Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.08.12-16)

    

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    УИХ-ын дарга Г.Занданшатар  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гээд Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


    Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа элэгний өвчлөлийн суурь шалтгаануудын нэг нь архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг учраас хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг эмч нар уулзалтын үеэр хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас архи, тамхины асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ. 1992 оноос хойш төрсөн бүх нярайг вакцинжуулж эхэлснээр элэгний В вирусийн халдвартай хүний тоо эрс буурсан. Харин 40-өөс дээш насныхны дундах өвчлөл их байгаад анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр парламентын зүгээс ойрын үед анхаарч ажиллана гэлээ. 2019.08.12. http://www.parliament.mn/n/wdjy

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.08.13) Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өргөн мэдүүлэв.

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хариуцан ажиллаж байна.

    Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 

    Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ. 2019.08.13. http://www.parliament.mn/n/w8jy

    

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг өгч буйгаа хэллээ.

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас Ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах талаар  Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна.

    Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын  хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Энэ асуудлыг Ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.


    Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналуудыг АН-ын зөвлөл дэмжиж, санал нэгдэж байгаа гэж ойлгож болох уу гэдгийг АН-ын зөвлөлийн даргаас тодруулахад тэрбээр, ер нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр үнэхээр сонгодог парламентаа төлөвшүүлье гэвэл сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж, хэдэн гишүүнтэй байх, цаашдаа улс орны хөгжил ямар байх,  20-30 жилийн цаадахыг харъя гэвэл энэ тоон дээрээ тулгуурлаж, Улсын Их Хурал өөрөө ярилцах байх. Ажлын хэсэг дээрээ ч юмуу, зөвшилцийн ажлын хэсэг дээрээ ч юмуу, сайн нягталж ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлэв.

    Эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна.

    2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна. 

    Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй байна гэв. 2019.08.13.  http://www.parliament.mn/n/wmjy


    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 31 дэх дугаарт “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.

    Монгол Улсын Их Хурлаар 2015 онд баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-ийн хэрэгжилтийн хугацаа 2018 онд дууссан тул Өрийн удирдлагын тухай хуулийн 14.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн баримт бичгийг боловсруулж, тухайн төсвийн жилийн дунд хугaцааны төсвийн хүрээний мэдэгдлийн хамт гурван жилд нэг удаа Төсвийн тухай хуулийн 8.1-д заасан цаглабрын дагуу батлуулна” гэж заасныг үндэслэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлах шаардлага үүссэн аж.

    Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг нь Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, тухайн төсвийн жилд шинээр үүсгэх зээллэгийн төлөвлөгөө, өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тооцоолох бөгөөд шинээр үүсгэх аливаа өр нь стратегийн баримт бичигт нийцсэн бай ёстой юм.

    Мөн дугаарт “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг шинэчлэн баталсныг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ. 2019.08.13. http://www.parliament.mn/n/wujy


    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн нийтлэг үндэслэл болох хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлж, соёлын тухай хууль тогтоомж, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, зарим нэр томъёог жигдэлжээ. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, соёлын байгууллагын чиг үүрэг, удирдлага, үндэсний соёлын байгууллага, соёлын  байгууллага, соёлын ажилтны эрх, үүргийг зааж, соёл, судлал, соёлын боловсрол олгох зохицуулалтыг тусгасан байна. Соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, үндэсний зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ.

    Мөн соёлын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч соёлын эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг уран бүтээл туурвих, түүнээс олсон нийт орлого нь санхүүжилтийн гол эх үүсвэр болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дахь хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хариуцлагын асуудлыг  тусгасан байна. Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 2019.08.16. http://www.parliament.mn/n/i8jy


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл