Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говь-сүмбэр, Дорноговь аймгийн сурагчдын төлөөлөлтэй уулзав

    Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг өнөөдөр (2019.11.29) “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааны оролцогчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. 


    Уламжлалт өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, ардын авьяастнуудыг тодруулах, тэднийг дэмжих зорилготой дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг санаачлан, 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Говь-сүмбэр, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх хэлний боловсролын ач холбогдлыг таниулахаар “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааныг 2019 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулжээ. Уралдаанд нийт 130 сурагч оролцсон бөгөөд яруу найрагчид, багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид 40 бүтээлийг шалгаруулсан байна. Сурагчдын эдгээр бүтээлийг эмхэтгэн “Миний эх орон” ном болгон хэвлүүлснээ өнөөдөр танилцуулав. Г.Мөнхцэцэг гишүүн “Та бүгдийн сурагч насны гэгээн дурсамж, санаж сэдэх, сурах нэгэн учиг, аавж ээж, багш нартаа төдийгүй эх орондоо барих нэгэн нандин бэлэг байгаасай хэмээн хүсч шилдэг эссээнүүдийг эмхэтгэлээ” хэмээн хэлсэн. 


    Түүнчлэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай сурагчдыг уулзуулах арга хэмжээг Төрийн ордны номын санд зохион байгуулсан юм. 


    Уулзалтын төгсгөлд “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Миний эх орон” эссэ бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг шагналуудыг гардууллаа. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл