Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.11.25) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.
УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 90 гаруй ахмад бүртгэлтэй байдаг. Тэрбээр энэ онд 90 насных нь ой тохиож буй хоёр дахь ахмад настан юм.
Г.Очирбат нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжилттай хийсэнд УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан батлах бусад хууль, тогтоомжийн талаар санал бодлоо илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад баяр хүргэж, эрүүл энхийг хүсээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, удахгүй УИХ-аар Сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай зэрэг 30 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа гэлээ.
Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заасан байдаг гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.