Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв


    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.11.28/ нэгдсэн хуралдаан 15 цагт 50 минутад гишүүдийн 52,0 хувийн ирцтэй эхэлж, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өнгөрсөн чуулганы хуралдаанаар хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул санал хураалтаар хуралдааныг үргэлжлүүлэв. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжив. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. 

  Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо тогтоолын төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэснийг онцоллоо. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65,9 хувь нь дэмжив. 

Гааль, НӨАТ-ын албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг батлав

Хуралдаан Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.


    Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсний дараа төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх үзэж холбогдох саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

    Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн  53.8 хувь нь дэмжсэний дараа хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 

    Түүнчлэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдлаа. 

    Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх хэлэх гишүүн гараагүй тул  Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь  хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив.   

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа


    Үргэлжлүүлэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

    Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж, хариулт авсны дараа Онцгой байдлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,4 хувь нь дэмжлээ.

    Дараа нь  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. 

 Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


 Хуралдаан  Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар тус тус танилцуулав. 

 Монгол Улсын Их Хурлаас 1996 онд "Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулийг батлан мөрдүүлж, академийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн хувьд зохицуулж ирсэн байна. Тус хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын-хөгжлийн-бодлого эрх зүйн-шинэчлэл-дэлхийн улс-орнуудын-шинжлэх- ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн  Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа онцолсон.     

  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Б.Пүрэвдорж нараас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. 

 Хуулийн төсөлд Шинжлэх ухааны Академийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны Академийн гишүүдэд Академич хэргэм хүртээж байгаа зохицуулалтыг хуульчлах, мөн Академийн чиг үүрэгтэй уялдуулан, угсаатны зүй, археологи, палеонтологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг музейг Академийн харьяанд ажиллуулж болох тухай зохицуулалтуудыг нэмж тусган боловсруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон шинээр байгууллага байгуулахгүй бөгөөд улсын төсөвт санхүүгийн нэмэлт ачаалал үүсэхгүй гэдгийг дурдахын зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулгадаа онцолсон.

 Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 


 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бусад улс орны туршлагаас харахад нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь шинжлэх ухааны салбараа хэрхэн дэмжиж байгаагаас хамаарч байгааг онцлов. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэмтдийн дуу хоолойг хүчтэй болгох, шинжлэх ухаанд  зарцуулж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэх, Шинжлэх ухааны академийн зүгээс салбартаа шинэ эргэлт хийх, бодлогоо шинэчлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. 

 Ингээд Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

    Хууль санаачлагчийн илтгэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайд танилцуулсан. Усны газрыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлснээр тус яамны үйл ажиллагаанд 20 гаруй арга хэмжээ нэмэгдсэн ба эдгээр ажлуудын дийлэнх нь өдөр тутмын  гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйлчилгээний ажлууд байгаа юм. Энэ нь тус яамны үндсэн үйл ажиллагаа болох бодлого боловсруулан батлуулах, түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн саад, бэрхшээлийг учруулж байгаа ба усны талаарх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бүрэн эрхийн хүрээнд шилжүүлсэн. Ингэснээр Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй, үйл ажиллагаа доголдож,  чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Усны тухай хуульд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулахаар болон Усны үндэсний хороог Усны үндэсний зөвлөл болгон статусыг дээшлүүлж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод бүтэц дэх усны асуудал хариуцсан нэгжид ажиллаж байгаа орон тооны дийлэнх хэсгийг энэ хууль батлагдсаны дараа шинээр байгуулагдах бүтцэд шилжүүлэх буюу төсөвт дарамт үүсгэхгүйгээр, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулах болно гэж байлаа. 

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 


  Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хуулийн төсөлд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, усны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Усны үндэсний зөвлөлөөс гарах шийдвэрийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангаж, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Х.Болорчулуун нар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ үерийн болон газрын гадаргын усыг хуримтлуулах тодорхой бодлого гаргаж цогц ажил хийх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Усны аж ахуйн яам байгуулах, гадаадын зээл, тусламжийг усыг хамгаалах, сэргээхэд зарцуулах, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат мэргэжлийн боловсон хүчнийг удирдлагаар томилох, цаашид үе шаттай бэлтгэх гэсэн саналыг тус тус гаргасан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тоггоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав. 

    Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,5 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл