Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан 52 хууль, тогтоолыг тус тус нийтэллээ.
Тэдгээрийн нэг болох “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулиар, эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулжээ.
Мөн дугаарт энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хуулиудыг нийтэллээ.
Эмхэтгэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ. Хуулиар, түүний үйлчлэх хүрээг тодорхойлж, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл, улсын бүртгэлийн үйлчилгээ авах хэлбэр, бүртгэлийн хураамж зэргийг хуульчилж өгсөн байна. Түүнээс гадна улсын бүртгэлийн байгууллагын эрх, үүрэг, хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр, улсын бүртгэлд бүртгэх хугацаа ямар байх, шаардагдах баримт бичиг, өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон татан буулгасан хуулийн этгээдийг улсын бүртгэлд хэрхэн бүртгэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
“Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна” зэрэг хэсэг нэмж, өөрчилсөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно” гэсэн зэрэг хэсэг, заалт нэмж, өөрчилсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , “Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно” гэсэн зэрэг хэсэг нэмсэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно” гэсэн зэрэг нэмэлт, өөрчлөлт бүхий Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд, “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүйн нь үндэсний нэвтрүүлэг байна” гэсэн зэрэг нэмэлт оруулсан бол, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, мэргэжлийн хяналтын, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон Цөмийн энергийн комисс зэрэг байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг хуульчилсан зэрэг зүйлийг нэмсэн байна.
Эмхэтгэлд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтлэв.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр тал барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг тодорхой 17 асуудлаар хэлэлцээ хийжээ
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор, бодлогын зорилго юунд оршиж байгаа, бодлогоор тодорхой ямар зорилтыг хэрэгжүүлэх, бодлогыг хэрэгжүүлэхэд ямар зарчим баримтлах, боловсролын хөгжлийн стратеги, удирдлага, зохион байгуулалт болон боловсролын агуулга, стандарт, сургалтын технологи, чанарын үнэлгээ, хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.
Эмхэтгэлд, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Мөн Улсын ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтлэв
Эдгээр хуулийн зарим заалтад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын нийт гишүүдийн эсхүл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр, дөрөвний гурваар асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.