Цэс

Холбоо барих

Өрсөлдөөний тухай болон Патентийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай зэрэг 8 хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Өрсөлдөөний тухай, Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1.    Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль анх 1993 онд батлагдаж, 2010 онд хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийг баталсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах, нэг мөр ойлгомжтой болгох, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, орхигдуулсан зарим зохицуулалтыг нэмэх, шинээр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өрсөлдөөний чиглэлээр хийгдэх үндсэн чиг үүргийн хяналт шалгалтын зохицуулалтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас тусад нь зааглан тодорхойлох шаардлага бий болсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

-Өрсөлдөөний асуудлаар хийгдсэн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шүүхийн өмнөх шатанд урьдчилан хянан шийдвэрлэдэг байх

-Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор хууль хоорондын уялдаа холбоог хангах, хийдлийг арилгах

-Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болох хөөн хэлэлцэх хугацааг өрсөлдөөний зөрчлийн онцлогт нийцүүлэн Зөрчлийн тухай хуульд заасан нийтлэг хөөн хэлэлцэх хугацаанаас өөр байлгах

-Өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн байгууллагын оноосон нэрийг “Хороо” гэсэн тодотголтой болгож, орон нутагт улсын байцаагч ажиллуулах

-Аж ахуй эрхлэгчдийн нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах харилцааны зохицуулалтыг илүү боловсронгуй, хэрэгжихүйц байхаар олон улсын жишигт нийцүүлэх зэрэг онцлог зохицуулалтыг тусгасан байна.

2. Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Их Хурлаас Патентийн тухай хуулийг анх 1993 онд баталж, 1996, 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2006 онд шинэчлэн найруулсан байна.

Техник, технологийн өндөр хөгжлийг дагаж шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын эрхээ хамгаалуулах ашиг сонирхол идэвхжиж байгаа. Түүнчлэн шинийг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, нэмүү өртөг шигэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэхээс гадна бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах, бизнесээ хөгжүүлэх асуудлыг ихээхэн анхаарах болсон байна.

Улсын хэмжээнд патентийн мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд мэдүүлгийн ихэнх хэсэг нь патент, гэрчилгээ авах шалгуурыг хангаж байгаа судалгаа байна. Тухайлбал 2010-2018 онд шинэ бүтээлийн 1974 мэдүүлгийн 66 хувь, бүтээгдэхүүний загварын 2612 мэдүүлгийн 87 хувьд патент олгохоор, ашигтай загварын 2612 мэдүүлгийн 69 хувьд нь гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол Улс патентийн хуультай ч хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулалгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд хоорондоо зөрчилтэй, түүнчлэн патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсад тогтсон практикт нийцээгүй зэрэг асуудал байгаа ажээ.

Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд:

-Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холботой асуудлыг зохицуулж, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах

-Аж үйлдвэрийн өмчийн эрхийн 3 үндсэн субъект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь зохицуулах

-Мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох, эсэхийг шийдвэрлэх хугацааг хэт богино тогтоосон байсныг өөрчлөх

-Шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжийг бүрдүүлэх

-Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх

-Патентийн харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг тодорхой болгох зэрэг зүйл, заалтууд тусгагдсан байна.

3.    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Зохиогчийн эрхийн салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлт нь технологийн хөгжил дэвшилтэй шууд хамааралтай бөгөөд технологи хөгжихийн хэрээр бүтээлийн төрөл олширч, шинэ нэр томъёо, ойлголтууд бий болж, нөгөө талаас зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломж бүрдэж байдаг нь энэ хуулийн зохицуулалтыг улам нарийн, илүү боловсронгуй болгож байх шаардлагыг бий болгодог.

Зохиогчийн эрхийн тухай хуулийг УИХ 1993 онд баталж, 2006 онд шинэчэн найруулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, хууль бусаар орлого олох явдал эрс өсөн нэмэгдэж байгаа тул зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүсчээ.Хуулийн төсөлд:

-Гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь  бүтээл нийтлэгдсэний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдах

-Үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлах

-Бүтээлийг төлбөргүй болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлууд, “шударга ашиглалт”-ын нөхцөлийг тодорхойлох

-Дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид тодорхой хувийг төлдөг байх

-Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээ авах

-Зохиогч, эрх эзэмшигчийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг зүйл, заалтууд тусгагджээ.


4.  Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл

Төрийн бус байгууллагын тухай бие даасан хууль 1997 онд батлагджээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2019 оны 6-р сарын байдлаар 21040 болсон байна. Түүнчлэн 2017 оны байдлаар Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.

Ийнхүү ТББ-уудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа мэт боловч бэрхшээлтэй олон асуудал хуримтлагджээ. Тиймээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөснийг нэгтгэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  Хуулийн төсөлд:

-Ашгийн бус хуулийн этгээдийн төрлийг Холбоо, Сангийн хэлбэртэй байхаар тодорхойлж, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан

-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг аливаа татварын өргүй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байгуулж болох, хуулийн этгээдийн хувьд төрийн байгууллага, улсын төсөвт болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газраас бусад хуулийн этгээд үүсгэн байгуулж болох бол, гадаад улсын иргэн харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй этгээд байх

-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, ерөнхий менежер, түүнтэй адилтгах албан тушаалтан ажиллахыг хориглох

-Холбоо нь үйл ажиллагаа явуулах хүрээнээсээ хамаарч нийгэмд, эсхүл гишүүддээ үйлчилдэг, харин Сан нь санхүүжилтийн хэлбэрээсээ хамаарч нийтийн болон хувийн сан гэсэн төрөлтэй байх

-Төр болон ашгийн төлөө бус хуулийн этгээлийн харилцаанд баримтлах зарчим, хамтран ажиллах хэлбэрийг тогтоож, улмаар төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тогтоох

-Төрөөс ашгийн төлөө бус хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мөнгөн тусламж, төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулахаас гадна тодорхой чиг үүргийг шилжүүлэх хэлбэрээр хэрэгжих бөгөөд эдгээр дэмжлэгийг тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд олгох зэрэг шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байна.

5.  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

УИХ аж үйлдвэрийн үндсэн объект болох барааны тэмдэг, газар зүйн заалтад эрхийн хамгаалалт олгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг хангах зорилгоор 2003 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг баталж, 2010 онд шинэчлэн найруулжээ.

Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэхэд хүндрэл гарах болсон төдийгүй барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбоотойгоор барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэх шаардлагатай болсонтой холбогдуулж, энхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд:

-Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдээлсэн” бол бүртгэхгүй байх

-Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэх

-Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох зэрэг зохицуулалтууд туссан байна.

6. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Хэлэлцээрт 2019.10.09-ний өдөр гарын үсэг зурсан байна.  

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж байгаа бөгөөд үйлдвэрийн гадна дэд бүтцийн ажлыг 2018 оны 2-р сард эхлүүлж, 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, 3.7 км холбоос зам, төмөр бетон гүүр, нүхэн хонгил болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт бариад байна.

Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж, хөрөнгө оруулалтын зардлыг 1.235.989 сая ам доллар гэж тооцоолсон тул өмнөх хэлэлцээрийн 1.0 тэрбум ам долларын зээлээс гадна 235.989 сая ам долларын санхүүжилт шаардлагатай болсон байна. Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Энэтхэгийн Засгийн газарт хандсаны дагуу дээрх зээлийг олгохоор болсон юм.

Зээлийн хэмжээ нь 236.0 сая ам доллар, хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү нь жилийн 1.75 хувь байх юм.

7. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газартай хамтын ажилагаагаа өргөжүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсоны дагуу 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг 2011 онд, 2 дахь хэлэлцээрийг 2016 онд байгуулжээ. Эдгээр хэлэлцээрүүдийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа тул Австрийн талаас 3 дахь хэлэлцээрийг байгуулахаар санаачилсан байна. Хэлэлцээрт хоёр талын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зураад байгаа юм.

Энэхүү 40.0 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээл нь хүүгүй, хугацаа нь 16-26.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5-12 жил байх ерөнхий нөхцөлтэй юм.

Зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, эрүүл мэнд, иргэний хамгаалалт, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

8. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн дүрмийг 1998.07.18-нд Италийн Ром хотноо баталж, 2002.07.01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Монгол Улс нэгдэн орсон юм.

2010 онд ОУЭШ-ийн Хяналтын бага хурлаар Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг одоогоор 35 улс соёрхон батлаад байна.

ОУЭШ-ийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус өөрчлөлт оруулж, энэхүү өөрчлөлтөөр Монгол Улс хуулиа Ромын дүрэмд заасан нэр томъёотой уялдуулж, нэг мөр болгох ажээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл