Цэс

Холбоо барих

Олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Олон улсын гэрээ, хэлэлцээр, санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15  цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулга хийсэн юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага юм.

Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгааг сайд танилцуулгадаа дурдав.


Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнээр нэгдэн орсон агаад сүүлийн жилүүдэд тус байгууллагатай идэвхтэй харилцаж, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж иржээ.

Цаашид Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ тогтмол өсөх, түүнчлэн БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийн нэг юм. Иймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ дагуу 2017 оны 8 дугаар сарын 21- ний өдөр Сөүл хотноо тус гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдав.


 Хуулийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, тус бүсийн ойн салбарт нягт хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж нээгдэнэ. Хуулийн төслийг баталж, батламжаа гардуулснаар ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн арга хэмжээ, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд богино хугацааны сургалтад жил бүр 5-6 хүнийг сургах, Солонгосын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болно гэдгийг сайд хэллээ.

Тус байгууллагад гишүүнээр элсэж, батламжаа гардуулсан гишүүн орнууд үр ашгаа хүртэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш эдгээр орнуудад 300 мянгаас 2,5 сая хүртэлх ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын жилийн үйл ажиллагааны зардлын 80 хувийг БНСУ бүрдүүлэх бол бусад оролцогч талууд 1 хувийг нь бүрдүүлэх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардалд жил бүр 30 000 ам. долларын татвар төлөх юм байна. Манай улсын хувьд хэлэлцэзрийг соёрхон баталж, батламжаа тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хадгалуулахаар хүргүүлсний дараа татвараа төлөх агаад хууль батлагдмагц Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж шаардагдах зардлыг ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас гаргах боломжтой гэдгийг сайд дурдав.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.  

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.  


“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ" нь 19 зүйлтэй юм. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж тус гэрээний төслийг үзэглэжээ. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуржээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.  Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Мөн манай улсын 170 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 110 нь БНХАУ-д ял эдэлж байгаа, үүнээс 11 хүнийг шилжүүлж авсан. Энэ талаар нэг хүндрэлтэй асуудал байдаг нь шилжүүлж авсан хүнээ ял эдлүүлэхгүйгээр суллаж явуулдаг гэсэн асуудлыг хятадын талаас тавьдаг гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан Засгийн газраас 2018 оны 10 дугаар 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх явц удааширсан гол шалтгаан нь зээлийн болон төслийн гэрээний санхүүжилттэй холбоотой тоон үзүүлэлтэд орчуулгын зөрүү гарсан учраас Засгийн газар төслийг татан авч харилцагч талтай тохирч орчуулгын зөрүүтэй баримтыг хянан баталгаажуулсныг Байнгын хороо хүлээн авсан гэсэн мэдээллийг гишүүдэд өгсөн юм.

Ингээд Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хийлээ.


Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлага үүсчээ. Иймээс энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй, алдагдал багатай, үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх, тостой тоноглолын хэрэглээг бууруулах, ашиглалтаас бүрэн гаргах, тоноглолын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах замаар байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах Ухаалаг сүлжээ бий болгож хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилтыг хэрэгжүүлэх юм байна.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж.

Төслийн хүрээнд 220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан хуучирч муудсан ВМТ-110, МКП-110 тип маркын 41 ш тосон таслуур, 17ш ОД, КЗ нийт 110 кВ-ын 58ш таслуур, 174ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт. автоматикийн хамт шинэчлэх, 220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан 35 кВ-ын С-35, МКП-35, ВТ-35 тип маркын 51 ш тосон таслуур 153 ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх, 220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, ИХБ-4” болон 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын систем (Н1М/5СМ5)-ийг шинэчлэх, 220/110/35 кВ-ын ИХБ 4-ын автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн 4 томоохон ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Дэвшилтэд технологи бүхий стандартын шаардлагад нийцсэн реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүд болон элегаз, вакуум таслууруудыг суурилуулснаар тоноглолоос шалтгаалж үүсэх гэмтэл, тасралтын тоо буурах, дотоод хэрэгцээ, дутуу түгээх цахилгаан эрчим хүчний хэмжээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм гэдгийг сайд танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар Сангийн дэд сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлахыг дэмжив.

Үргэлжлүүлэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Далайн хөдөлмөрийн тухай конвенцийг 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Өнөөгийн байдлаар нийт 67 гишүүн улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Далайн хөдөлмөрийн тухай конвенцид далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардпагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан тодорхой зохицуулалт нэмсэн. Тухайлбал, хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгаатай холбоотой шаардлагууд, мөн хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагатай холбоотой шаардлагуудыг энэ зохицуулалтаар нэмсэн.

Энэхүү конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүсэж байгаа. Иймээс хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах нөхцөлийг бий болгох, тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчдийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой тул Далайн хөдөлмөрийн тухай конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс соёрхон батлах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг онцлов.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Х.Баделхан нарын асуултад Далайн захиргааны газрын дарга М.Түвшинтөр өгсөн хариултдаа, одоогоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй орны 374 хөлөг онгоц бүртгэлтэй байдаг. Хөлөг онгоцнуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын зүгээс бүрэн хяналт тавих эрх зүйн боломжгүй байгаагаас шалтгаалан хөлөг онгоц эзэмшигчид далайчдын хөдөлмөрийн гэрээний дагуу эдлэх эрхийг зөрчих, цалинг гэрээнд заасан хугацаандаа олгохгүй байх, далайчдыг орхин явах тохиолдол олон гардаг. Манай байгууллагын хувьд жилд 2 сая орчим ам.долларын орлого болж, Сангийн яаманд 200 сая төгрөгийн орлого оруулдаг. Олсон орлогоосоо олон улсын гишүүний татвар, гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болон далайн байцаагчийн үйлчилгээний төлбөр зэргийг төлдөг гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хийсэн юм.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр хэмжээтэй газар худалдан авч, Элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.

Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцид хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй дээрх газрын солбицлыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадалж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл