Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.12.05) Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд хэлсэн үг

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцогч Та бүхэнд болон Та бүхнээр уламжлан тус аймгийн нийт малчдад Улсын Их Хурлын өмнөөс энэ өдрийн мэнд хүргэж мэндчилж байна.

Монголын өв уламжлал, ёс заншил нүүдлийн соёл иргэншлийг уламжлан авч яваа Арын хангайн нутгийн малчин Та бүхэнтэйгээ уулзаж халуун дулаан сэтгэл, шинэ эрч хүч мэдэрч байгаадаа баяртай байна.

Монголын үндэсний баялаг бол монгол малчин, монгол мал гэдэгт итгэдэг. Миний аав 1992 оны Үндсэн хуулийг батлахад “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэдэг үаалтыг тухайн үеийн хоршоологчдын бүлгэм буюу нэгдлийн дарга нар, малчдын төлөөлөлтэй хамтарч оруулсан. Тэр үед мал эмнэлэг, эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй бол Монголын шилжилтийн хамаг хүнд бэрхшээлийг дааж гарсан. Ийм учраас Улсын Их Хурал, гишүүд манлайлж малчдынхаа төлөө, мал аж ахуйг хөгжүүлэх олон хуулийг санаачлан баталж байна.  

Төр хүнд, ёс чанга байсан үеийг бодвол төр шилэн болж, нийгэм ардчилж Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод болсноор алдаа оноо, шүүмж, магтаал аль алиныг нь дагуулдаг. Гэхдээ нэг хоёр хүний засаглалыг бодвол парламент олонхоороо хэлэлцэж, “Бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг зарчмаар ярилцаад ард түмнийхээ төлөө шийдвэрийг гаргаж чаддаг.

Үүний нэг том нотолгоо нь саяхан хийсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Энэ бол ард иргэдийнхээ төлөө “Дээрээ суудлаа олж, доороо гүйдлээ олох” том өөрчлөлт болсон. Ирэх 30 жилийн улсаа хөгжүүлэх шинэ чиг хандлага, зам мөрийг гаргасан чухал өөрчлөлтийг Улсын Их Хурал хийж чадсан. Ингэснээр аймаг, сум орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, сум хот, тосгон болж хөгжих, аймгийн төв хот болж хөгжих эрх зүйн үндэс тавигдсан. Хөдөө орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдсэн.

Хөдөөгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар Улсын Их Хурал олон чухал хуулийг батлан гаргаж, санаачлагатай ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Үүнээс зөвхөн аравхан жишээг онцлон танилцуулъя.

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар наашлууллаа. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж, мөрдөж байна.

Хоёрдугаарт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж тэтгэвэр авах боломжтой болно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Улсын бага хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсад олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа.

Дөрөвдүгээрт, 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн санг 8 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ.

Тавдугаарт, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хуулиар манай орны хүн амын дунд элбэг байгаа хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Хэн ч байсан өвдсөн хойноо эмчлүүлэх бус, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөж байна.

Зургаадугаарт, Малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэг, урамшууллын арга хэмжээг зохион байгуулж байна. Малчдын бэлтгэсэн ноос, арьс шир, сүүний урамшуулалд 2019 онд 37.4 тэрбум төгрөг олгоно. Эдгээр урамшуулал 2020 онд ч үргэлжилнэ.

Долоодугаарт, Сүүлийн жилүүдэд малын шүлхий өвчин гарч, хүн, малын хөдөлгөөнийг хорьж, улсад ч, малчдад ч ихээхэн бэрхшээл, хохирол учруулж байлаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог бие даалган зохион байгуулсан. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд улсын төсвөөс олгодог зардлыг нэмэгдүүлж, аж ахуй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шүлхий өвчнөөс сэргийлж чадлаа. Бидний бага залуу үед хийдэг байсан малын хамуу, паразит өвчнөөс сэргийлж мал угаалгын ажил мартагдаад байсан ажил Архангай аймагт эрч хүчтэй сэргэж байна. Энэ нь малд ч, малчдад ямар ач холбогдолтойг Та бүхэн мэднэ.

Наймдугаарт, Малын тооны хойноос хөөцөлдөж, чанарыг анхаарахгүй байсан цаг саяхан. Малын генетик нөөцийн тухай хууль баталсан. Хөдөөгүүр явж байхад малын чанарыг сайжруулах чиглэлээр малчид анхаарч эхэлсэн байгаа нь ажиглагдаж байна. Малын чанарыг сайжруулна гэдэг нь малын чанарын үзүүлэлт, нэг малаас ашиглах мах, сүү, түүхий эдийн хэмжээ, үржлийн ажлын бүртгэлээс эхэлнэ. Ингэж байж чанар сайтай цөөн малаас малчдын олох орлого нэмэгдэнэ. Мөн өндөр ашиг шимт малыг хот суурин газрын ойролцоо, тариалангийн бүс нутагт хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна.

Есдүгээрт, Сүүлийн 3 жилд сумдад ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, эмнэлэг, соёлын төвүүдийн барилгыг барьж байгуулах, засварлаж тохижуулахад онцгой анхаарч ажиллалаа. Энэ ажил 2020 онд ч үргэлжилнэ. “Сумын төвийн шинэчлэл”-ийн бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлж, бүс тус бүрээс нэг сумыг хамруулна.

Аравдугаарт, Малын тоо өссөн нь бэлчээр талхлагдах, цөлжих сөрөг үр дагаварыг бий болгож байна. Бэлчээр ашиглах, хамгаалах талаар хуулийн төсөл боловсруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа ч нэг мөр улсын хэмжээнд энэ асуудлыг цэгцлэхэд хүндрэл учирсаар байна. Бэлчээрийн тухай хуулийг ойрын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авна. Бэлчээрээ зөв хуваарилдаг, мал малладаг айлын мал хулгайд алдагддаггүй.

Уул уурхайн технологийн бус, хууль бус үйлдвэрлэл, үйлдэлтэй тэмцэх талаар Засгийн газраас олон талт арга хэмжээ авч, илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байна. Энэ нь байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг нэмэгдүүлэх талаар малчдаас гаргасан гомдол саналыг барагдуулах нэг ажил болж байна.

Арваннэгдүгээрт, Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг төсөлд “Хулгайлах” гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын зарим гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэж малчдын өмнө тулгарсан малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчинг чангатгах болно. Өнчин ишиг хулгайлсан ч ял ногдуулдаг болно.

Аравхоёрдугаарт, Малчдын хөдөлмөр нь өрхийн, гэр бүлийн, ах дүүсийн зэрэг олон хэлбэртэй. Үүний зэрэгцээ малчид хөдөлмөрөө хорших замаар хоршоо байгуулж ажиллах нь илүү зохимжтой байгаа юм. Манайд нэгдэл гэж байсан нь малыг нийгэмчилж малаа төрөлжүүлэн малладаг хоршооллын удирдлагын хэлбэртэй систем байлаа. Малчид хөдөлмөр, зохион байгуулалтаа хоршооны зарчимд шилжүүлж ажиллавал хүн хүч шаардсан бүхий л ажлаа хоршин хэрэгжүүлнэ. Мөн мал, мах, ноос түүхий эд, сүү цагаан идээгээ хоршин хоршоогоор дамжуулан гэрээгээр худалдаалдаг, нийлүүдэг болж болно. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Хоршооны үндсэн зарчим бол малчид сайн дураараа нэгдэн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөдөлмөр, орлогоо хувь тэнцүүлэн хуваах бөгөөд ашгийн бус байгууллага юм. Хоршоог дээрээс захиргааны аргаар байгуулж болдоггүй. “Цуварч явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг ардын үг байдаг даа.

Танай зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл