Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.11.18-22)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.11.18-22)


УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Төсөл өргөн барихад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нарын зэрэг хүмүүс байлцав.  


УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу товч танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Төрийн тэргүүн Танаа өргөн барьж, танилцуулж байна.

Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.

Үндсэн хууль нь үндэсний зөвшилцлийн дээд баримт бичиг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зөвшилцлийг ханган явуулахын тулд Улсын Их Хурал хууль тогтоох дээд байгууллагын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажиллав.


Иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, түүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч Таны болон парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд үндсэндээ давхцаж байлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна гээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, хэлэлцүүлэх, зөвшилцөх ажлын хэсгийг ахлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 27 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд Монгол Улсын Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Эрхэм Ерөнхийлөгч Таныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулна гэдэгт итгэж байна гэлээ. 2019.11.18. http://www.parliament.mn/n/sxky


УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Ноён М.Такаока Монгол Улсад Элчин сайдаар 3 орчим жил ажиллаад нутаг буцах гэж байгаагаа дурдаад, энэ хугацаанд Япон-Монголын харилцаа өргөжлөө. Энэ үйл хэрэг олон хүний тус дэмээр амжилтад хүрсэн. Эрхэм Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцаа бэхжин гүнзгийрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэхэд таатай байна гэв. Тэрбээр мөн Монгол Улс далайд гарцгүй ч агаараар дэлхийд гарах боломжтой. Үүнд Хөшигийн хөндийн нисэх буудал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Сургалтын эмнэлэг Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах эрхэм чухал үйл хэрэгт хувь нэмэр оруулж, орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр үйлчлээд зогсохгүй, үйлчилгээний шинэ соёлыг түгээнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Стратегийн түншлэлийн харилцаатай, Зүүн хойд Ази дахь бидний хамгийн ойрын түнш Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 3 жилд эрчимтэй урагшлан хөгжлөө. Энэ бол Таны идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Та Хэйсэйн он тоололд Монгол-Японы харилцааг бэхжүүлэн өргөтгөж, Рэйвагийн шинэ эринд цаашдын шинэ ирээдүйн эхлэлийг тавьсан Элчин сайд байлаа. Таныг ажиллах хугацаанд хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, Таны дурдсан томоохон төслүүд хэрэгжиж, Япон Улсаас манай улсын эдийн засгийг тогтворжуулахад зориулж нэн хөнгөлөлттэй зээл олгосон. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагаа улам хөгжиж байна хэмээн тэмдэглэлээ. 2019.11.18. http://www.parliament.mn/n/s5ky


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сард Польш Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг гардуулсан. Тэгвэл 2019 оны 12 сарын 8-11 хооронд БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгааг Элчин сайд уузалтын эхэнд дуулгав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Польшийн Сеймийн дэд маршалбн энэ удаагийн айлчлал нь хоёр орны парламент хооронд хийгдэж байгаагүй дээд хэмжээний айлчлал хэмээн талархалтай хандаж буйгаа илэрхийлэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, хөнгөлөлттэй зээл тусламж, худалдаа арилжааны идэвх жил бүр нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан. БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төсөл хэрэгжүүлэхээр тогтсон талаар УИХ-ын дэд дарга дурдав. 2019.11.18.  http://www.parliament.mn/n/szky


Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хэвлэлийн хурал хийлгэв.

Хэвлэлийн хурлыг УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал  хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан нээж өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй шатар сонирхогчид тус тэмцээнд оролцсон. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх байх гэсэн хүлээлт байгааг хэлэв. Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар тэмцээний талаар  өгсөн мэдээлэлдээ, УИХ-ын даргын ивээл дор болдог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, нийслэлийн есөн дүүргийг хамруулан зохион байгуулдаг. Уламжлалт тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ирж оролцдог болсноос гадна энэ жилээс манай улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастер зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулдаг уламжлалтайг дурдав.   


Тэмцээн гурван үе шаттай болох бөгөөд анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар 2019 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тухайн орон нутагт нь зохион байгуулах юм. Харин шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой. 2019.11.19.  http://www.parliament.mn/n/z8ky


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Тогтоолын төслийн талаарх хууль хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Тиймээс олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг илтгэгч дурдав.


Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна. 2019.11.19. http://www.parliament.mn/n/zuky


УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Олон улсын байгууллагуултай хамтран “Ажлын байр-Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хуульч, судлаач, хүний эрхийг хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцов.


Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлаж харахгүй байхыг сануулж байлаа. Учир нь ажлын байрны дарамтад эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр ажилтнаар халагдах өргөдлийг нь бичүүлдэг явдал байсаар байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатайг хэлж байв. Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй талаар санал бодлоо илэрхийлж байлаа. 


Мөн хохирогчдыг нэмж буруутгах хандлага нийгэмд байсаар байна. Нийгмийн хандлагыг эерэгээр өөрчилж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас эхлэх талаар төрөөс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж ярилцлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь уг хэлэлцүүлгээс зөвлөмж гарган холбогдох Байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. 2019.11.19. http://www.parliament.mn/n/zdky


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 

Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төсөлтэй хамт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрин гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан байна.


 Дараа нь  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийг 1993 онд, уг конвенцийн Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг.

Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байгааг сайд илтгэлдээ онцолсон. 

2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгожээ. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байдаг аж. 

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтойг салбарын сайд хэлж байв. Иймээс Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.  

Хуралдааны төгсгөлд Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар танилцуулав.


Монгол орны жилийн дундаж агаарын температур сүүлийн 79 жилд 2.25 хэмээр дулаарсан байна. 2017 оны жилийн дундаж агаарын температур 1.6 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан 2 дахь дулаан жил байсан бөгөөд 2018 оны жилийн дундаж агаарын температур 0.9 хэмд хүрч өвлийн улирлын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байжээ. 2017 он нь 1940 оноос хойш тохиосон 10 дахь хур тундас багатай жил байжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарал нь сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал 2014 оны байдлаар 34.4 сая тн буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлж байгааг сайд дурдав. 

Тэрбээр үргэлжлүүлэн байгалийн нөөцийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол,  цөлжилт эрчимтэй явагдаж, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 20.9 хувийг эзэлж байгаа аж. Цөлжилтийн 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөлөлтэй үүссэн гэж дүгнэсэн байна. 2019.11.19. http://www.parliament.mn/n/zmky


Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Үндэсний хөгжлийн газартай хамтран “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Монгол Улс 2015 онд анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 4 бүлэг, 24 зүйлтэй хуулийг баталж, Хөгжлийн баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан байдаг.

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтыг тусгасан.  Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсантай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах шаардлага үүсэж байгаа. Үүний нэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг эхэнд онцлов. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.


Үндэсний хөгжлийн газраас хүчин төгөлдөр үйлчилж буй  203 бодлогын баримт бичгийн 168-д нь үнэлгээг хийснээс  39 хувь буюу 65 бодлогын баримт бичиг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдахаас өмнө хэрэгжиж байсан бол үлдсэн 61 хувь буюу 103 бодлогын баримт бичиг нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш батлагджээ. Дээрх 103 баримт бичгийн 78 хувь буюу 80 баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн баталжээ. Үнэлгээний явцад хуульд нийцүүлээгүй баримт бичгүүд нь нэршил болон хугацааны хувьд зөрчилтэй байгааг илрүүлсэн байна.   

Хэлэлцүүлэгт оролцогчид манай улсад хэт олон бодлогын баримт бичиг байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Хүчинтэй байгаа 203 бодлогын баримт бичгүүд нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацаа замбараагүй, яам, агентлагуудын бодлогын хоорондын уялдаа хангалтгүй, бодлогын нэгдмэл байдал алдагдсантай санал нэгдэж байв.

Үүний гол шалтгаан манай улсад хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах бие даасан байгууллага байхгүйтэй холбоотой. Улс төрийн сонгуулийн үр дүнд ялсан намын гаргасан Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үгүйсгэн өөрчилдөг. Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулахдаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэдэггүй. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийг төсвийн бодлоготой уялдуулахгүй гаргадаг нь гол алдаа болохыг судлаачид хэлж байна. Иймд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатайг хөндөж ярилцав. 2019.11.20.   http://www.parliament.mn/n/axky


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдан явуулав.

Тэрбээр хэлэлцүүлгийг нээж, өрх толгойлсон эхчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар хэлсэн үгэндээ, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, шинэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх, санхүүжүүлэх, хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөх, тогтолцоо, механизмыг бүрдүүлэх, хүүхдийн өмчлөлийн эрхийг хуульчлах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг онцлов. УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлан гаргасан ч эдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжилт зарим талаар учир дутагдалтай, заалт нь хийдэл, давхардалтай, хуулийг хэрэгжүүлэхэд цөөнгүй салбарт санхүүжилт бүрэн тусаагүй, төсвийг оновчтой хуваарилах шаардлагатай, холбогдох дүрэм журмуудыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг тэмдэглэлээ.


Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол, харилцаа, хөгжил, хамгааллыг төрөөс анхааран ажиллаж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад удаагүй байгааг дурдаад хуулийн төсөлд  хүүхдийн тэтгэлэг төлөгдөх механизмыг бүрдүүлж, хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа хүмүүсээс заавал төлүүлэхээр зохицуулалт хийснийг онцлов.

Өрх толгойлсон эхчүүд оролцсон энэхүү хэлэлцүүлэгт Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өрх толгойлсон эхчүүдийг дэмжих бодлогын хэрэгжилт, үр дүн, Статистикийн ерөнхий газрын дарга А.Ариунзаяа гэр бүлийн статистик, сэтгэл зүйч Б.Энхбаяр сэтгэл хөдлөлөө зохицуулах, “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал өрхийн бичил бизнес хэрхэн эрхлэх талаар илтгэл тавьсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид төр, засгаас өрх толгойлсон эх, эцгийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар саналаа хэлж, бодит ажил болгох нь чухал байгааг хөндөв. 2019.11.20. http://www.parliament.mn/n/38ky


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын санаачилж өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ талаарх илтгэлдээ, УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас шалтгаалан малын хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн үед огцом нэмэгдсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд зарим аймагт малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн ч ялын бодлого оновчтой биш байгаагаас гэмт хэрэгтэн ял завших болжээ. Иймд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулсан гэлээ. 


Хуулийн төсөлд дээр дурдсан практик хэрэгцээ шаардлагад үндэслэн зохицуулах харилцаа, хамрах хүрээг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглахаар тусгажээ. Ингэхдээ захиргааны хариуцлага оногдуулахаас илүү хэмжээгээр бусдын малыг хулгайлсан бол  эрүүгийн ял оногдуулах зохицуулалт оновчтой гэж үзжээ. Бусдын малыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ялыг оногдуулдаг байдлыг өөрчлөхөөр төсөлд тусгасан талаар төсөл санаачлагч тайлбарлав. Өмнө нь захиргааны хариуцлага хүлээсэн болон хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлд тооцдог байхаар тусгажээ. Мөн хуульд “олон тооны мал” гэж заасныг хасахаар зохицуулжээ. 2019.11.20. http://www.parliament.mn/n/3mky


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Эхлээд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж дэмжив.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага юм. Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгаа аж. Иймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.


Дараа нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэж дэмжлээ. Манай улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орохоор 2017 оны 8 дугаар сарын 21- ний өдөр Сөүл хотноо гэрээнд гарын үсэг зурсан тул Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, тус бүсийн ойн салбарт нягт хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж нээгдэнэ. Хуулийн төслийг баталж, батламжаа гардуулснаар ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн арга хэмжээ, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд богино хугацааны сургалтад жил бүр 5-6 хүнийг сургах, Солонгосын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болох юм байна.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл-ийг хэлэлцэж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ"-г соёрхон батлахыг дэмжив.

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулжээ.  

Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгөв.


Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжив.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлага үүсчээ. Иймээс энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй, алдагдал багатай, үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх, тостой тоноглолын хэрэглээг бууруулах, ашиглалтаас бүрэн гаргах, тоноглолын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах замаар байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах Ухаалаг сүлжээ бий болгож хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилтыг хэрэгжүүлэх юм байна.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж.

Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Далайн хөдөлмөрийн тухай конвенцийг 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд УИХ 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр соёрхон баталжээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ. Одоогоор нийт 67 гишүүн улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Далайн хөдөлмөрийн тухай конвенцид далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардпагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан тодорхой зохицуулалт нэмсэн байна.

Дараа нь  "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. 

Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцид хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулжээ. 2019.11.20. http://www.parliament.mn/n/3xky


Эдийн засгийн байнгын хороо Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх илтгэлийг  УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр, зургаа нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал их гаруй байгааг төсөл санаачлагч дурдсан. 

Иймээс одоо мөрдөгдөж буй хууль хэт ерөнхий, хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлоогүй, хөгжлөө даган өөрчлөгдөж буй нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа одоо байгаа хоршоодод бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх чиглэлийн эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход түлхүү анхаарсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан юм. 

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөж, энэ тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзэв. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, УИХ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгааар тусгажээ. 2019.11.21. http://www.parliament.mn/n/3uky


Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаар хэвлэлийн хурал хийлгэв. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын албаны дарга Г.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор зохион байгуулах гэж байна. Уг аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм. Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж буйгаараа онцлог болохыг хэвлэлийн хуралд үг хэлсэн албаны хүмүүс дурдаж байв. 2019.11.21. http://www.parliament.mn/n/39ky


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэнээр С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг хүсэлтийн нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай биш гэж үзсэнийг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УИХ-ын даргад гаргасан тул Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг үндэслэн Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж буйг танилцуулсан юм. Мөн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.


Үргэлжлүүлэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэж баталлаа. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс уг тогтоолын төслийг боловсруулсныг Эдийн засгийн байнгын хороо дэмжжээ.

Тус тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, УИХ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод даалгахаар тусгажээ.  Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 2019.11.21. http://www.parliament.mn/n/4dky


УИХ-ын чуулганы хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Тиймээс олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн төсоийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн батлав. Тухайлбал,   Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон баталснаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог байсан бол хятад хэлийг нэмж оруулахад манай улс нэгдэж байгаа юм.

Цаашдаа Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ тогтмол өсөх, түүнчлэн БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийн нэг юм. Иймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.


Нэгдсэн хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцээд хуулийн төслийг  соёрхон батлав. Мөн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ", Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээ –г тус тус соёрхон батлав. Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж. Түүнчлэн  Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эцэслэн батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцид хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулжээ. 2019.11.21. http://www.parliament.mn/n/4mky


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа тэрбээр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувь нь  Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нөхөн томилуулах саналыг дэмжив.

Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж,  УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулав. Монголбанкны ерөнхийлөгч нь төрийн тусгай албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч  бөгөөд уг албан тушаалтныг томилох асуудлыг тусгайлсан хуулиар буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Төв банкны тухай хуулиар зохицуулсан байдаг. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахыг дэмжив. 2019.11.22.  http://www.parliament.mn/n/4xky


Төсвийн байнгын хороо хуралдан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүж батлуулахаар тогтов. Уг тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бэлэн мөнгөөр олгож эхлэх юм.

Мөн хуралдаанаар Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх талаар зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Уг асуудлыг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлүүлэх зүйтэй гэж үзсэн байна.

Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Мөн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дэмжсэн юм. 2019.11.22. http://www.parliament.mn/n/4zky


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөв.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна. Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр төслийг боловсруулжээ.  2019.11.22.  http://www.parliament.mn/n/4uky


Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хамтран хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болсон тул дэгийн тухай хуульд заасны дагуу дээрх хоёр Байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцэж дэмжлээ.

Хуулийн төсөлд зохицуулалт нэмснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж. 2019.11.22. http://www.parliament.mn/n/45ky


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.

 Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсан. Энэ дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар саналаа УИХ-ын дарга танилцуулав. 


Нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд  Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн юм. 

УИХ-ын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа тэрбээр танилцуулсан юм.


Нэр дэвшигч Д.Баярсайхан нь санхүү, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент, эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд дүүргэсэн. Мөн АНУ,  ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр 1997 онд Сангийн яаманд мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-ийн захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж. 

УИХ-ын даргын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь Д. Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.


Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болсон тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийг энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хуралдаан даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн юм. Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод энэ сарын 22-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналыг төсөлд нэмж тусгах санал гаргасныг дэмжжээ. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, хуулийн төсөл батлагдав.

Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.  2019.11.22. http://www.parliament.mn/n/49ky


Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ.

“Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны ололт, амжилт, цаашдын зорилт”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал Деклан Магий “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох нь”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Монгол Улс дахь олон зорилтот кадастр ба улсын бүртгэл”, Үндэсний дата төв УТҮГ-ын захирал М.Баттулга “Төрийн цахим шилжилтийн суурь систем”, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Мөнбат “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа-Invest in Mongolia center” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг иргэдэд үзүүллээ. 2019.11.22. http://www.parliament.mn/n/58ky


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ. Хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Хууль батлагдсаны дараа хоёр тал соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.  2019.11.22. http://www.parliament.mn/n/5xky


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм.

Манай орны 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж. Бэлчээрийг доройтол, талхагдлаас хамгаалахын тулд зөв зохистой ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон. Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байна гэлээ. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.


Төвлөрсөн хот суурин газар, мал ихтэй аймгуудад бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн мэдээтэй байгаа бөгөөд бэлчээрийн усан хангамж муудаж, малын тоо толгой 1990 оноос 2018 онд 2.6 дахин өссөн байхад инженерийн хийцтэй худгийн тоо 1.7 дахин буурчээ. Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн бэлчээрт шинээр 1698 цэгт уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан. Зөвхөн 2019 онд 280 ширхэг инженерийн хийцтэй худгийг шинээр барих захиалга иржээ.

Бэлчээрийн талхагдал, доройтлыг бууруулж, цөлжилттэй тэмцэхийн тулд бэлчээрийн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж Шадар сайд хэллээ. ХХААХҮЯ-нд байгуулагдсан ажлын хэсэг Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулахаар ажиллаж буй аж. Бэлчээр ашиглалтын төлбөр төлөх зохицуулалтыг бий болгож, бэлчээрийн төлөв, алслагдсан байдал, малын төрлөөр, аймаг сумаар бэлчээр ашигласны төлбөрийг ялгавартай тогтоон авах, тэрхүү төлбөрөөс бүрдсэн хөрөнгийг тухайн аймаг, сумын бэлчээр ашиглалт, хамгаалалт, малын чанарыг сайжруулахад захиран зарцуулах боломжийг аймаг, сумын ИТХ-д олгох шаардлагатай гэж үзэж байгаагаа Шадар сайд илэрхийлсэн.

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд үлийн цагаан оготныг устгах томоохон ажлыг зохион байгуулах, малчид отор, нүүдэл хийн өөр аймаг, суманд өвөлжиж, хаваржих асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч ажиллах, махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, мал сүргийн бүтцийг сайжруулах, бэлчээр ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийх талаар саналаа илэрхийлсэн.


Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 40 сая гаруй га бэлчээрт тархсан үлийн цагаан оготныг устгах чиглэлээр тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн бэлчээр хамгаалах, цөлжилттэй тэмцэх ажлын чанарыг сайжруулж, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах ажиллахыг чухалчлан сануулсан юм.

Мөн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй буй аж.

Тогтвортой ажиллаж буй хоршоодын 9 орчим хувь нь хадгаламж зээлийн чиглэлээр, зургаа нь дундын хоршоо бөгөөд дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн хоршоог гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг хангах зорилгоор хоршиж хөдөлмөрлөх биш “хоршоо” гэдэг нэрийг ашиглаж, нэг хүний эрх ашгийн төлөө байгуулах явдал их гаруй байгааг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдав.

Хоршооны удирдлагын менежмент муу, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгөгүй байх, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавхи сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байгаа аж. Иймээс хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай болжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа юуны өмнө одоо байгаа хоршоодод бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх чиглэлийн эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход түлхүү анхаарсан гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 2019.11.22.  http://www.parliament.mn/n/5mky

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл