Цэс

Холбоо барих

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ, ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ, НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын

                                                                                                                               гишүүн Х.Тэмүүжин

 

            Эдийн засгийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүдээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11, 25.12 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хороо 2015 оны 02 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг

Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд бизнесийн салбарын аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, зөвшөөрөл олгох нөхцөл журмыг тодорхой, ойлгомжтой болгох, төрийн байгууллагын хүнд суртал, авлигыг багасгах зэрэг давуу талууд олон байгаа хэдий ч тусгайлан бие даасан зохицуулалт шаардлагатай, хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журамтай холбоотой зөвшөөрлийг энэ хуулийн төсөлд тусгасан нь буруу гэж үзлээ.

            Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд бизнесийн салбарын зөвшөөрлийг хүн амын аюулгүй байдал, иргэдийн хэв журмыг хангахтай холбогдуулан олгодог зөвшөөрлүүдээс ялгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хувь хүнд олгох мэргэжлийн лицензийг бизнесийн зөвшөөрлөөс салгах, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг яаралтай хуульчлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан зөвшөөрөл олгох эрхийг орон нутагт шилжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж тусгай зөвшөөрөл, бүртгэл хоёрыг салгаж ойлгох шаардлагатай байгаа зэрэг саналыг тус тус хэлсэн болно.

            Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Байнгын хороодын гишүүд тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай ачаа тээвэрлэх, шашин, сүм хийдийн  байгууллагуудын салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хувийн хамгаалалт болон гэрээт харуул хамгаалалттай холбоотой зөвшөөрлийн асуудлыг нарийвчлан боловсруулж, саналаа ирүүлэх, түүнчлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг Хууль зүйн яаманд үүрэг, чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.           

            Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн.

            Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тус Байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 9 саналыг Та бүхэнд хүргүүлсэн болно. 

            Эдийн засгийн байнгын хорооны эрхэм гишүүдээ, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

            Анхаарал тавьсанд баярлалаа,

 

 

                                    ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

                                    ХОРООНЫ ДАРГА                                     Д.ГАНБАТ  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл