Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 46 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай, Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюу Толгой (Ви Ви Ай) Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Оюу Толгой ХХК хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах; Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулахыг даалгасан байна.

Түүнчлэн Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах; байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох; Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах; Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай, Горим батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар, журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл