УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2019.12.18/-ийн хуралдаан 57 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудал, хоёрдугаарт Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй тул хэлэлцэх асуудалдаа орж, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав.
Танилцуулгадаа, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгохтой холбоотой зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, санал хураалгахаар бэлтгэснийг тэмдэглэлээ.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зүйл заалтыг гүйцээн болосвсруулсан зарчимын зөрүүтэй саналын томъёоллыг танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.
Ийнхүү Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулснаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан, гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Я.Санжмятав, А.Ундраа нарыг оролцуулж байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.