Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв.
Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.
Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь иргэдэд олгох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна.