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд халдах болдог. Мөн барилгын компаниудын хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авах гэхээр лицензийн асуудал яригддаг учраас цаг хугацаа алддаг, хоёр, гурван яам дамжиж зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Гэтэл Авто замын тухай хуульд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Түүнчлэн Авто замын зөвлөлийг ажиллуулах боломжийг өргөн хүрээнд нээж, хяналтын тогтолцоог сайжруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.
Ингээд Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан саналыг нэгтгэн Засгийн газраар дамжуулж Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгөхөөр тогтов. 2019.12.16. http://www.parliament.mn/n/p8ko
Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулав.
Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бэлэн бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойлогдохгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа зэргийг худалдаалж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул холбогдох арга хэмжээ авч, таслан зогсоохыг хүссэн өргөдлийг Байнгын хороонд удаа дараа ирүүлжээ. Иймээс Байнгын хорооны ажлын хэсэг энэ осарын 04-ний өдөр ерөнхий боловсролын зарим сургуульд ажиллаж нөхцөл байдалтай танилцсан байна.
Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцон тайлбар, мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг сургуулийн орчинд хямд өртөгтэй хамгийн чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай газ, цавуу, архи, тамхи зэргийг худалдаалж байгааг таслан зогсоох яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авч, эрхзүйн зохицуулалтыг мөрдөж, уялдаа холбоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгээс сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Зөвлөмжид 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэлийг хангах, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2013 онд баталсан цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад архи, согтууруулах ундаа зэрэг шаардлагатай зарим бүтээгдэхүүнийг нэмэх, хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг тусгажээ.
УИХ-аас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Уг хуульд зааснаар “сургуулийн орчин” гэдэгт сургуулийн байр, дотуур байрыг, Газрын тухай хуульд зааснаар сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойрон дахь 150 метр хүртэлх газрыг ойлгох юм байна. 2019.12.16. http://www.parliament.mn/n/q8ko
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтов. 2019.12.17. http://www.parliament.mn/n/qdko
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Манай улсын онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985.000 еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байгаа аж. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.
Зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө, зээлийн хүү жилийн 0.08 хувь байх нөхцөлтэй. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. ОУВС-гийн аргачлалаар энэ зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа гэдгийг Сангийн сайд танилцуулав.
Дараа нь Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгож нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талууд гарын үсэг зуржээ. Зээлийн хугацаа 17.5 жил, зээл нь хүүгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жилд чөлөөлөгдөх юм байна.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж, Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ. Хөтөлбөрийн санхүүжилт болох 100 сая ам.долларыг Дэлхийн банкнаас авахаар тохиролцож, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 3 дахь удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. 2019.12.17. http://www.parliament.mn/n/p9ko
Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав. Сонсголд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбоо болон арилжааны банкуудын төлөөлөл оролцлоо. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан даргалж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Я.Содбаатар, Б.Ундармаа нар оролцсон юм.
Ерөнхий хяналтын сонсголын эхэнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг Монголбанкны төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан хийсэн юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ-аас 2017 оны 5 дугаар сард баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хууль батлагдсанаар төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо гэх мэт мэдээллийн технологийг даган хурдтай хөгжиж байгаа нэн чухал зүйлсийг шинээр тодорхойлсон бөгөөд энэ системд хэн оролцож, ямар үйлчилгээ үзүүлэх, ингэхдээ ямар шаардлага хангаж, хэрхэн зөвшөөрөл авах, ямар дүрмийн дагуу тоглох гэх мэт банк санхүүгийн бусад хуулинд байдаггүй зүйлсийг зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл манай төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалт нь олон улсын стандартад нийцэж, шаардлагыг хангаж эхэлсэн гэдгийг илтгэгч онцоллоо.
Хуулийн хүрээнд шинээр бий болсон зохицуулалт нь цахим мөнгө гаргах үйлчилгээ болон төлбөрийн системийн оператор, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх юм. Үүний нарийвчилсан зохицуулалтыг хийх зорилгоор 2018 оны 2 дугаар сард Цахим мөнгөний журмыг, 10 дугаар сард Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журмыг боловсруулж батлуулжээ.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд эдгээр зөвшөөрөл авсан оролцогчдод газар дээр шалгалт хийх, зайнаас хяналт тавих үүргийг Монолбанк хэрэгжүүлдэг. Энэ үндсэн дээр төлбөрийн системийн оролцогч бүх банкуудыг хамарсан иж бүрэн шалгалтыг жил бүр хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд мэдэгдэж, залруулах талаар арга хэмжээ авчээ. Мөн цахим мөнгө гаргах зөвшөөрөл авсан Мобифинанс ББСБ-ын үйл ажиллагаанд анх удаагаа шалгалт хийж, зөвлөмж хүргүүлсэн байна. Банкууд болон төлбөрийн системийн оролцогчдоос сар бүр тоон мэдээ цуглуулж авдаг бөгөөд энэ тоон мэдээг боловсруулж улирал бүр тайлан гарган, Монголбанкны цахим хуудсанд байршуулж олон нийтэд ил тод мэдээлж байгаа аж.
Харин сонсголд оролцогчид Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай заалт нь Зөрчлийн хуульд тусгагдаагүй байгаагаас хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд боломжгүй байдаг. Иймээс Зөрчлийн тухай хуульд холбогдох хариуцлагыг тусгаж оруулах шаардлагатай.
Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төлбөрийн хэрэгсэл гаргах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх зөвшөөрөл олгох заалтууд нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудтай давхацсанаар ойлгомжгүй байдал үүсгэж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага хэнээс зөвшөөрөл авах нь тодорхойгүй байгааг зохицуулах шаардлагатай гэсэн санал хэлж байв. 2019.12.17. http://www.parliament.mn/n/qxko
Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт энэ сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотод болж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монголын парламентын төлөөлөгчид Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын гишүүдтэй хоёр талын уулзалт хийж, хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын XII уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцжээ.
Энэ үеэр Европын парламентын зүгээс Европын Холбоо, түүний гишүүн орнууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг талархан дэмжиж байдгаа тэмдэглэж, манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлжээ. Түүнчлэн Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, тэдгээрийг зохицуулж буй хууль тогтоомжуудын тогтвортой байдал нь үүнд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэсэн байна. Мөн хоёр тал энэ онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн нийгэм зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан бүхий л чиглэлд хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшаажээ.
Монгол Улсын Их Хурлын Монгол, Европын парламентын бүлэг болон Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг бэхжүүлж, цаашид хоёр ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт шийдвэр төгс байгаагаа илэрхийлж, уулзалтын дүнгээр хамтарсан дүрст мэдэгдэл хийсэн байна. 2019.12.17. http://www.parliament.mn/n/quko
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн "Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтсон юм.
УИХ-ын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.
Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна.
Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол гаргажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.
Нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байсан. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл гарах болсон тул төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй, харин 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 75 дугаар зүйлийг “75.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. 75.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. 75.3.Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 75.4.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулах, “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэхээр тогтов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэхээр болов. Энэ заалттай холбогдуулан төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 42.14 дэх заалт нэмэхээр боллоо.
Харин хуулийн төсөлд сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авахаар тусгасныг ажлын хэсэг “21:00” гэж өөрчлөх санал гаргасан ч гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй, төслийн заалт хэвээр үлдэхээр болов.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 46.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж өөрчлөн найруулахаар болов.
Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь заалтыг төсөлд нэмэх санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Амарзаяа, Б.Пүрэвдорж, Л.Болд нарын гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. 2019.12.18. http://www.parliament.mn/n/qzko
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигчийн талаар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр 1 нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай.
Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг нэр дэвшүүлж байгаа аж. Нэр дэвшигч нь 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн, 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистр, 2009-2012 онд мөн сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн даргаар, 2017 оноос тус хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэр дэвшигчийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 2019.12.18. http://www.parliament.mn/n/q9ko
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зүйл, заалтыг гүйцээн боловсруулсан талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.
Дараа нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан УИХ-ын гишүүн Л.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Я.Санжмятав, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов. 2019.12.18. http://www.parliament.mn/n/xxko
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шийдвэр гаргах, түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Сатта, Австралийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алекс, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, Жендерийн үндэсний хороо, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, Монфемнет эмэгтэйчүүдийн сүлжээ байгууллагын төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд оролцож, санал бодлоо илэрхийлэн гарц, шийдлүүдийг ярилцав.
Аливаа улс орны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хэрээр нийгэмд шударга ёс, тэгш эрх хангагддаг. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан нинжин сэтгэл, гоо зүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг үйлдлүүдэд эмэгтэйчүүд бага өртдөг гэж судлаачид үздэг агаад ийм судалгаа, дүгнэлтүүд ч байдаг аж. Иймээс УИХ-ын сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх квотыг тусгаж өгөх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийлсэн юм.
Мөн энэ удаагийн парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, нийгмийн асуудалд онцгой анхааран ажиллаж байгаад талархаж буйгаа хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Мөн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн чанартай асуудлууд эхнээсээ шийдлээ олж байгаа нь энэ парламентад ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн ажлын үр дүнгийн илрэл гэдгийг дурдаж байлаа. 2019.12.18. http://www.parliament.mn/n/xzko
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.
УИХ-ын дарга энэ үеэр хэлсэн үгэндээ, УИХ улсын эдийн засгийг сэргээх амлалтаа биелүүлэх, шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй, шахуу ачаалалтай ажиллаж, нийтдээ 1250 гаруй хууль, тогтоомж баталсан, бүтээлч, ачаалал ихтэй нэгэн оныг үдэж байна.
Энэ удаагийн УИХ парламентын засаглалаа бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан монгол төрийн томоохон үйл хэргийг гүйцэтгэж чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэх, төрд сахилга хариуцлага, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүхийн хараат бус, нутгийн захиргааны бие даасан байдлыг бататгах, цогцоороо бол хууль эрх зүйн өөрчлөлт хийх суурь нөхцөл болох болно. Үүнийг бид гадаад, дотооддоо нэг мөр ойлговол зохино. Энэ хүрээнд бид өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлж байна. Парламентад шинэчлэл эхэлсэн. Гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц эрс нэмэгдсэн.
Ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Хууль батлаад орхих биш, хэрэгжилтийг нь хянадаг, шалгадаг зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгасан. Өнгөрсөн 30 жилд бидэнд алдсан зүйл бий. Баян, хоосны ялгаа ихэсч, нийгмийн тэгш бус байдал газар авсан, шударга ёсыг тогтоох ёстой шүүх засаглалын үнэлэмж буурсан, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Энэ бүхнийг сэргээхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах нь нэн чухал байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүүдэн шүүхийг зогсоох, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад анхаарч байна. Шүүх, хуулийн байгууллагад шинэчлэл хийх, ял завших боломж олгохгүй байх, яллах, цагаатгах зарчмыг тэгш баримталж, гагцхүү нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийддэг байх ёстой гэж үзэж байна.
Энэ бүхэн нь өөрчлөлт шинэчлэлтийг парламент манлайлж байгаагийн илэрхийлэл юм. Хэдийгээр сайн, муу хэлүүлж байгаа ч энэ бүхэн парламент ард түмний төлөөллийн үүргээ хэрэгжүүлж чадаж байгаагийн илрэл гэж үзэж байна. Парламент бол Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн гэж ярьдаг. Тиймээс дипломат албаныхан хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа гадаад улс оронд зөв танилцуулж, сурталчилж байх нь чухал байна гээд УИХ-аас баталсан зарим хууль тогтоомжийн талаар онцолж танилцуулсан юм.
Дундаж давхарга зонхилсон хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн хууль эрхийн төдийгүй эдийн засгийн томоохон реформыг хийх шаардлагатай байна. Энэ бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг тулгуур нь юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
“Гурван тулгуур”-ын эхнийх нь Монголын төр, төр шиг байх явдал юм. Хоёр дахь нь баялагтаа монгол хүн эзэн байж, өгөөжийг нь ард түмэн хүртдэг байх буюу эдийн засагт хийх өөрчлөлт. Гурав дахь нь монгол хүн, хүн шиг амьдрахад чиглэсэн нийгмийн салбарын шинэчлэл юм гэдгийг тэрбээр онцолсон юм.
УИХ-ын дарга цааш хэлэхдээ, Монгол Улс “саарал” жагсаалтаас богино хугацаанд гарах нь бидний нэн чухал зорилт юм. Үүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Та бүхэн онцгой анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.
Хууль бус наймаа хийдэг, далд эдийн засаг нь газар авсан, Монгол Улс зэвсгийн наймаа хийгээд байдаг ч юм шиг, иймэрхүү “саарал” дүр төрхийг гадаад ертөнцөд бид өөрсдөө бүрдүүлсэн нь энэ асуудалтай ямар нэг байдлаар холбогдоно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, 35 их наяд буюу Монгол Улсын ДНБ-ээс бараг 2 дахин их мөнгө ил болсон. “Ийм их мөнгө далд байсан гэж үү” хэмээн гаднынхан гайхаж байгаа. Тэр их мөнгөний эх үүсвэр хаана байна гэхээр өнөөх дуулиан шуугиант хэрэг явдлууд хардлага сэрдлэгийн үндэс болж байгаа юм.
Түүнчлэн оффшорт төчнөөн тэрбум доллар байна гэх мэт дотоодын хариуцлагагүй мэдэгдлүүд, замбараагүй байдал бас нэрмээс болж байна. Ийм учраас ФАТФ-ын тавьсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нөгөө талаар бодит мэдээллийг гаднынханд өгөх, тэдний дэмжлэгийг авах нь чухал. Ер нь бидний авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг суугаа болон хавсран суугаа орнууддаа шуурхай мэдээлж, зөв тайлбарлан ойлгуулах нь чухал байгааг анхааруулаад Элчин сайдын үйл ажиллагааг үр дүнгээр нь дүгнэх болно. Ийм үр дүнгүүдийг Элчин сайд бүр гаргаж ажиллах шаардлагатайг сануулав.
Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийж, санал солилцов. 2019.12.18. http://www.parliament.mn/n/x5ko
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкнаас зохион байгуулсан “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг нээж үг хэлэв.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улс олон сорилтыг даван туулж, шинэчлэлийг хийсэн бас нэгэн оныг үдэх гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн богино хугацаанд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг эхлүүлж, банкуудын активын чанарт үнэлгээ хийх, өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх, дунд хугацааны бизнес төлөвлөгөөг шинэчлэх, эрсдлийн удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал сайжирлаа.
Төсвийн гадуурх санхүүжилтийг таслан зогсоож, төсвийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэн Засгийн газрын өрийн хэмжээг эрс бууруулснаар гадаад өрийн тогтвортой байдал хангагдсан. Бодлогын шинэчлэл хийсний зэрэгцээ гадаад нөхцөл байдал сайжирснаар бизнесийн зээлийн өсөлт сүүлийн 3 жилийн хугацаанд 15 хувийн орчимд тогтвортой хадгалагдав. Өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш үргэлжлэн агшиж байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсөлттэй гарлаа. Үр дүнд нь зогсонги байдалд ороод байсан эдийн засаг сэргэж 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч өсөөд байна.
Монгол Улсын Их Хурал банкны салбарын тогтвортой байдал, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталлаа. Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Банкинд итгэх ард түмний итгэл үлэмж нэмэгдэх болно.
Банкны салбарын эрх зүйн орчин ийнхүү сайжирсан ч бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлэх сорилт биднийг хүлээж байна. УИХ-аар хэлэлцэн баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-д банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зэрэг олон зорилт тусгаад байна.
Энэ зорилтын хүрээнд нэгд, засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай. Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах, зохистой засаглалын зарчмыг нэвтрүүлэх, дотоод хяналтыг сайжруулахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна. Иймд Төв банк, арилжааны банкууд энэ чиглэлээр тодорхой стратеги, төлөвлөгөө гарган үе шаттай хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах нь зүйтэй байна.
Хоёрт, эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд өндөр түвшинд буюу 5-6 хувьд байх төсөөлөлтэй хэдий ч эдийн засгийн бүтэц өрөөсгөл тул түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарал өндөр, эрсдэл даах чадвар сул хэвээр байна. Иймд банкны салбарт банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Гуравт, мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах нь чухал байна. Цаашид Монгол Улсыг “Саарал” болон бусад төрлийн эрсдэлтэй үнэлгээнд дахин оруулахгүй байх талаар бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод нгн талаар хамтран ажиллахыг бодлого боловсруулагч, банкны салбарын удирдлага, хамт олноос хүслээ. 2019.12.18. http://www.parliament.mn/n/x9ko
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу УИХ-ын даргын 2019 ны 12 дугаар сарын 06-ны өдрийн 244 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан гурван удаа хуралдаж, хуулийн төслийн талаарх саналын томьёоллыг бэлтгэснийг Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ төслүүдийн талаарх саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. Мөн УИХ-д суудалтай болон суудалгүй намуудаас ажлын хэсэгт ирүүлсэн саналуудаас Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асулт асууж тодруулсан бөгөөд гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт нар өгсөн хариултдаа, 2012 оноос иргэд хурууны хээгээр бүртгүүлж саналаа өгдөг, саналыг сонгуулийн автоматжуулсан систем буюу хар машинаар тоолдог болсон учраас сонгогч давхардуулан санал өгөх боломжгүй, энэ талын эргэлзээг арилгасан гэж үзэж байгаа. Мөн Сонгуулийн хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх учиртай тул улс орныхоо цаашдын ирээдүй, Үндсэн хуулийн хүрээн дэх гарцыг хараад энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоогоор явуулахыг дэмжсэн гэдгийг хэллээ. Харин асуулт асууж тодруулсан эмэгтэй гишүүд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхэд улс төрийн намууд ихээхэн анхаарч, хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэснийг “30-аас доошгүй” гэж өөрчлөн эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг нэмэгдүүлэхийг гишүүддээ уриалж байв.
Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.
УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байв. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байна гэсэн үндэслэлээр төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй гэж үзээд 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг дэмжээд байгаа юм. Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 36 нь буюу 69.2 хувь нь дэмжлээ. Төслийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг “Нам, эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ” гэж, төслийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсгийг “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэр дэвшиж болно” гэж, төслийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг “Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө” гэж, төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Төслийн 75 дугаар зүйлийг “75.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. 75.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. 75.3.Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 75.4.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Мөн төслийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулах, “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэхээр тогтов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед гишүүнээс бичгээр гаргасан энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Харин төслийн 33 дугаар зүйлийн 33.2.9, 33.3.11 дэх заалтын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын” гэснийг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын” гэж өөрчлөх санал дэмжигдсэн тул төслийн энэ заалтыг дараагийн шатанд анхаарч хуульд нийцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өгөв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааны төлбөртэй холбоотой төслийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсгийг “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнтэй холбогдуулан төслийн 47.9.2 дахь заалтын “сүүлийн зургаан сарын” гэснийг “ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Энэ хуулийн 48.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 48.5 дахь заалт нэмэхээр тогтлоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төслийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн “сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэсний дараа “Мэдээлэл, технологийн багийн гишүүн, даамал нь санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллана” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх санал гаргасан нь нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувийн дэмжлэг авав. Гишүүн энэ саналаа өчигдрийн Байнгын хорооны хуралдаанд бичгээр гаргаж дэмжүүлсэн юм.
Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. 2019.12.18. http://www.parliament.mn/n/xuko
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан байна.
Ингээд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын “18 нас хүрсэн иргэний улсын бүртгэлийн биеийн давхцалгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлж, иргэний бүртгэлийн дугаар авсан” гэснийг “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан 18 насанд хүрсэн” гэж, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.2.9, 33.3.11 дэх заалтын “эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаарх Цагдаагийн ерөнхий газрын” гэснийг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын” гэж, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахыг дэмжив.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Харин эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан байна. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталжээ.
Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 11 гишүүний 9 нь дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зарчмын зөрүүтэй энэ саналыг гаргасан боловч Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд УИХ дахь АН-ын зөвлөлөөс гаргасан энэ саналыг эргэн харж дахин авч үзэх хүсэлтийг төрийн бусад намуудаас илэрхийлсэн учраас эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарах шаардлагатай гэсэн чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд өгсөн юм.
Эцэст нь хууль хоорондын нийцлийг хангах, зөрчлийг арилгах, ойлголтыг нэг мөр болгох үүднээс ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн зарим заалтыг дахин нягтлаад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов. 2019.12.19. http://www.parliament.mn/n/uzko
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 13-ны Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар эдгээр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт аваад байв.
Иймээс чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 15, найруулгын 2, Байнгын хорооноос дэмжээгүй 2 саналаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 20, найруулгын 3, хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 1 саналаар санал хураалт явууллаа.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 13, найруулгын 2, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж, хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт бэлтгэсэн байна.
Мөн тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3 дахь заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал хураалгах шаардлагатай гэж үзсэн, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах талаар өгсөн чиглэл, мөн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн сонгуулийн маргаан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох зарим асуудлаар Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоос 7 саналын томьёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Хуралдааны явцад УИХ-ын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Байнгын хороонд өгөв. 2019.12.19. http://www.parliament.mn/n/u5ko
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоос 7 саналын томъёоллоор нь нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Гэвч төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.
Иймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар дээрх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх өмнөх өдрийн чуулганы хуралдааны санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхөөр тогтов. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэлээ. Иймээс Байнгын хороо энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хуралдаан даргалагч чиглэл болгосон юм.
Харин Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг аваад байсан төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг хасах талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдэхээр болов.
Ингээд хуралдааны явцад УИХ-ын дарга сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.
Энэ үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн давхцал, зөрчлийг арилгах, хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн зарим хэсэг, заалттай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжив. Мөн төслийн 33 дугаар зүйлийн 33.3.10, 33.3.12 дахь хэсэгт “авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнчлэн төслийн "Хууль хүчин төгөлдөр болох" гэсэн 85 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг "Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" хэмээн тодорхойлж тусгахаар Байнгын хорооноо гаргасан санал дэмжигдэв.
Харин улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгох санал дэмжигдсэн болон хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэг агуулгатай хэсэг нэмэхээр тогтлоо.
Ингээд хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг баталлаа.
Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. 2019.12.20. http://www.parliament.mn/n/u9ko
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Европын Холбооноос татварын ил тод байдал, мэдээлэл солилцоо, улс орнуудын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улс татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин сул гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан.
Иймээс энэ жагсаалтаас гарах, татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор манай улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард албан ёсны гишүүнээр элсэн орсон. Мөн дотоодын татварын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлсэн тул Европын Холбооны өмнө хүлээсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзуулэх тухай конвенц”-ид 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Иймд Европын Холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалтын дагуу тус конвенцийг соёрхон батлах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.
Энэ конвенцид нэгдэн орсноор Европын Холбооны өмнө хүлээсэн бүхий л үүргээ биелүүлэх бөгөөд татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, захиргааны туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм байна.
“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” нь 6 бүлэг, 32 заалтаас бүрдэх бөгөөд 3 төрлөөр захиргааны туслалцаа үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, татвар ногдуулах, хураах, нэхэмжилсэн татварын өр барагдуулах болон албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарах мэдээллүүдийг тус конвенцын 130 гишүүн улстай хүсэлтийн дагуу, эсвэл сайн дурын үндсэн дээр харилцан солилцох боломж бүрдэнэ. Мөн конвенцийн гишүүн улс орнууд өөр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу үүссэн татварын өрийг барагдуулах, өр барагдуулахтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг битүүмжлэхэд бусад гишүүн орноос туслалцаа хүсэж болно. Түүнчлэн конвенцийн гишүүн улс орнуудын татвар төлөгчид хаягласан албан ёсны баримт бичгийг бусад гишүүн улс орнуудад хүргүүлэх, гардуулахад тусламж үзүүлэх боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 2019.12.20. http://www.parliament.mn/n/wuko
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратеги төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцэслэн батлав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ.
Дараа нь Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Харин уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицуулахаар тусгасан асуудал нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж төслийг хууль санаачлагчид нь буцаах талаарх Байнгын хорооны саналыг дэмжив.
Үргэлжлүүлэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцэслэн баталлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжсэн юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар Бурхан багшийн их дүйцэн өдийг буян номын өдөр болгож, бүх нийтээр амрахаар болж байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах тухай, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлан баталлаа.
Нэгдсэн хуралдааны төгсгөлд чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улмын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсов. Хуулийн төслийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. 2019.12.20. http://www.parliament.mn/n/wdko
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс