Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.05) хуралдаан 14 цаг 55 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв. Эхлээд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ дагуу, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Өр, зээлийн талаарх тодруулсан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулт өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.7 их наяд бөгөөд үүний 11.6 их наяд орчим нь олон төрлийн эх үүсвэрээс орж ирсэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа аж. Өрийн хязгаар хуулиараа 75 хувь байх зохицуулалттай бөгөөд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 53.6 хувь буюу хуулийн хүрээнд байгаа. Засгийн газрын зүгээс өр, зээлийг нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд ажиллаж байгаа гэлээ. Нийгмийн салбарын бүтээн байгуулалтуудын санхүүгийн зарим эх үүсвэрийг олон улсын хөгжлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр 2-оос бага хувийн хүүтэй, 20-25 жил буюу урт хугацаатай, 3-5 жил нь хүүгийн төлбөрөөс чөлөөлөгддөг хөнгөлөлттэй зээлүүдээр бүрдүүлдэг. Энэ төрлийн зээлүүдийг арилжааны чиглэлээр ашиглах боломжгүй, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болгох нь зохистой байдаг. Монгол Улсын хувьд эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай хэмээн үзэж дээрх хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг дэд сайд тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд зээлийг зориулалтынх нь дагуу ашиглаж, зорилтот бүлгийн иргэдэд үр ашгийг хүргэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуралдааны үеэр Байнгын хорооны даргын зүгээс Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн яамнаас буцаан татаж, богино хугацаанд бүрдлийг ханган дахин өргөн мэдүүлэхийг үүрэг болгов. Энэ тохиолдолд Байнгын хороо яаралтай горимоор хэлэлцэн, шийдвэрлэх болно гэдгийг хэлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолтын төслийг хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.