Цэс

Холбоо барих

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдэд хэрхэн тусгасан талаар танилцуулга хийлээ


    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.25) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулгаар үргэлжиллээ. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот” гэж заасан байдаг. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд үүнийг 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргүүдийг хороонд хувааж болж өгнө гэж өөрчилсөн гэж байлаа. Үүний үндэслэл шалтгаан нь хэрэв Хархорум хотыг нийслэл болгон шилжүүлэхээр болбол Үндсэн хуульд Улаанбаатар гэж нэр заасан учир уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх учир тухайлсан нэр заах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзсэн гэв. 

    Мөн  Үндсэн хуульд Монгол Улсын  нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байсныг өөрчилж хот гэдэг статусыг нэмэхийг Ерөнхийлөгч санал болгосон гэж байлаа. Өнөөдөр Эрдэнэт, Дархан-Уул аймгууд, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам 300 гаруй мянгаас хол давсан тул Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын хөгжлийн цаашдын асуудлыг зохицуулах шаардлагатай гэж байлаа.



Үүнтэй уялдуулан  Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар  “Нийслэлийн хот” болон Аймгийн хэмжээний хотын ялгаа, онцлог байдлыг тусгайлан зохицуулах, тус хуулиар нийслэлийн хотын дүүрэг нь хорооны зохион байгуулалтад зохицуулалт хийж, хороонд хувааж болно. Аймаг нь хотоосоо, сум нь дүүргээсээ ялгагдах онцлогтойг харгалзан Аймгийн эрх зүйн байдлын тухай хууль, Сумын эрх зүйн байдлын тухай хууль, Дүүргийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тусад нь батлах асуудал гарна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлж байлаа. 
    Түүнчлэн төслийн 57.3.-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн өөрчлөлтийг хийхээр тусгасан. Өмнө нь энэ асуудлыг нутгийн Иргэдийн хурал, иргэдийн саналыг үндэслэдэг байхаар Үндсэн хуульд зохицуулж иржээ. Ерөнхийлөгчийн хувьд 21 аймаг, 330 сум нь нэгдмэл улс, нэг үндэстэн тул Үндсэн хуулийн дээрх заалтаас улбаалан өнгөрсөн 27 жилийн хугацаанд нэг ч хот бий болсонгүй. Өнгөрсөнд Орхон, Дархан-Уул аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөхийн тулд Булган, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Хурал, иргэдээс санал авах гээд олон жилийг өнгөрүүлсэн бол одоо  асуудлаа Засгийн газартаа тавьж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм гэж тайлбарлаж байлаа. 


    Дараа нь Улсын Их Хурлын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Тэрбээр танилцуулгынхаа өмнө Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хөндсөн багц сэдвийн дундаас хамгийн ярвигтай, эцсийн хариу нь гардаггүй нь орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоо, тэр дундаа хотын асуудал байсныг онцолсон. Монгол Улс яагаад хоттой байж болдоггүй юм бэ гэсэн асуултыг тавихаар иргэд, судлаачдын санал, байр суурь үргэлж зөрүүтэй байдаг. Өмнөх парламентын гишүүдийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарт Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гэж нэр зааж өгсөн байдаг. Бид шинэ хот бий болгох үүднээс нэр заалгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тусгаж өгсөн гэж байлаа. 




    Үргэлжлүүлэн АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо Улсын Их Хурлын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. 


    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын 13.1. 57.1, 59.3 60.4 дэх заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ засч сайжруулах, анхаарах зүйл байна гэж байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төслийн 13.1.-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот  нь дүүрэгт хуваагдана гэж тусгасанд төрийн дээд байгууллагууд бус парламент нь байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзнэ гэж томьёолох нь зүйтэй гэж үзэж байв. Учир нь  нийслэл хот  шилжих, хот тэлэх нөхцөлд төрийн дээд байгууллагууд өөр газар, нутагт оршин байх тул парламент нь оршдог гэж  томьёолох нь зүйтэй гэж байлаа. Мөн 59.3-т Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг 5 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчдийн олонх Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компанийн захирал болж, засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, Засаг даргаа хамгаалагч болж хувирдаг. Иймд аймаг, сумын Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг төрд ажиллуулах хязгаар тогтоож өгөх нь зүйтэй гэдгийг онцолсон. 

     Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, парламентад нийслэлээс сонгогдсон гишүүдийг төлөөлж “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэгт  оролцогчдод хандан үг хэллээ. 


    Тэрбээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх хоёр жилийн хугацаанд дүүрэг, хороо, хэсэгт очиж иргэдтэй уулзсан. Зөвлөлдөх санал асуулга, Засгийн газраас хийсэн судалгаагаанаас харахад ч хүн амын 70-80 хувь нь нутгийн удирдлагын тогтолцоо, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Нийслэлийн нэг дүүрэг 334, Чингэлтэй дүүрэг гэхэд 34, тус дүүргийн 7-р хороо 14 мянган хүн амтай байж жишээтэй. Гэтэл Монгол Улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймаг гэхэд 134 мянга, Говьсүмбэр аймаг 17 мянган хүн амтай байна. Бидний мөрдөж байгаа хуулиар аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй, хороог багтай адил хэмжээнд эрх зүйн түвшинд авч үзэж байна. Энэ нь цаашдаа улс орны хөгжил, хүн амын нягтширалтай холбон үзэхэд хөгжих бололцоогүй байгаа юм. Иймд өөр түвшинд авч үзэх шаардлага гарч байна гэдгийг онцолж,  төлөлөөгчдөд хандан хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож,  төсөлд үнэтэй санал оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. 


    Дараа нь Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үг хэлж, улс төрийн 33 намын байр суурь,  саналыг нэгтсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл