ТОЙМ:Улсын Их Хурал – Энэ долоо хоногт
(2019.08.05-09)
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа
үзүүлэх чиг үүрэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар
сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын дэд хэсгийн ахлагч
нар зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолохоор хамтран хуралдав.
2019.08.05. http://parliament.mn/n/1zjy
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 30 дахв дугаар хэвлэгдэж гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж төсвийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж гадаадын хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт чиглэгджээ.
Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. 2019.08.05. http://www.parliament.mn/n/uxjy
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчтай хамтарч хуралдав.
Хамтарсан хурлаар Монгол Улсын Үндсэн оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх саналын томьёоллуудын хувилбаруудтай танилцаж, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцаж, байр сууриа хуваалцлаа. 2019.08.06. http://parliament.mn/n/19jy
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн зарим сум буюу Улсын Их Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар тайлбарлан таниулж, саналыг нь сонсож ярилцлаа.
Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонссон юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа.
Уулзалтын үеэр Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар Улсын Их Хурлын даргаас асууж тодруулан, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байлаа. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочилж аж амьдрал, эрхэлж буй үйл ажиллагаатай нь танилцав. Улсын Их Хурлын даргыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар, үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн тэмцээн зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн байгууллагууд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлсэнд иргэд ихэд талархаж байв. 2019.08.06. http://www.parliament.mn/n/u8jy
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг хамтарч хуралдав.
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон байна. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтжээ. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгааг Ө.Энхтүвшин дарга хэллээ.
Ингээд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав. Зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулахаар болов. 2019.08.08. http://www.parliament.mn/n/uujy
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийж, энэ талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
Энэ хооронд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлыг эцэслэхээр ажиллаж байна.
Улмаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг нэгтгэн хэлэлцэж шийдвэрлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм. 2019.08.09. http://www.parliament.mn/n/uzjy
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс