Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн "Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; түүнчлэн биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг тогтоолын төслийг санаачлан боловсруулсныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжлээ.
Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Тиймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.
Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол гаргажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.
Нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байсан. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл гарах болсон тул төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй, харин 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 75 дугаар зүйлийг “75.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. 75.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. 75.3.Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 75.4.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.
Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулах, “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэхээр тогтов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 40.2.8 дахь заалтыг нэмэхээр болов. Энэ заалттай холбогдуулан төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 42.14 дэх заалт нэмэхээр боллоо.
Ажлын хэсэг төслийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах, төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 45.6 дахь заалтыг нэмэх санал гаргасан нь дэмжигдэв.
Түүнчлэн гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байж болохоор тусгагдсан байсныг иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байхаар өөрчлөв. Харин хуулийн төсөлд сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авахаар тусгасныг ажлын хэсэг “21:00” гэж өөрчлөх санал гаргасан ч гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй, төслийн заалт хэвээр үлдэхээр болов.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 46.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж өөрчлөн найруулахаар болов.
Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Энэ үеэр гишүүд гаргасан саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан төслийн 30 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь заалтыг төсөлд нэмэх санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ийм агуулга бүхий санал гаргасан бөгөөд нэгэнт Т.Аюурсайхан гишүүний санал дэмжигдсэн тул өөрийн саналыг татан авч буйгаа мэдэгдэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Н.Амарзаяа, Б.Пүрэвдорж, Л.Болд нарын гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.